Шүлэг бичих

 
Ай даа, шүлэг бичих...
Амьдрал чинь шүлэг л мэт сэтгэж явна гэдэг үү?
Чи тэр чигээрээ эгшигт хайрцаг
Цээж чинь заримдаа хийл, баргил бишгүүр, төгөлдөр хуур...
Зүрх чинь хааяа бөмбөр, бүрээ, бүр шагшуур хөгжим ч тэр болно
Гайхалтай нь энэ бүхнээс нэг нь л юугаар ч юм илүү байх вий...  /чамайг ч, бусдыг ч тэр автуулах вий, татах вий/
Гарцаагүй ээ, чи бол тэр л хөгжим, эгшиг нь чи...  /гаслант хийл юм гэж харин би өөрийгөө таньдаг/

Ай даа, шүлэг бичих...
Амраг мэт түүнтэй энэ насаараа ханилна гэдэг үү?
Алганаас чинь бороо дусдаг хийгээд шүүдэрт өвсөд тэнд сэрвэлзэж байдагт итгэх
Амь чинь хааяагүй оршиж, чи салхи, цэцэг, мод, сар хийгээд ус мөн гэдэгтээ үнэмших
Хэмжээлшгүй сайхнаар цогцолсон ертөнцийн тухай бясалгах
Хэтэрхий уйтгараар гэрэлтэх, шаналах тоолондоо ариусах
Үхлийн тухай энгүүхэн бодох, үзэг чинь ердөө л чиний нэг эрхтэн мэт сэтгэх
Үргэлж ганцаардах, ямагт ганцаардах, эгнэгт ганцаардах...

Ай даа, шүлэг бичих...
Агаар мэт түүгээр амьсгалж явна гэдэг үү?
Хүн төрлөө заримдаа умартаж, шувуу мэтээр өөрийгөө сэтгэхүй
Хүчирхэг араатан мэт болчихоод гутамшигт ахуйг тасчин хаяхуй
Базаж хаясан ноорог, дутуу шатсан шүлэгний мэгшээн дунд
Байж ядтал өвдөх зүрхээ базлан базлан дуслахуй, дуулахуй
Бясалгахуй, тайтгарахуй, баярлан цэнгэхүй, гутран цөхрөхүй минь юм
Балмагдмаар хамгийн үнэн нь түүнгүйгээр, тиймээ тийм,  шүлэг үгүйгээр
Байж /оршиж/ чадахгүйгээ хүлцэнгүйгээр мэдрэхүй юм ...

0 Сэтгэгдэлтэй: