Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /36-р хэсэг/



Нэг л өөрөөр зүрх минь цохилно

Нэг л өөрөөр сэтгэл минь гэгэлзэнэ

Нэг л өөрөөр амьдрал харагдана

Өөрөө л би нэг л өөр болсон мэт

Нарантуяа гэртээ угаалга хийн амандаа дуу аялан их л сэтгэл хангалуун байгаа мэт харагдана. Угаалгын машинаас хувцасаа гаргаад гараараа индүүдэн дэлгэж байтал хаалганых нь хонх дуугарав. Одоохон хэмээн амандаа үглээд явуут дундаа хоёр гараа хувцасандаа арчин очоод хаалгаа тайлбал өмнөөс баглаа цэцэг нүүрэнд нь тулан ирж үнэр нь хамрыг нь цоргиулахад өөрийн эрхгүй найтаачихав.

Баярлалаа шинэ цэцэг байна даа гээд инээн авбал Энхээ

Өглөөний мэнд орж болох уу?

Тэгэлгүй яахав ор л доо. Би гэрээ цэвэрлэж амжаагүй байгаа шүү

Аан би чамайг дандаа л ийм байдаг юм байх гэж бодоод гээд инээхэд Нарантуяа

Яанаа арай ч дээ

За тоглосон юмаа уурлаагүй биз дээ?

Чи дандаа л хүнээр тоглож байх юм гээд цай аягалан урд нь тавагтаа чихэр тавьж өгөөд

Найз нь одоохон угааж байгаа юмаа дуусгаатхий. Чи том өрөөнд ороод сууж бай

За тэгдээ яараад яахав. Тэрээр аягатай цайгаа аван том өрөөнд нь орон зурагт асаавал Ким Ин Хагийн тоглосон кино гарч байлаа. Энхээ киногоо үзэнгээ бодолд дарагдав.

Тэр нэг өдөр Хандыг ухаан орсоныг хараад баярлахын ихээр баярлан Нарантуяаг харвал Нараа нь ч мөн баярласандаа нулимс дуслуулан инээмсэглэж байгаа нь үнхээр хөөрхөн харагдахад түүний мөрөөр нь тэврэн өөртөө ойртууллаа. Гэтэл ч Эрдэнэ, Ханд хоёр тэднийг харан инээмсэглэх нь тэр. Энхээ, Нарантуяа хоёр хэсэг ийнхүү тэдний жаргалтай царайг харан зогсож байгаад харихаар гарах агшинд Баяржаргал эмч тэднийг дуудан өрөөндөө оруулаад өөрөө гараад явчихав.

Яах гэж байгаа юм бол?

Надад ч гэсэн мэдэх юм алга

Ашгүй дээ ингэж нэг хоёулаа ухаан орох гэж, одоо Санчир хүрээд ирчихвэл тэгээд л болоо хэмээн хэлээд Нарантуяа инээмсэглэвэл Энхээ

Харин тиймээ сая нэг хэсэг юу болов оо. Энд ч ерөнхийлөгчийн бие муудаж сандаргаад ажил дээр ч бөөн үймээн бужигнаан болоод

Танай ажил дээр юу болсон гэж?

Мөнхбат гэж новшийг УИХ-ын гишүүн Бүргэд группын ерөнхийлөгчөөр томилчихсон

Юу яахаараа тэгдэг юм бэ? Сан-Эр групп чинь хувийнх биз дээ?

Харин тиймээ бүр удчирдах зөвлөлийн хурлаар ч оруулалгүй шууд томилчихоор нь ажилчид эсэргүүцээд ажил хаялт зарлачихсан байгаа

Тэр Бүргэд гишүүн одоо юу вэ? Улс орноо л гэж явна биз юу яасан группын дотоод хэрэгт ордын. Тэгээд ч ерөнхийлөгч нь амьд байхад

Тийм шүү ёстой чөтгөр бүү мэд. Одоо ерөнхийлөгч ухаан орсон болхоор нэг тийшээ шийдэх байлгүй гэтэл хаалга онгойход хоёул зэрэг харвал эмч биш Эрдэнэ ороод ирэх нь тэр. Энхээ сандран

Хүүе ерөнхийлөгчөө та ингэж явж болж байгаа юмуу? Эрдэнэ хариуд нь юу ч хэлэлгүй инээмсэглэвэл Энхээ

Өө нээрээ та ярьж чадахгүй байгаа ш дээ. Алив хэмээн гараас нь түшин сандал дээр суулгав. Хэн хэн нь юм дуугаралгүй хэсэг чимээгүй сууж байтал Эрдэнэ гэнэт

Та хоёртоо маш их баярлалаа. Одоо би бүгдийг нь хэлэх цаг болжээ. Миний яриаг дуустал таслалгүй анхааралтай сонсож хүлээж аваарай чадна биз дээ хэмээхэд өнөөх хоёр гайхан өөдөөс нь хараад толгойгоо дохицгоов. За тэгхээр ийм байна. Үнэн хэрэгтээ би өвдөөгүй ээ. Баяржаргал эмчтэй хуйвалдаж худлаа ухаан алдсан юм

Юу? Та яаж чадав аа. Тэгхээр та бүгдийг нь сонсдог байсан байх нь ээ хэмээн Энхээ тэсгэлгүй дуун алдвал Эрдэнэ түүний мөрийг аажуухан алгадан

Ингэхээс өөр аргагүй байсан юм. Чамд итгээгүйдээ биш юм шүү. Миний баруун гар байж чадах нь уу гэдгийг давхар би мэдэж авлаа. Миний ингэж ухаан алддаг бүгд Мөнхбаттай холбоотой. Би түүнийг миний эсрэг ямар нэг юм хийх гээд байгааг мэдсэн. Тэгээд чухам нь юу хийх нь вэ? Цаана нь хэнд ашигтай байж болохыг мэдэхийн тулд л ингэлээ. Харин дэндүү хатуу тоглож байж хөгшинийгөө явуулангаа алдлаа. Нарантуяа чи өмгөөлөгчтэй ярьсан гэлүү. Хэдэн ч төгрөг байсан хамаагүй гэж хэлээрэй

Би тэгж хэлсэн л дээ. Гэтэл өмгөөлөгч маань маргааш факсаар баталгаа бичээд явуулчихаарай гэж байна лээ

Аан за хүүгийн минь хэрэг нэг тийшээ шийдэгдвэл бас учиртай

Ерөнхийлөгчөө та одоо тэгээд яаая гэж бодож байна?

Би гарч ирэх цаг нь арай болоогүй байна. Иймд та хоёртой хамтарч түүнд зохих ялыг нь өгмөөр байна

Ойлголоо ерөнхийлөгчөө би таны төлөө бүхнийг хийнэ. Харин энэ хэрэгтээ Нарантуяаг оролцуулахгүй байж болох уу?

Тиймээ тэгэлгүй яахав. Нараа маань өөрөө өөр ажилтай байгаа шүү дээ. Ингэхэд Нарантуяа Санчир чамайг хараад баярлаж байна уу? Нарантуяа юу гэхээ мэдэхгүй доошоо харан сууж байснаа

Эрдэнэ ах минь Санчир маань жаахан хүүхэд шүү дээ. Би түүний хувьд багш нь. Одоо Санчир маань амьдрал үзээд амьдралыг өөрийнхөө нүдээр харж эхэлж байх шиг санагдсан. Тэндээ найз охинтой болсон гэж байсан

Чиний санаа өөрчлөгджээ дээ янз нь? Хэмээн түүний өөдөөс нухацтай харвал Нарантуяа хоолойгоо засан

Бид юу ч болоогүй тэгээд ч дэндүү удаан хол байна. Би Санчирыг тэгэхдээ хэзээ ч мартахгүй бас хаяхгүй. Хэрвээ өөрөө зөвшөөрвөл үргэлж дүү шигээ санаж явах болно

За өөрөө л мэд дээ. Би одоо юу гэхэв. Чамайг уг нь бидний бэр болох нь гэж хичнээн их баярлаж байлаа бид хоёр гээд санаа алдаад инээмсэглэвэл Нарантуяа ч мөн инээмсэглээд

Би танай бэр биш танай хуурай охин болж болно шүү дээ

Тэгэлгүй яахав. За чи хүүгийн өмгөөлөгчтэй ярьж байнга холбоотой байгаарай. Харин та хоёр бусдад намайг ухаан орсон ч ярьж, хөдөлж чадахгүй байгаа гэдэг юм шүү. Энхээ чи маргааш орой хүрээд ир би чамд юу хийх яахыг чинь бүгдийг нь хэлээд өгье. Одоо та хоёр эртхэн харьж амардаа ойрд их ядраа байлгүй

Тэгье ээ ерөнхийлөгчөө би маргааш ажил дээр юу болж байгааг мэдэж аваад орой тань дээр хүрэд ирье. Харин маргааш хүмүүст таныг ухаан орсон гэж хэлбэл болох уу?

Одоохондоо хэрэггүй. Мөнхбат жаахан дураараа дургиж л байг гайгүй ээ чамайг

Энхээ, Нарантуяа хоёр эмнэлгээс гараад сая нэг уртаар амьсгаа аван зэрэг инээд алдацгаав.    

Энэ ингэхэд юу болоод байнаа Энхээ?

Мэдэх юм алга даа хө. Би өөрөө хүртэл юу болоод байгааг ч ойлгохгүй байна. Хоёулаа энэ бүхнийг тэмдэглэнэ гэх юмуу юу гэх юм нэг газар жаахан суух уу?

Тэгье тэгье одоо ингээд шууд гэртээ харьвал би бараг галзуурчих байх гээд инээхэд Энхээ дэмжин инээгээд хоёул Энхээгийн машинд суун хаачихаа ярьсаар Нарантуяагийн гэртэй ойрхон газар суухаар тохирон хөдөлцгөөв.

Нараа ингэхэд чи түрүүн ерөнхийлөгчид жинхэнээсээ хэлсэн үү?

Юуг тэрэв?

Яагаав Санчирын талаархи бодлоо

Тиймээ би Санчирын багш байсан хүн шүү дээ

Тэгвэл одоо надад ямар ч хорио алга тиймүү

Мэдэхгүй юм даа

Тэгвэл намайг хүлээж авлаа гэсэн үгүү?

Энхээ өнөөдрийн хувьд би дэндүү их ачаалалтай байна. Эрдэнэ ахын ярьсан ярианы шокноос гарч амжаагүй байна

Тиймээ тийм шүү би хүлээж чаднаа

Их ядарчээ. Сонин юм даа ажил хийгээгүй байж юундаа тэгтлээ ядардаг байнаа. Яг л дунд ангийнханд анхныхаа хичээлийг заасан юм шиг л сандарч, бас ядарч байх чинь

Аргагүй ээ үг гэдэг хүнийг босгоно чиг, ядраана чиг, бүр үхүүлнэ чиг. Одоо ингэсгээд гаръя өнөөдөр чи минь сайхан амраад ав. Би маргааш ажлаа тараад яваад очье

Яах гэж?

Яах юу байхав найз хүүхнийдээ очиж сайхан хоол идье

Хэн чиний найз хүүхэн гэж?

За за тоглосон юмаа. Наадхаа уучих эртхэн харьж амарцгаая.

Маргааш нь Нарантуяа Эрдэнийн баталгааг гарын үсгийг нь зуруулан бичээд факсаар өмгөөлчид явуулан өдөржин нааш цааш гүйсээр сая нэг гэртээ ядарсан хүн орж ирэв. Цахилгаан зуухаа асаан махаа гэсгээхээр хийгээд хувцасаа сольж байтал хаалганых нь хонх дуугарах дуулдахад бушуухан богино шортоо товчлоод очиж тайлбал өмнөөс нь шинэхэн сарнай цэцэг угтах нь тэр. Гайхан цэцгийг доошлуулбал Энхээ инээмсэглэн

Оройн мэнд орж болох уу хатагтай? Гэх нь тэр. Нарантуяа ингэнэ чинээ санаагүй байсан болхоор гайхан арагш ухарвал Энхээ орон хаалгаа түгжээд гутлаа тайлан түрүүнээс хойш хөшиж орхисон Нарантуяагийн хацар дээр үнсээд шууд орон гал тогооны өрөөний сандал дээр суун савтай боорцогноос нэгийг аван амандаа хийгээд

Хүүхээ би өлсөөд байна цай хийгээд өгөхгүй юмуу

Чи энд юу хийж яваа юм бэ?

Би чамд өнөөдөр ирнэ гэж хэлсэн санагдах юм

Тийм л дээ тэгэхдээ чи анх удаа орж ирж байгаа айлдаа...

Тэгээд юу гэж би гэртээ л ирж байна

Битгий балайраад бай

Тэгээд чи намайг хөөгөөд гарга л даа. Нарантуяа цэцэгээ ширээн дээр тавин саванд ус хийгээд цэцэгээ хийж тавиад

Би хөөлөө гээд чи гарахгүй шүү дээ гээд цай аягалан барьж өгвөл Энхээ

Тийм шүү би гарахгүй гээд их л баяртай инээд алдан сууна.

0 Сэтгэгдэлтэй: