Хайрын зул бөхдөггүй /2-р хэсэг/



Хишигээ Шинээд тэврүүлэн зогсож байгаад тэсгэлгүй уйлчихав. Шинээ Хишгээг даарсандаа чичирч байна гэж бодон бүр илүү чанга тэврэн

Даарч байна уу би ороод цамц аваад ирье

Үгүй дээ Шинээ чи үнэхээр ойлгохгүй байгаа юм уу нэг бол ойлгоогүй царайлаад байгаа юмуу?

Юуг тэр билээ?

Би даараагүй харин нулимс гарч байна яагаад гээч?

Өө чи уйлаад байсан юм уу би чамайг даарчихаж гэж бодоод хэмээн хэнэг ч үгүй залахад Хишигээ бүр ч их байж ядан

Чи мангар юм уу. Чи сая намайг гарч байхыг хараад гарч ирсэн тиймээ?     

Үгүй би гарах ажил гараад

Ёооё чи яагаад ингээд байгаа юм бэ, яасан гэж энэ вэ хэмээн турьхан гараараа цохин бүр ч ихээр ихэр татан уйлахад Шинээ бүр ч чангаар тэврэн ганцаараа чангаар инээгээд

Чи ингээд уурлахаараа ёстой хөөрхөн эгдүүтэй болдог шүү. Тиймээ би чамайг явахыг чинь хүлээж байгаад хойноос чинь гарч ирсэн. Уг нь байрны буланд хүрэхээр гүйцээд очъё гэж бодож байсан чинь чи энд зогсож байлаа

Тиймээ би харих гэж яараагүй

Тэгвэл хоёулаа энүүхэн энд байх кафед жаахан суувал зав байгаа гэсэн үг үү тиймээ? Хишигээ үүнийг л хүлээж байсан билээ. Тэд Шинээгийн шүхэр дор хамтдаа алхан хэзээний дурлалт хосууд шиг Шинээ Хишгээгийн мөрөөр тэврэн Хишигээ гараас нь сугадан борооноос хоргодон наалдан их л жаргалтай алхаж байв. Хоёул ортол нэг их хүн байсангүй булангийн ширээнд очин халуун цай захиалаад өөд өөдөөсөө харан хэн нь ч үг дуугаралгүй ширтэлцэн сууцгаах аж. Шинээ эр хүн гэсэндээ

Хишигээ чи надад нээрээ сайн юмуу? хэмээн асуувал Хишигээ инээмсэглэн толгой дохив. Шинээ гараас нь атгаад

Яагаад би гэж би чинь... хэмээн гацтал Хишигээ

Яагаад чи болохгүй гэж. Би анх чамтай бүжиглээд л чамд татагдсан яагаад гэж битгий асуу хайрлахад заавал шалтаг шалтгаан хэрэгтэй гэж үү

Тийм л дээ тэгэхдээ би итгэж өгөхгүй байна. Яагаад ч юм зүгээр л намайг цаашлуулж зугаацаж байгаа юм шиг санагдаад

Үгүй дээ тийм бодол ерөөсөө байхгүй. Чи надад үнэхээр их таалагддаг. Би ч гэсэн чамд таалагддаг биз дээ?

Тийм л дээ чи таалагдахаар барах уу, дэндүү сайхан охин болохоор чинь л би харин гайхаад ингээд байна   

Би хөвгүүдийг мэднэ. Хөвгүүдтэй найзалдаг байсан гэж хэлж байсныг санаж байна уу? Надад ганган дэгжин, их зантай, мөнгөтэй царайлаг аль нь ч байлаа гэсэн хуурамч дүр эсгэсэн нь хэрэггүй ээ. Надад зүгээр л байгаагаараа эр хүн таалагддаг. Чи минь тийм шүү дээ

Би юу гэхээ үнэндээ мэдэхгүй байна. Тэгэхдээ намайг хайрласанд баярлалаа би хичээнээ гээд хоёр гарыг нь атган хошуугаа наан үнэрлэлээ.

 
Маргааш нь хичээлтэй байсан тул хоёул удалгүй тэндээс гарав. Шинээ Хишигээг хүргэж өгөхөөр явна. Ширүүн бороо татарсан ч гадаа салхитай хүйтэн байх аж. Гэсэн ч хайрын зулаа асаагаад явж байгаа хоёрт даарах хүйтэн алга аж. Тэр орой Хишигээ үнэхээр жаргалтай байлаа. Гэртээ ороод иртэл ээж нь

Охин минь ашгүй бороонд норсонгүй юу? Гэнэт л бороо орчихлоо. Цаг агаараар уг нь бороотой гэж байсан ч тэнгэр цэлмэг болохоор нэг их тоосонгүй

Ээжээ би нороо ч үгүй даараа ч үгүй. Харин ч сайхан байна гээд нүд нь уярал хайрыг хослуулан очтон гийн инээмсэглэх охиноо хараад сая бүгдийг ойлгов.

Аан за миний охин усанд орчихоод хоолоо идэх юмуу, хоолоо идчихээд усанд орох уу?

Би хоол идчихсэн ээжээ усанд ороод эртхэн амарлаа гээд ээжийнхээ энгэрт тэврүүлээд усанд орохоор явав. Туяа хойноос нь инээмсэглэн том өрөөндөө орвол нөхөр нь сонин гарчиглан сууна.  Туяа ч удирдлага аван суваг сольж байснаа

Хөгшөөн цалин чинь буух сураг байна уу? Хоолны махгүй болж байгаа

Харин л дээ уг нь өгөх хугацаа нь болчихсон өнөө маргаашгүй өгөх л юм дуулдсан

За ашгүй дээ. Тэгвэл маргааш ээмэгээ ломбарданд тавьж жаахан идэх юм авахаас

Тэг тэг ар гэрийн асуудлыг миний хөгшин л зохицуулдаг шүү дээ. Охины төлбөрийг өгөх гэж авсан цалингийн зээл чинь дөхөж байгаа юу?

Юу гэж дээ хө саяхан авсан биз дээ. Одоо чиний л цалингаар гурвуулаа хэсэгтээ амьдрах нь

За яахав болно доо. Ямар ч байсан ганц охиноо дээд боловсролтой болгох юм шүү

Тиймээ хө. Охин минь найз хүүтэй болсон бололтой

Яаж байна?

Нүд нь гэрэлтээд их л баяртай байгаа харагдсан нас нь юм даа гайгүйхэн хүнтэй л учираасай билээ. Маньтайгаа адилхан бол ч

Чи юу ярина вэ. Охиноо тэгэхээр юмтай айлд бэр оруулж хадмын хараат болгох гээ юу. Зүрх сэтгэлээ л дагана биз. Анх чи бид хоёр нийлэхдээ дундаа нэг чемодан хувцастай л нийлсэн байх шүү

Тийм л дээ тэгэхдээ тэр үед өөр байж одоо үед өөр болчихож

Биеийг нь төрүүлээд нас биед хүргээд мэдлэг боловсрол эзэмшүүлээд өглөө. Цаашаа хэнийг дагаж яаж амьдрахаа өөрөө мэднэ биз. Нэгэнт л хайртай болчихвол чи бид хоёр юу ч гээд хүлээж авахгүй ээ

Тийм л байх даа за мэдэхгүй мэдэхгүй төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр дэмий юмнаас болж хөгшинийгөө хямраачихлаа гээд дуугүй болов. Харин аав ээжийнхээ энэ яриаг Хишигээ мэдэлгүй амандаа дуу аялан шүршүүрт жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан Шинээг бодон тэвэрч байсан мөрийг нь гараараа илбэн зогсоно.

0 Сэтгэгдэлтэй: