Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /40-р хэсэг/



Кэтий өглөөний цайгаа уучихаад шүүх хуралтай хэмээсэн тул авч явахаар ирсэн цагдааг даган гавлуулан гарлаа. Тэд явсаар нэгэн өрөөнд орвол тэнд Смит түүнийг хүлээж байв. Кэтий Смит байсанд  баярлан өөдөөс нь хараад танимгайрхан ялдам инээмсэглээд заасан сандал дээр суухад Дэвид түүний өөдөөс харан

Хатагтай Кэтий ямархуу байна даа?

Би их айж байна Смит ээ. Яагаад намайг энэ аймаар газар байлгаад байгаа юм бэ хэмээгээд худлаа уйлагнахад


Би Смит биш хошууч Дэвид байна. Чи үнэхээр энд яагаад ирснээ мэдэхгүй байна уу?

Тиймээ би үнэхээр юу ч мэдэхгүй байна

За тэгвэл энэ хүнийг таних уу? хэмээгээд нэгэн зураг үзүүлхэд нь харвал Санчирын зураг байх нь тэр. Кэтий сандран юу гэхээ мэдэхгүй гөлөгнөн сууж байтал Дэвид дуугаа чангаруулан

Энэ хүнийг таних уу? хэмээн дахин чангаар асуувал Кэтий толгой дохьлоо.

Хэрхэн, яаж, хэзээнээс эхэлж таньдаг болсноо бүгдийг хэл

Би зүгээр л мэднэ...

Худал бүү ярь. Чиний ярьсан бүх яриа бичигдэж байгаа. Чамайг түүнтэй хамт амьдардаг байсан гээд бүгдийг бид мэднэ. Хэрэв худал ярьвал энэ бүх яриа чинь шүүх хурал дээр хэргийг чинь хүндрүүлэн ялыг чинь л нэмэх болох байх даа

Би...би үнэхээр гэснээ эг маггүй уйлж эхлэв. Дэвид түүнийг хэсэг харзнаж байгаад

Кэтий одоо жүжиглэхээ боль. Бүх зүйл нэгэнт ил болсон. Чи үнэнээ хэлэх юм бол магад чиний ял хөнгөрч мэднэ. Үүнийг сонсоод Кэтий нулимсаа арчаад хэсэг бодолхийлж байснаа бүх бурууг Рондод чихэн өөрийгөө авч гарахаар шийдэв. Тэрээр энэхүү шийдвэрээ гаргачихаад дотроо “ Рондо чи энэ бүхнийг эхлээгүй бол хэлээгүй бол би зүгээр л явж байх байсан. Тиймээ чамаас л болсон ” гэж бодоод нэгэнтээ санаа алдаад илч нь буурсан нүдээр Дэвидийн өмнөөс ширтээд

Нэг тамхи өгчих

Энд болохгүй

Би эхнээс нь юм орхигдуулахгүй ярихын тулд тамхи татаж тайвширах хэрэгтэй байна хэмээтэл Рондо Кэтийг дагуулж ирсэн цагдаа руу хараад

Тамхи байна уу? хэмээвэл нөгөөх нь гайхан

Болох юм уу хошууч аа хэмээвэл Дэвид зөвшөөрөн толгой дохив. Кэтий асааж өгсөн тамхийг хэд шуналтай сороод нэгэнтээ санаа алдаад бүгдийг ярьж өгөхөөр эхлэв. Дэвид яриаг нь таслалгүй сонсон зарим нэг зүйлийг тэмдэглэн байснаа сүүлд Рондо өнөөх ярьдаг хүнтэйгээ яриад гарахдаа Санчирыг нь үгүй хийнэ гээд их л шийдэмгий дуугараад гарч явснаа хүртэл хэлэв. Тэгээд сүүлд Санчирыг хүн амины хэргээр баригдсан тухай гарахад Рондогоос гайхан асуувал Рондо түүнд алаагүй орхисон харин хамтрагчийг минь алчихсан байна хэмээн их л уурлан ярьж байсныг хүртэл бүгдийг хэлэв. Дэвид Кэтийгийн өмнө аягатай цэвэр ус тавиад

Рондо тэр ярьдаг байсан хүнийхээ талаар хэлж байсан уу?

Үгүй нэг Хятад баян ажил санал болгож байна гэхээс өөрийг хэлээгүй

Аан тэгвэл тэр хүн нь Хятад хүн байх нь хэмээн амандаа шивнээд. За бид өөрийн чинь мэдэх бүх мэдээллийг авлаа гэж бодож байна

Тиймээ би өөрийн мэдэх юмаа л хэлсэн. Би өөр юу ч мэдэхгүй нээрээ шүү Смит ээ. Чи намайг эндээс гаргана биз дээ одоо хэмээн орилоод цурхиран уйлбал Дэвид цагдаад дохьсоноор Кэтийг өрөөнөөс аван гарав.

Энхээ, Нарантуяа хоёр Эрдэнэ, Ханд хоёрыг гэрт нь оруулж өгөв. Эрдэнэ юмыг яаж мэдэхэв хэмээн санан гэртээ орон ортлоо тэргэнцэр дээр Энхээгийн тусламжтай суун түрүүлэн явах аж. Гэрт ороод тэрээр сая тэргэнцэр дээрээс босон нэгэнтээ суниагаад

Гэртээ ирсэн чинь ямар сайхан байна аа. Бас хэвтсээр байтал хамаг бие бүр хөшчихөж хэмээтэл Энхээ инээмсэглэн

Тэгэх л байх даа. Та ч бас их мундаг тэвчээртэй юмаа биширсэн шүү

Хүн чинь цагаа тулахаар санаанд оромгүй юм хийж, гарахааргүй тэвчээр гаргадаг юм байна. Энэ бүх хугацаанд би чамайг таньж чадсандаа баяртай байна. Хэрэв чи хүсвэл би чамайг өөрийнхөө оронд би болгох гэсэн юм

Тэр чинь юу гэсэн үг вэ? Ерөнхийлөгч өө

Одоо би Мөнхбатыг илрүүлтэл босож ирэхгүй тийм болохоор чамаар өөрийн хийх гэсэн бүхнээ хийлгэх болно гэсэн үг

Тиймээ болж л байна. Би таны итгэлийг алдахгүй ээ

Би мэдсээн Энхээ минь. Харин чи надад эхний ээлжинд Шин овогт гэж хэн болох, юу хийдэг, өнгөрсөн болон одоо үеийн намтар түүхийг олж өгөх хэрэгтэй байна

Энэ чинь харин их ярвигтай асуудал байна даа. Тэгэхдээ би хайгаад үзье. Үнэндээ би ч Шин овогтыг нарийн сайн мэдэхгүй. Хэдий тийм боловч өөрийн хэмжээнд мэдээлэл цулуулж өгнө өө

За сайн байна. Тэр хоёрыг ийнхүү ярилцаж байтал Ханд, Нарантуяа хоёр мөн унтлагын өрөөнд ярилцах аж.

Охин минь чамд хэрхэн яаж талархахаа ч мэдэхгүй юм

Зүгээр дээ багш аа. Та одоо тайван байх хэрэгтэй хамаагүй хямарч болохгүй гэж Баяржаргал эмч анхааруулсан шүү

Тиймээ би мэдэж байгаа. Хүүгээс минь сураг байна уу?

Өмгөөлөгч нь маш сайн ажиллаж байгаа. Удахгүй дахин шүүх хурал болох юм гэсэн

Тиймүү ашгүй дээ. Тэгвэл мөдхөн гэртээ ирэх нь ээ хэмээгээд сулхан инээмсэглэвэл Нарантуяа санаа алдаад

Ханд багш аа өмгөөлөгч нь хэлэхдээ: Хүн амины хэргийг цайруулж цагаатгаж болох байх. Хэдий тийм ч Санчир тэр үед хар тамхи хэрэглэчихсэн байсан болохоор яалт ч үгүй хэсэг хоригдох юм шиг байна гэсэн

Юу, яаж тэгж болдог юм бэ...хэмээгээд цурхиран уйлтал Нарантуяа сандран цүнхнээс нь ухаан нь балартвал үнэртүүлээрэй гэсэн уусмалыг аван хамарт нь нааш цааш хөдөлгөн үнэртүүлбэл арай ухаан алдаад уначихалгүй сэргэн ирэв. Нарантуяа болчимгүй үг хэлсэндээ өөрийгөө буруутган балмагдан байснаа

Багш аа та жаахан унтчих. Би та хоёрт хоол хийгээд өгье

Тэгдээ охин минь. Би яахав цаад ахдаа л нэг сайхан гурилтай шөл хийгээд өг. Удаан шинэ гарсан хоол идсэнгүй хэмээгээд хэвтээд өгөв. Нарантуяа ч үнэртүүлсэн эмэндээ тайвшираад унтчихлаа хэмээн бодон өлмий дээрээ гэтсээр хаалгыг нь зөөлөн хаагаад хоол хийхээр гал тогооны өрөөнд очин хөлдүү мах гарган гисгээхээр богино долгионы зууханд хийн минутыг нь тааруулаад гал дээр тавьсан усанд яс хийн залгаад сонгино, сармис арилгав.

Эрдэнэ, Энхээ хоёр хэрхэн юунаас эхэлж ажиллах аа ярьж байтал Энхээгийн гар утас дуугарав. Дугаарыг нь хартал Мөнхбат залгаж байна. Энхээ Эрдэнэд Мөнхбатыг залгаж байна хэмээгээд утсаа аван дууг нь чанга яригч дээр тавьтал Эрдэнэ тохирсон ёсоор дуу хураагуураа асаан анхны бичилтээ бичлээ.

Ерөнхийлөгчийг гэрт нь хүргээд өгчихөв үү?

Тиймээ. Ажил чинь юу болж байна?

Би одоо Сан-Эр группын ерөнхийлөгч шүү дээ. Энэ нь хүссэн үедээ гараад явна гэсэн үг

Тэгэхдээ...хэмээснээ амаа хамхиад: Өнөөдөр чинь их олон зүйлийг хоёулаа тэмдэглэх болох нь дээ. Ерөнхийлөгчийг эмнэлгээс гарсан, бас чамайг группын ерөнхийлөгч болсон гээд

Ха ха ха нээрээ болох л юм. За хаана уулзах вэ?

Хаана ч байсан яахав. Эртээдийн ерөнхийлөгчийн ухаан алдаж унасан газар суух уу?

Яагаад заавал тэнд гэж хэмээн их л сэжиглэнгүй өнгөөр асуувал Энхээ албаар чанга инээгээд

Өнөөдрийн хамгийн гол баяр ерөнхийлөгч ярьж, хөдөлж чадахгүй болсон ч амьд байж гэртээ гарч байгааг тэмдэглэх юм байгаа биз дээ. Тийм болохоор анх ухаан алдсан газар нь тэмдэглэвэл яасан юм гэж бодоод л

Нээрээ болох л юм. За тэгвэл хоёр цагийн дараа тэнд уулзая надад ажил гарчихлаа. Доод давхрын 7 дугаарын өрөөнд хүрээд ирээрэй. Нэг бол хүлээж байгаарай

За тэгье ойлголоо.

Цаг нь болж Энхээг гарахад Эрдэнэ түүнд анхааруулан

Энхээ минь болгоомжтой байгаарай. Цаад Мөнхбат чинь юу ч сэдэж яасан ч байж мэднэ. Энэ дуу хураагуур чиний аль ч халаасанд байсан маш сайн татаж авч бичих болно. Бидний эцсийн эд мөрийн баримт энэ л байна. Битгий нэг их юм мэдэх гэж улайраарай. Цаадах чинь хар авчихаж мэднэ

Ойлголоо ерөнхийлөгч өө. Би гэртээ хариад таньд юу болсныг бүгдийг хэлнэ ээ

Тэгээрэй хэдэн ч цагт байсан хамаагүй залгаарай. Май энэ эмийг уучих согтдоодгүй юм гээд түүнд цагаан өнгийн бөөрөнхий эм өгвөл Энхээ зөвшөөрөн уутал нөгөөх нь их гашуун байсанд араас нь кола уух гэтэл Эрдэнэ хориглоод цэвэр ус өгөв.

Энхээ товлосон газраа таван минут хоцрон очвол Мөнхбат аль хэдийн ирчихсэн түүнийг хүлээж суув. Тэд ойр зуурын юм ярилцан өмнөх хоолоо идэн бас ч гэж архиа тулган хүртэцгээнэ. Энхээ Мөнхбатаас тохирсон асуултаа хэд хэдэн янзаар асуусан боловч Мөнхбат тэр бүрт нь аргалан өнгөрсөөр Энхээ дорвитой юм мэдэж авч чадсангүй. Сүүлийн удаа асуухад нь Мөнхбат түүнд

Өнөөдөр чи бид хоёр ерөнхийлөгчийг гэртээ гарсныг л тэмдэглэж байгаа. Чамайг Шин овогтод ажилдагийг би мэднэ. Шин овогт надад энэ бүхнийг хэлсэн

Чамайг группын ерөнхийлөгч болох ажлыг Шин овогт хийсэн үү? хэмээн аль болох найрсаг асуухыг хичээн асуувал Мөнхбат толгой дохиод

Тиймээ Шин овогт бүхнийг хийсэн. Мундаг алсыг хардаг ухаантай хүн дээ

Чи надад Шин овогтын талаар хэлж өгөөч. Би үнэндээ сайн мэдэхгүй

Тэр боломжгүй гэдгийг чи надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Миний мэдэх юм чиний мэдэх хэмжээний л юм байгаа гээд өөрийг хэлсэнгүй. Энхээ Мөнхбатаас ямар ч байсан өнөөдөртөө иймэрхүү байдлаар үг унагаж чадахгүй нь гэдгээ мэдээд тэртээ тэргүй утгагүй байсан тул харих санал тавьбал Мөнхбат ч зөвшөөрөн тэд тооцоогоо хийхээр үйлчлэгчийг дуудав. Энхээ түрүүвчээ гаргаж иртэл Мөнхбат гар дээр нь гараа тавиад

Өнөөдрийн тооцоог би хийчихье. Чи дараа нь болоорой. Энхээ ч зөвшөөрөн толгой дохиод хэтэвчээ далд хийв.

Энхээ гараад үүдэнд бэлэн байсан таксинд суун нэг харих гэснээ болин Нарантуяагийн гэрлүү явав. Тэрээр утсаа гарган дугаарлуу нь залгаж байхдаа өөрийн эрхгүй инээмсэглэх аж.

Байна уу? хэмээн Нарантуяа дуугарвал Энхээ түүнд Харанга хамтлагийн “ Санана даа” дууг өмнөөс нь дуулах нь тэр. Нэг бадгийг дуулж дуусаад

Нараа би танайх руу явж байна. Удахгүй очлоо

Яах гэж?

Санаад байна. Бас баяраа тэмдэглэмээр байна

Чи цаг хэд болж байгааг мэдэж байна уу?

Тиймээ цаг 23 цаг болж байна

Орой болчихсон байна ш дээ хоёулаа маргааш уулзая

Би бараг танай байрны гадаа ирчихлээ гээд утсаа таслав. Тэрээр таксинд мөнгөө төлөн буугаад дээш өлийн цонхыг нь харвал гэрэлтэй харагдахад инээмсэглээд урагш алхтал хажуугаар нь нэг машин дайрах нь холгүй зөрөн өнгөрөхдөө газарт байсан шалбаагийг цацчихав. Энхээ амандаа бүтэлгүйг нь гайхан өмдөө гөвөн хальт цэвэрлээд орц руу оров. Ашгүй цахилгаан шат нь ажиллаж байсанд олзуурхан товчлуураа дарах гэтэл нэг залуу хүлээж байгаарай гэсээр гүйн орж амжив. Энхээ нэг ч их юм бодсонгүй 6 давхрын товчлуурыг даран хэдэн давхар вэ гэтэл өнөөх залуу хамгийн дээд давхар гээд утсаараа нэгийг бичин харагдав. Гэтэл ч цахилгаан шат зургаа дугаар давхар  хэмээн хэлээд хонх нь дуугаран хаалга нээгдэхэд Энхээ буун нүүрэндээ инээмсэглэл тодруулан Нарантуяагийн хаалганы зүг алхтал гэнэт араас нь хэн нэг нь амыг нь дарж байгаад хутгалах нь тэр.  

0 Сэтгэгдэлтэй: