Хайрын зул бөхдөггүй /3-р хэсэг/



Маргааш нь Хишигээ хичээлдээ иртэл түүний хажууд суудаг хүү урд нь Шинээгийн байранд сууж харагдав. Угаасаа л оюутнууд арван жил шиг яг тогтсон ширээ суудал гэж байхгүй болохоор Хишигээ ч нэг их юм бодсонгүй.Тэрээр нүдээрээ Шинээг хайтал харагдахгүй болохоор нь ирээгүй юм байна хэмээн бодохын сацуу сэтгэл нь гонсойн яагаад ч юм дуугаа хураан чимээгүйхэн сууж байтал Шинээ нь гаднаас орж ирээд шууд Хишигээгийн хажууд суучих нь тэр. Хишигээ баярлахын ихээр баярлан нүүрэндээ инээмсэглэл тодруулан угтаж авлаа.

За сайхан амарсан уу?

Сайхан гайхалтай сайхан амарлаа

Би энд суухаар болчихсон болно биз дээ хэмээгээд инээмсэглэвэл Хишигээ хариу инээмсэглээд толгой дохив. Гэтэл Шинээ гаран дээр нь гараа тавин хариу инээмсэглэх агшинд тэдний ангийн ихэд хөдөлгөөнтэй хүү болох Хөлөгөө харчихав.

Өө за за мань хоёр бүжиглээд байсан бүр иймдээ тулсан юм биз дээ ха ха

Юу нь болохгүй гэж хэмээн Хишигээ сөргүүлэн асуувал

Болохгүй юм ч байхгүй л дээ. Хөөрхий Шинээ ингээд хотын хөөрхөн охины занганд орчих гэж

Тэр чинь юу гэсэн үг вэ?

Та мэдээд дэмий биз дээ хатагтай тайван, тайван гээд сандалдаа очин суучихав. Хишигээ уур нь хүрэн босох гэтэл Шинээ түүний гараас атгаад нүдээрээ хэрэггүй хэмээн дохилоо. Хишигээ Хөлөгөө рүү муухай харчихаад буцан суудалдаа суувал Шинээ инээмсэглээд гараа аван цүнхнээсээ дэвтэрээ гаргаж ирэв. Хишигээ үнэхээр тайвширч чадахгүй байлаа. Угийн шартай юм болохоороо бүр тэгэхээс тэгэх гэж Шинэбаярын мөрийг дэрлэн багшийгаа хүлээн сууна. Ангийх нь хүүхдүүд тэднийг харсан ч дахин өөр хэн ч юу ч ярьсангүй.

 
Энэ өдрөөс хойш Шинэбаяр, Хишигжаргал хоёр үерхэж эхлэв. Шинээ хичээлээ тараад Хишигээг гэрт нь хүргэж өгөөд аав ээжийг нь ирэхийг дөхүүлж байгаад явна. Хишигээ нэг өдөр түүндээ хандан

Шинээ чи надад хайртай юу?

Тиймээ хө яасан?

Чи надтай гэрлэсэндээ хэзээ ч харамсахгүй байж чадах уу?

Тэгэлгүй яахав дээ хө. Яагаад гэнэт ийм юм асуугаад эхлэв хэмээгээд өнөөх л зөөлөн инээмсэглэлээрээ инээмсэглэвэл Хишигээ санаа алдаад

Би шийдсэн. Тиймээ би чиний эхнэр болохоор шийдсэн. Өдрийн ихэнхи цагийг хамтдаа өнгөрөөдөг ч би чамайг явчихаар маргааш уулзах хүртлээ санаад байна ойлгож байна уу? хэмээгээд нүдэнд нь хөнгөн уйтгар төрөн, нулимс цийлэлзээд ирэв. Шинээ түүнийхээ нулимсыг арчин биедээ наан тэврээд

Тиймээ би ч гэсэн чамайгаа маш ихээр санадаг. Хэдий тийм ч би чамд халдаж чадахгүй хэвээрээ л байна. Надад ямар бусад шиг сайхан үг хэлчих авъяас байгаа биш. Тэгэхдээ би үг үйлдэл бүрээрээ чамд хайртайгаа харуулахыг, ойлгуулахыг хичээдэг

Тиймээ би тэрийг чинь мэдэрдэг болохоороо ингэж шийдлээ гээд нулимс цийлэгнэсэн ч жаргалтай нүдээр өөдөөс нь харан инээмсэглэвэл Шинээ хайртынхаа хошуун дээр халуун янагаар үнсээд чихэнд нь шивнэх шахам “ Хишигээ надтай гэрлээч” хэмээвэл Хишигээ итгэж ядан өөдөөс нь хараад

Чи сая юу гэсэн бэ?

Чиний сонссоныг л хэллээ гэтэл Хишигээ гэнэт чангаар тас тас хийтэл инээж байснаа нулимсаа арчаад

Би юу гэж боддог байсан гээч: Хэн нэг нь надад гэрлэх саналаа их гоё өвөрмөцөөр тавиасай. Тэгж ч юмуу ингэж ч юмуу гэж их боддог байлаа. Гэтэл яг цаг нь ирээд хэлэх хүн нь хэлэхдээ орон дотор зүгээр л ярьж байснаа хэлчихдэг байна ш дээ гээд дахиад л хөхөрч гарав. Шинээ өндийн суугаад

Би чамд угаасаа ийм зүйлд маруухан гэдгээ хэлдэг л байсан ш дээ. Тэгээд яасан сэтгэлд чинь нийцээгүй болохоор би дахиад сайн бодож байгаад хэлэх юмуу

Үгүй дээ юу гэж дээ. Энэ чинь харин их өвөрмөц гэрлэх санал байлаа. За битгий уурла тэгэх үү би чамайг биш өөрийгөө шоолсон юмаа гээд арайхийн инээдээ барьж ядан хэлтэл Шинээ хоёр гар дээрээ өргөөд

Яасан их хүнээр тоглодог юм айн чи гээд толгойг нь уруу харуулан хоёр хөлнөөс нь тэвэрвэл Хишигээ байдгаараа орилон инээд алдан турьхан гараараа Шинээгийн үсэрхэг хөлийг цохилох аж.

За энэ чинь юу болж байна гэх дуунаар хоёул сандран харвал аав, ээж хоёр нь зогсож байх нь тэр. Шинээ сандран бушуухан Хишигээг буулган өмдөө өмсөж эхэлтэл Хишигээ ч мөн сандран

Та хоёр хэзээ ороод ирсэн юм бэ? Түр гарч бай тэгэх үү бид хоёр одоохон. Амар түрүүлэн цааш эргэн эхнэртээ гарцгаая хэмээн нүдээрээ дохин хаалгыг нь хаан өрөөнөөс гарав.

Яанаа баларсан юм бэ одоо яанаа

Зүгээрээ манай аав, ээж хоёр юм хэлэхгүй

Тэглээ ч гэсэн ядаж урд нь мэддэг бол өөр ш дээ. Би одоо яаж эндээс гарах юм бэ

Тэгвэл наанаа хоночихгүй юу гэж хэлээд Хишигээ өрөөнөөс гарав. Тэрээр мөн л хэрэг хийсэн аятай хулган байж том өрөөндөө орвол Амар юу ч хэлэлгүй авчирсан сонингоо уншин сууж байтал ээж нь

Охин минь найз залуу чинь үү?

Тиймээ ээжээ бид хоёр гэрлэх гэж байгаа

Өө за бүр тийм дээрээ тулчихсан уу? Тэгээд аав, ээжтэй нь танилцдаггүй ээ

Харин та хоёроос зовоод байна гэнээ гэснээ Шинээ хэмээн дуудав. Шинээ гарч ирсэнгүй Хишигээ дахин дуудах гэснээ мэдэх болохоороо инээмсэглэн өрөөндөө очоод хөтлөн дагуулж гарч ирэв.

За хүү ямартаа ч сайн байна уу?

Сайн сайн байна уу та, сайн байна уу ахаа хэмээн сандрахдаа хөлсөө арчин хурдан хэлбэл Хишигээ тэсгэлгүй инээд алдчихав. Амар Хишигээгийн өөдөөс зэмлэнгүй хараад

Хүүд цай аягалж өг Хишигээ хэмээгээд нүднийхээ шилийг аван өөдөөс нь ухаалаг тогтуун нүдээр харан өөр юу ч үл дуугарах аж. Амарын энэ л харц Шинээг загнуулж зодуулан хөөгдөөд гаргасанаас илүү дотрыг нь сийчэн хацрыг нь халуу оргиулна.
 
Амар Шинээтэй танилцан яриа өрнүүлэн суухдаа харц нь ер өөрчлөгдсөнгүй. Харин Хишигээ, Буянаа хоёр л сэм тэднийг ажиглан тус тусдаа өөр өөр байдал нүдэндээ тодруулан босон суун байх аж. Хишигээ хайртай залуу нь аавтай нь овоо нүүр хагаран ярилцаж хамгийн гол нь оройны хоолоо хамт идэхээр сууж байгаа нь бүхнээс сайхан жаргалтай санагдаж нүдэндээ жаргалын оч гэрэлтүүлэн байхад Буянаа охин үрээ харамлах ээжийн сэтгэлээр яагаад ч юм харамлах ч шиг нэг л сонин сэтгэл нь гэгэлзэн хөнгөн гунигт автсан нүдээр ажиглан харах аж.
 
Хооллож дуусаад Амар хэсэг чимээгүй сууснаа гэнэт: За хүү минь манай охинтой нэг гэртээ орохоор шийдсэн гэв үү та хоёр минь хэмээвэл Шинээ доош харан толгой дохьлоо. Одоо нэгэнт шийдсэн бол бид хоёр юугаа ярих билээ. Чи дотуур байрнаасаа гарч манайд амьдар даа гээд тамхиа аваад ариун цэврийн өрөө оров. Буянаа ч нэгэнт л нөхөр нь зөвшөөрсөн тул насаараа эр нөхрийнхөө амыг харж үгийг сонсож явсан болохоор өөр юм хэлэлгүй мөн л аяга тавагаа хураан гал тогооны өрөө рүү явчихав. Шинээ энэ бүхнийг хараад итгэж ядан Хишигээгийн өөдөөс харвал Хишигээ сонссон бүхэндээ итгэж ядан түүнийхээ гараас хөтлөн гаръя хэмээн шивнээд хоёул гэрээс гарав. Тэднийг гарсаны дараа Буянаа сая ам нээн

Хөгшөөн чи ямар хурдан зөвшөөрчихөв өө?

Ийм юм хэзээ нэгэн цагт болох л байсан шүү дээ хө

Тийм л дээ тэгэхдээ л арай эрт юм биш үү? Охин дөнгөж хоёрдугаар курс

Тиймээ том хүүхэн болоогүй ч жаахан хүүхэд биш ээ хө. Хэрэв би сая зөвшөөрөөгүй бол охин их шартай болохоороо хаашаа ч эргэж магад. Хөдөөний эвдрээгүй хүү бололтой охиныг минь аваад явчих тэнхээтэй хүү шиг санагдлаа

Мэдэхгүй юм даа. Ингээд охин минь хүний хүн болчих гэж гээд хөнгөн шүүрс алдвал Амар

Жам нь юм даа хө. Тэгээд ч охиноо хажуудаа байлгаж байвал ядаж сэтгэл амар. Тэгэхгүй бол хоолтой байгаа болов уу, ядарч, даарч хөрч байгаа болов уу гэж санаа зовоод гэр ч ханхайгаад эвгүй биз дээ хө

Тийм л байх даа. Би чамайг дагаад дандаа чиний зөв байдаг болохоор юу ч хэлэлгүй чинийхээ амыг харж явсаар өдий насыг насалж байна даа. Охинд минь бид хоёроос хойш хань болчих эгч дүү байгаа биш сайн л хүнтэй суувал болоо

Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Алив хө чи нэг сайхан аарц буцалгаатхаач сая цалин буухад авсан биз дээ

Тэгье тэгье одоохон гээд босон явлаа.

0 Сэтгэгдэлтэй: