Чабу агайгийн сээгийнээс үүдсэн бээгий

Блогт минь зочилж байгаа хүн бүрийн сэтгэгдлийг би анхааралтай уншиж үздэг. Зарим хүн сэтгэгдэл, хандалтынхаа тоог өсгөх гэж оролдож байна гэж шүүмжилдэг ч би тоодоггүй. Хэн нэг хүн миний бичлэгийг цаг зав гарган уншиж бас сэтгэгдэл үлдээсэн бол би ч гэсэн цаг зав гарган хариуг нь өгөх ёстой гэж боддог юм. Зарим хүний сэтгэгдэл их олон зүйлийг бодогдуулдаг. Одоогоос яг нэг жилийн өмнө Чабу миний "Өтөл насны ганцаардал" нэртэй өгүүллэгийг уншаад "Хажуу өрөөнд минь амарч байгаа бүсгүйд их санаа зовж байна. Эмэгтэй хүн ганцаардахаараа хэцүү. Би хүүхдүүддээ ээжийгээ хэзээ ч битгий эмээ гэж дуудаарай гэж захисан" гэсэн сэтгэгдэл үлдээсэн байж билээ. Энэ хүний үг бүтэн жил цээжинд минь хадаатай явсан юм. Хүн зарим хүний үгийг сонсож дуусаагүй байхдаа мартдаг. Харин ухаантай хүний үг үргэлж цээжинд явдаг гэж боддог юм. Тиймээс Чабугийн сэтгэгдлээс үүдсэн бяцхан өгүүллэг бичих гэж оролдлоо. Тэр хүний сэтгэлд байсан зүйлийг бүтнээр нь гаргаж чадаагүй л байх. Сураг алдарсан тэр хүний үг олон хүнд хүрээсэй гэж бодлоо.

Хүний хань

Цээжинд нь баяр бас жаахан гуниг хурчихаад салж өгөхгүй зовоож байгааг тэр мэдэрч байсан ч чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй баахан тамхи татаж суув. Бараг гучин жил татаж байгаа тамхины утаа анх удаа түүнд гашуун санагдахад саяхан асаасан тамхиа үнсний саванд нухчин хаяад цонхны дэргэд очлоо. Саяхан л инээд алдан гарч гүйсэн охин нь байрны дэргэдэх саравчинд үл таних хархүүтэй хамт их л чухал зүйл ярьж байгаа бололтой гараа савчина. Одоо ч “Нүд нь гялалзан, дуу нь чангарч, яг л дайнд ялсан баатар шиг эрэмгий байгаа даа” хэмээн тэр охиноо өхөөрдөн бодож амжив. Дэргэд нь зогсох өндөр туранхай, цагаан залуу гараа сунган охиныг нь гар дээрээ өргөж, уруул дээр нь үнсэхийг хараад “Мань хүн ч хэргээ бүтээжээ. Харин би яаж тэр хэцүү давааг давна” хэмээн бодсоор цонхноосоо холдов. Үнэндээ тэр саяхан л бөөн даавуун дотор хэвтэж байсан алгын чинээ улаан нүүртэй, нярай жаахан охиноо ийм том болсон гэж төсөөлж ч байсангүй.

Саяхан л мэт санагдавч хорин гурван жил өнгөрчихөж. Нямаа охинтой болсон тэр өдрийг эргэн санав. “Охин, миний охин” гэсэн бодол толгойд нь эргэлдэж, хэдхэн хананы цаана байгаа дөнгөж төрсөн нярай охиныг ямаршуухан царай зүстэй бол гэж төсөөлөн бодохыг оролдож, бас хажуунаас нь салмааргүй санагдаад болдоггүй. Нямаа төрөх эмнэлгийн үүдэнд суусаар... Эхнэртээ цай хоол авчирч өгөхөө ч бараг мартчихсан байж билээ. Гэртээ ирсэн тэр өдөр эхнэр нь балчир жаахан охиноо хайр дүүрэн нүдээр өхөөрдөн харж, “Хэтэрхий жижигхэн байгаа биз. Би үнсэхээс ч айгаад байгаа юм. Үнэрлэж л үзсэн” хэмээн зориг муутайхан хэлэхэд Нямаа орон дээр үнэгчлэх улаан нялцгай охиныг гар дээрээ өргөж, энгэртээ нааж байгаад хацарт дээр нь чанга үнсэж билээ. Эхнэр нь сандарч “Хүүе. Жаахан аяархан л даа” хэмээн дуу алдахад л үнсэхэд хүртэл хайран, бас эмзэг амьтан түүний өвөр дээр байгааг сая л мэдэрч билээ.

Хаалга торхийн онгойж, эхнэр нь орж ирэв. Халуун наранд өндөр өсгийтэй гуталтай явсаар хөл нь бадайрч, чинэж өвдсөн нь илт. Нямаа “Жаахан намхан өсгийтэй юм өмсөөч” хэмээн хэлэх гэснээ хэлээ хазлаа. Тэр анх эхнэртэйгээ танилцаж байхдаа л “Гоё хөлтэй охин юм даа” хэмээн бодож байснаа санав. Нарийнхан хэрнээ шулуухан, яг л зээрийн шилбэ шиг эмзэг харагддаг байсан тэр хөл өнөөдөр бүдүүрч, том том хөх судас гүрийжээ.

Нямаа хүйтэн цай аягалж, ширээн дээр тавихдаа

-Халуун байна шүү хэмээн тал засан хэлбэл эхнэр нь инээмсэглэж

-Шатааж алах гэж байна. Шарах шүүгээнд орсон тахиа л ингэж зовдог байх даа хөөрхий хэмээн хөгжилтэйгээр хэлээд инээд алдав. Эхнэр нь хаагуур явснаа, хэнтэй уулзснаа эцэс төгсгөлгүй хурдан, хурдан ярьж, байн байн инээд алдана. Яг л түүнтэй анх танилцаж байсан хөгжилтэй, жаахан бүсгүй яг л хэвээрээ. Түүн рүү эрхлэнгүй харж, магтаалын үг хэлэхэд нүд нь гэрэлтдэг, дүрсгүй ч юм шиг тэр бүсгүйтэй хорин найман жилийг хамтдаа элээж байгаа ч Нямаа ганц удаа уйдаж, залхаж байсан удаагүй. Үргэлж л шулганаж, байн байн инээд алдаж, хааяа уурлахаараа дуугаа хураах гэж байдгаараа хичээдэг ч тэвчиж чаддаггүй энэ бүсгүйд тэр нэг удаа “Чи миний амьдралдаа хийсэн хамгийн том, хамгийн зөв хөрөнгө оруулалт байсан юм шүү” гэж хэлээд хачин их гомдоосноо гэнэтхэн санав.

Насны эрхээр жин нэмж байгаа ч толиотой өтлөж байгаа эхнэрээ хараад Нямаа дахиад л бодлогоширлоо. Түүний сэтгэл тавгүй байгааг эхнэр нь сая л анзаарав бололтой.

Яасан. Бие чинь зүгээр үү. Эмээ уусан уу? хэмээн намуухан хэлбэл Нямаа

Зүгээрээ хө. Чи охидууд руу залга. Өнөөдөр би хоол хийнэ. Эрт ир гэж хэлээрэй гэснээ гал тогооны өрөө рүүгээ оров. Эхнэр нь санаа нь зовсон бололтой. Араас нь орж ирснээ

Найз нь хоол хийчихнээ. Чи жаахан амар л даа хэмээн царайчлангуй хэлэхэд Нямаа

Цаадуулыгаа эрт ир гэж хэлээрэй гэснээ дуугаа хураав. Түүний зөрүүд занг мэдэх эхнэр нь дахиж юм хэлсэнгүй. Өрөөндөө орж, хаашаа ч юм утсаар ярин чанга чанга инээнэ. Эхнэрийнхээ инээд алдахад Нямаа хачин их дуртай.

Нямаа гараа гарган хоол унд бэлтгэв. Охидууд нь аавын зарлигийг аль эрт ээжээсээ сонссон учраас уван цуван орж ирж, гал тогооны өрөө рүү шагалзана.

Аав та ямар хоол хийх гэж байгаа юм. Би туслах уу? хэмээн охиноо зориг гарган хэлэхэд Нямаа

Хэрэггүй. Наад гараа угаа хэмээн зөрүүдлэв.

Үнэндээ түүнд эхнэртээ их л том ял үүрүүлж байх шиг санагдаад нэг л болдоггүй. Түүний залуу нас, бас бүхий л эрч хүчийг Нямаа гэдэг энэ өрх айл сорж авсан. Одоо л үр хүүхэд өсөж, эхнэрийнх нь нуруун дээр байсан ачаа хөнгөрч, сэтгэл санаа нь өнгө орон гялалзаж эхлэж байгаа энэ үед түүнд эмээ гэдэг нэр зүүж өгөх нэг л хайран санагдаад байлаа.

Нямаа хичээнгүйлэн ширээ заслаа. Охидууд нь аавынхаа хийсэн хоолыг хараад дуу алдаж, эхнэр нь гайхаж байгаа нь илт.

Хөөх өнөөдөр ямар нэг баяр болсон юм уу? хэмээн түүний нүүр өөд харан инээмсэглэв. Нямаа ялимгүй хулмалзснаа

Тиймээ. Том баяр болж байгаа. Манайх удахгүй бүл нэмнэ хэмээн зориг гарган хэлбэл бага охин нь час улайж, ширээ ширтэн нам болохыг эхнэр нь сая л анзаарав.

Сонин хүүхэд ш дээ. Надад юу ч хэлээгүй байж, аавдаа л хэлсэн байгаа юм даа хэмээн гомдонгуй дуугарснаа таг болов. Нямаа

Та нар өсөж, том болж байна. Бүгд үр хүүхэдтэй болно. Нямаагийнх гэдэг айл бүл нэмж, ач, зээ нараа хүлээж авна. Сайхан зүйл. Гэхдээ би та нарт нэг л зүйл хэлэх гэсэн юм. Хэзээ ч ээжийгээ “Эмээ” гэж дуудаж болохгүй. Үр хүүхэддээ ч гэсэн захиж, сургаарай. Би энэ хүний залуу насыг хамт үрэлцэж, ээж, эхнэр гэдэг нэр зүүж өгсөн. Энэ л хангалттай. Харин үлдэж байгаа цөөхөн насанд нь эмээ гэдэг нэр зүүж өгмөөргүй байна. Харин намайг өвөө гэж дуудахад дургүйцэх зүйл алга гэж хэлээд инээмсэглэв.

Өдөржин түүний цээжинд зангирч байсан баяр гуниг хоёр харин одоо эхнэрийнх нь нүднээс хайр, энэрлийн нулимс болон тасарч унахыг Нямаа харж байлаа.

0 Сэтгэгдэлтэй: