Өвөө өвөө сар америк хоёрын аль нь хол байдаг вэ?
Сар нь хол байдаг юмаа миний охин
Тэгвэл би яагаад сарыг харж байж ээжийгээ харахгүй байгаа юм бэ?
Сар өндөрт байдаг болохоор миний охин харж чадаж байгаа юм, харин америк холоо газар байдаг болохоор чадахгүй байхгүй юу
Аан тэгвэл ээж яагаад тэнгэрээр нисээд явсан юм?
Тэгж явахгүй бол болдоггүй юмаа миний охин
Өвөө би ээжтэйгээ адилхан тиймээ?
Тэгэлгүй яахав, миний охин ээжтэйгээ жигтэйхэн адилхан
Булган охинтойгоо хөтлөлцөн их л жаргалтай мөхөөлдөс долоон алхаж явав. Жаахан охин нь шулганан элдвийг ярина. Тэрээр өөрийгөө ийм жаргалтай байхыг хэзээ хамгийн сүүлд мэдэрлээ. Охиноо харах тусам хайр нь хүрч тэврээд үнсэх гэтэл хаанаас ч юм их дуун гаран зогсоо зайгүй чихэн дээр нь дүнгэнэхэд сая тэрээр огло харайн боссоноо амтат зүүднээс нь сэрээсэнд уур нь хүрч сэрүүлгээ даран унтраагаад: Цагаа олж дуугарахгүй, яг охиноо үнсэх гэж байхад хэмээн үглэсээр нэгэнтээ суниагаад бослоо.
Дахиад л бороо, хэзээ нэг энэ тэнгэр нь онгойх юм бол, гадаа ч бүүдгэр, дотор ч бүүдгэр. За яахав борооны дараа нар заавал гардаг. Би ч гэсэн нэг л өдөр сэтгэлдээ нартай охиноо хөтөлж алхах болно. Тун удахгүй......
Өдөр бүр яг л нэг хэвийн. Өглөө босоод ажлаа хийнэ. Хийдэг юм нь тодорхой. Тэрээр өглөөнийхөө ажлыг хийчихээд хэсэг амарч байхдаа шөнийн зүүдээ санан зургийн альбомоо гарган үзэж байснаа бодолд дарагдлаа.
Уг нь Булган хэзээ ч гадагшаа явна гэж бодож байсангүй. Би зөвхөн монголдоо л байна. Явах нэг нь явна биз, би лав тэр нь биш хэмээн ам дүүрэн хэлээд тас тас инээдэг байж билээ. Охиноо би өөрийнхөөрөө өсгөнө, ээж, аав хоёртоо дараа болохгүй, тэр ч бүү хэл нөхрөөрөө өсгүүлэхгүй гэж байнга хэлдэг байсансан. Ай даа амьдралд ам гарч болдоггүй гэж юутай үнэн үг вэ. Тэрээр нисэхийнхээ өмнөх өглөө унтаж буй охиноо удаан гэгч нь харж билээ. Уйлахгүйг хичээж ээж нт ердөө хэдхэн жил миний охион хэдхэн жил...........хэмээн шивнээд өхөөрдөн бяцхан хөлийг нь үнсэж цэв хүйтэн болсон онжогийг нь илж байтал охин нь сэрчихэв.
Миний охион ээж нь яваад ирье ээждээ юу захих вэ? хэмээн арай ядан хэлээд тэвэрлээ. Гурван нас дөнгөж хүрээд байсан бяцхан охин нь ээжийгээ өглөө нь ажилдаа яваад орой нь ирдэгээр нь бодон Би уйлахгүй та надад харин америкаас зөндөө гоё тоглоом бас дууны CD авчирч өгөөрэй за хэмээн хүзүүдэн хэлэхэд Булган өөрийн эрхгүй охиноо энгэртээ чанга тэврэн мөрөө дэрлүүлээд мэдэгдүүлэхгүйг хичээн чимээгүй мэгшлээ. Нөхөр нь хий л үүдэн дээр бүрзгэр царайлан зогсоно. Сүх үүдэн дээр ирж харчихаад нулимасаа арчин
Чандмаа чи очоод тайвшируулаадхаач, би чадахгүй нь хэмээн эхнэртээ хэлэхэд ээж нь болох 50 эргэм насны авгай хоёр охин дээрээ очин
За миний охин цаг нь боллоо хоцорчихвий, юмаа бүгдийг нь шалгасан уу? Чи ямар танихгүй хүнд орхиод явж байгаа биш, эмээ, охин, өвөө гурав алзахгүй ээ, хэзээ хол явах гэж байгаа хүн чинь уйлж байсан юм. Алив миний охин эмээдээ ир даарчихлаа.
Булган цайгаа арайхийн ууж бараад охиноо дахин нэг шуналтай гэгч нь үнсээд гарлаа.
0 Сэтгэгдэлтэй: