Чамайг зурлаа

Хагдрахаа мэдэхгүй яарч ургадаг хаврын хөх яргуй шиг
Хэврэгхэн залуу насаа зургийн дэвтэр мэт дэлгэж
Хэзээ ч үл дундрах дурсамжуудаа бийр болгон гартаа барьж
Хичнээн их асгарсан ч хэмжигддэггүй нулимсаа будаг болгон ашиглаж
Чамайг зурлаа
Халуухан үнсэлтийг чинь хагдарч унасан навчистай адилтгаж
Хайр гэж доод талд нь сэтгэл догдлон бичлээ
Хачин гунигтай харцыг чинь намар оройн бороотой зүйрлээд
Хагацал гэж нулимс дуслуулан хажууд нь сийлж үлдээлээ
Хэтэрхий богинохон хэрнээ сэтгэлээс хэзээ ч үл арчигдах
Хөөргөн дэвэргэн тэр өдрүүдийг аянч шувуудын далавчинд дайж
Навчсаар шуурах намрын ой шиг сэтгэлдээ хурсан гунигийг цуглуулж
Намайг мартаж чадаагүй тэр л бүсгүйг тодоос тод зурлаа
Эхлэл, төгсгөл, үргэлжлэл энэ зурганд байхгүй
Итгэл хүсэл, мөрөөдөл ч бас байхгүй
Зүгээр л дурсамж болон хөврөх зурагны зүүн доод буланд
Зүггүй залуу нас гэж тас хараар бичээд нулимсаа арчлаа

0 Сэтгэгдэлтэй: