ЦОНХОН ДЭЭР ҮЛДСЭН ЗУРАГ



Бүсгүй тас тас инээн, хундага жингэнэтэл тулгана. Түүнийг бараадах эрчүүд бүсгүйг даган хөөрч, худлаа саймшран, долоочих шахаж байгааг тэр удаан харж суулаа.  Хэдийгээр бүсгүй  инээж байгаа ч нүд нь нэг л гунигтай. Нахилзан бүжиглэж, жаргаж, наргиж байгаа мэт харагдавч сэтгэл нь хоосон байгааг Зоригт сэтгэлээрээ мэдэрч байв. Цаг хугацаа арван зургаахан настай жаахан охиныг ийм их өөрчлөхийн чинээ тэр санасангүй. 
 
Жагаамаа дүрлийсэн том алаг нүд, ягаан туяа татуулсан бондгор хацартай, бага зэрэг махлагдуу, хөөрхөн охин байсан. Дөнгөж наймдугаар анги төгссөн хэдий ч гайхамшигтай сонсголтой, төрлөхийн хөгжмийн авьяас, хурц тод мэдрэмжтэй тэр охин сургуулиа хаян ажил хийхээр драмын театрын хаалга татаж билээ. Түүний хуучрын аялгуу хуучны дурсамж сэдрээх мэт нэг л гэгэлгэн. Цочсон туулай бүжин л ийм байдаг байх даа гэмээр дүрлийсэн алаг нүдтэй охин хөгжмөө бариад суухаар яг л Янжинлхам бурханыг санагдуулна. Түүний гарт хуучрын чавхдас бус харин бийр байгаа юм шиг л хөнгөхөн хөдлөнө.  Тэр хөгжим дарж байгаа биш, харин зураг зурж байгаа юм шиг сайхан хөгжимдөнө. Аймгийн театрын залуухан сайхан авьяаслаг хөгжимчин бүсгүйн тухай яриа өвсөнд ассан түймэр шиг л дэгдэж, Жагаамааг хүлээн олон залуучууд драмын театрын үүдээр  эргэлдэнэ.Гэвч   Жагаамаа баланд шунах эрвээхэй шиг л өөрт нь татагдан үүдээр эргэлдэх харчуудыг тоож ч хардаггүй байж билээ.  Харин тэр яагаад өөрт нь дурласныг Зоригт өнөө хүртэл ойлгодоггүй юм. Хоёр хүүхэдтэй, өөрөөс нь үе мултарсан хөгшин эрийг тэр олон сайхан залуучуудын дундаас яагаад онцолж харсныг ч тэр мэддэггүй. Нэг л мэдэхэд Жагаамаа түүнтэй ойртох гэж хэр чадлаараа хичээдэг болчихсон байж билээ. Түүнд эрх мэдэл, эд хөрөнгө, алдар нэр гэж бусдаас илүү гарах зүйл юу ч байхгүй. Жирийн л нэг жүжигчин эр. Архи тааралдвал уучихдаг, уухаараа дуулдаг, нэг дуулаад эхлэхээрээ тасарч унатлаа дуулдаг, хэн нэгнээс илүү гарах, дутуу гарах ч зүйлгүй жүжигчин. Гэвч аймгийн театрын хамгийн залуу, хамгийн царайлаг бүсгүй түүнийг байнга бараадна. Хэзээний л хөгжмөө үүрчихсэн явдаг танхил жаахан охин
-Зоригт ахаа. Гандий модоо ганц дуулаад өгчих гэсээр өрөөнийх нь үүдээр эргэлдэнэ. Эхэндээ Жагаамаагийн энэ үг түүнд таалагддаг байлаа. Харин сүүлдээ тэр хүн амьтнаас санаа зовж, түүнээс ил цагаан зугатаах болсон. Түүнд аймгийн театрийн найруулагч хүртэл
-Чи нээрээ хөгийн эр юмаа. Энэ сайхан охиныг юунд өөрөөсөө түлэхдэг байнаа. Би чиний оронд байсан бол үзээд л өнгөрөх байсан гэж хэлээд ам руугаа алгадуулж байж билээ. Үнэндээ Зоригт Жагаамааг хэнээс ч илүүтэй хайрлаж байгааг хэн ч мэдээгүй. Аймгийн театрт Соёл урлагийн Их сургуулийн ганц хуваарь ирсэн сургаар Жагаамааг явуулах гэж хамгийн их хөөцөлдсөн хүн нь Зоригт. Эхнэрийнхээ дүүтэй хүртэл энэ хуваарийг булаацалдаж,
-Төрлөхийн авьяастай залуу хүнийг дэмжих хэрэгтэй гэж ерөнхий найруулагчтай маргалдаж, орой нь орон тарах шахснаа бодоод түүний инээд хүрэв. Баргийн юманд хөл алдаад байдаггүй эхнэр нь
-Чи нууц амрагаа өөд нь татлаа. Тэнэг хүүхнээ дагаад яваарай хэмээн хөөж, хэдэн муу цамцыг нь үүд өөд чулуудан хашгирч байхад ч тэр Жагаамааг бодож л байсан. Үнэндээ Зоригтод хийсэн нүгэл байгаагүй. Тиймээс эхнэрийнх нь цамнах, эрчүүдийн хатгах, эмс хүүхнүүдийн шар малтахад тэр зүгээр л инээгээд л өнгөрдөг байж билээ.
Зоригтын оролдлого амжилттай болж, Жагаамааг сургуульд үдэж өгөх жижигхэн найр зохион байгуулахад ч тэр очоогүй. Маргааш нь Жагаамаа тэдний гэрийн гадаа ирсэн. Яг цонхных нь дор байх гурван улиасны дэргэд жаахан бүсгүй бүтэн өдөржин суусныг, бас хажуу орцны хүүгээр
-Хөдөөнөөс ирсэн машинтай хүн таныг дуудаж байна? хэмээн хэлүүлснийг ч тэр мэднэ. Эхнэр нь угаалгын машин тачигнуулж, дүүгээ сургуульд явах аз заяагүйг нь дуудаж, хүргэн ахынх нь завхай зайданг гайхаж, нөхрөө хардан бүтэн өдөр харааж загнахыг тэвчиж суух үнэндээ хэцүү байсан ч гэсэн тэр гараагүй. Жагаамаа яг л хуучрын гэгэлгэн аялгуу шиг ганцаардмал, хуучирч мартагдаж өгдөггүй дурсамж шиг түүний сэтгэлд улам л уягдаж байгааг л тэр мэдэрч байлаа. Зоригт тэр өдөр  өдөржин цонх ширтсэн.
-Жагаамаа яв л даа. Одоо гэртээ харь хэмээн амандаа үглэж байсан ч битгий яваасай гэж хүснэ. Гараад уулзахсан гэж тэсэлгүй хүсэвч, яг одоо л гарах юм бол хэзээ ч гэртээ эргэж орж ирэхгүй юм шиг санагдан хөл нь хоригдоод гарч уулзаагүй. Тэр өдрөөс хойш олон жил өнгөрч. Жагаамаа сургуульдаа сайн сурсан. Төгсөөд гадаадад хөгжмөө тоглож байгаа гэдгийг тэр зам зуурын хүнээс л сонсож байлаа. Зоригт тэссэнгүй бослоо.
Юуг ч юм ярин тас тас инээлдэх хөлчүү хүмүүс, архины хундага пивоны грушик овоолсон ширээн дээр тэр нэг л мэдэхэд үсрээд хүрчихсэн байлаа.
-Алив бос. Одоо яв хэмээн тэр мэндийн ч солиогүй Жагаамаагийн гараас угз татав. Бүсгүй хөлчүү нүдээр түүний өөдөөс харж муухан инээмсэглэснээ
-Өө. Манай Зоригт ах... Тантай энд уулзана гэж бодсонгүй шүү гэснээ
-Алив суу л даа хэмээн хоосон сандал руу заав.
-Үгүй. Чамтай ярих юм байна. Гараад ир гэснээ гэснээ Зоригт шууд л үүд чиглэн буцаад алхчихлаа. Гадаа гарсан хойноо ч тэр тайвширч чадсангүй.
-Хайран сайхан авьяас, хайран сайхан залуу нас. Хайран сайхан хөгжим...хэмээн Зоригт амандаа үглэж байлаа.
Зоригт гадаа зөндөө зогсов. Тамхи асааж, “Жагаамааг гарч иртэл энд зогсоно. Шөнө болсон ч хамаагүй, өглөө болсон ч хамаагүй. Тэр гарч ирж л таараа” хэмээн бухимдан бодсоор... Харин бүсгүй төд удалгүй гараад ирлээ. Түүний нүдийг хараад Зоригтын уур бухимдал хийсэх мэт алга болов. Саяхан л түүнтэй уулзвал ярих зүйл асар их байгаа юм шиг санагдаж байсан хэрнээ юунаас эхлэж ярихаа ч тэр мэдэхгүй самгардаж, хий дэмий л
-Хэзээ ирсэн юм хэмээн уцаартай асуучихаад өөрөө өөрөөсөө санаа нь зовов. Жагаамаа
-Удаж байнаа. Танайхан сайн биз дээ гэснээ чимээгүй болчихов. Зоригт
-Тэгээд юу хийгээд байгаа юм. Яагаад театраар очоогүй юм. Хөгжмөө тоглож байгаа биз дээ гэвэл бүсгүй санаа алдснаа
-Үгүй ээ. Тоглохоо болиод удаж байна гэснээ буруу харлаа.
Дөнгөж саяхан Зоригтын цээжин дотор оволзож байсан уур бухимдал дахиад л сэргээд ирэв.
-Яагаад, яагаад хэмээн хашгирч,
-Өөдгүй амьтан. Чи тэр хөгжмийг архины хундгаар, тэр тайзыг баарны ширээгээр сольсон юм биз дээ? хэмээн ориллоо. Жагаамаа түүний өөдөөс тайван гэгч нь байснаа харж байснаа
-Тиймээ. Би хөгжмөө тоглохоо байсан хэмээн хэнэггүй хэлэв. Зоригт тэсгэл алдаж
-Хөгийн новш. Би чамд хичнээн их итгэлээ. Чамайг би алдартай сайн хөгжимчин болно гэж бодож байснаас баарны хүүхэн болно гэж төсөөлж ч байсангүй. Өөдгүй шаар. Чамайг манай театр дээр очоогүйд баярлалаа. Тэнд чамд багтах зай байхгүй. Гадаад, дотоодгүй хэсч, архи ууж, ангалз гэж би чамайг тэр сургуульд явуулаагүй юм шүү новш минь. Чи хуучраа үүрчихсэн манай гэрийн гадаа ирснээ санаж байна уу? Би тэр хүнийг бол танина. Харин чамайг танихгүй. Тэр арван хэдхэн настай жаахан бүсгүй манай цонхон дээр зураг болоод үлдчихсэн. Харин чи бол хүний адаг нь хэмээн хашгирав. Жагаамаагийн нүдэнд нулимс цийлэгнээд ирэхийг харангуутаа  Зоригт жаахан тайвширч, гэр рүүгээ алхлаа. Жагаамаа хэсэг дуугүй зогссоноо
-Зоригоо ахаа хэмээн дуудав. Зоригт хичнээн хичээсэн ч чадсангүй эргэж хараад зогтусав.  
Бүсгүй түүн рүү зүүн гараараа баяртай хэмээн дохиж байлаа. Гэвч түүний жижигхэн цагаан гарынх нь гурван хуруу байхгүй байгааг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Үнэндээ Зоригт харсан зүйлдээ итгэхийг ч хүссэнгүй.
Маргааш нь Зоригт Жагаамааг хайгаад олсонгүй. Бүсгүй яг л газрын гаваар орсон юм шиг алга болчихсон байж билээ. Тэр хэзээ хойно Германд тоглолтоор явж байсан монгол жүжигчид осолд орж Жагаамааг хүнд гэмтсэн гэдгийг сонсоод Жагаамаагаас уучлалт гуйхыг, тэр нэг намрын өдөр яг юу хэлэх гэж гэрийнх нь гадаа ирснийг асуух юмсан гэж тэсэлгүй хүсч байсан ч бүсгүйг олсонгүй. 

0 Сэтгэгдэлтэй: