Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө ямагт өөдрөг байлга. “Өөдрөг үзэл – энэ бол аугаа их хүмүүсийн үнэт эрдэнэ мөн”. Хамгийн муу зүйлд ч хамгаас өөдрөг хандахыг хичээ. Гутрангуй хүмүүс мөрөөдлийнхөө үрийг услан тордон ургуулдаггүй, харин цэцэглэх үндэс рүү нь байнга хор цацаж явдаг юм. Бүтэшгүй зүйлийг бүтээнэ гэх, болшгүй зүйлийг болгоно гэх, хүршгүй холд хүрнэ гэх, чадахгүй гэж басамжилсныг чадна гэх өөдрөг сэтгэлтэй байгтун. Өвдсөн ч эдгэрэх, алдсан ч олох, уруудсан ч өөдлөх, зовсон ч жаргах өөдрөг үзлээр жигүүрлэ.
Ямар ч цагт өөрөөрөө байхыг хичээ. “Өөртөө шударга ханд”. Энэ бол онцгой чухал. Хүмүүс чиний тухай юу гэж ярих нь хамаагүй. Бусдыг учир, утгагүй дуурайх гэсний хэрэг огт байхгүй. Чи дахин давтагдашгүй хувь хүн. Байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Хүмүүс чамайг ямар байсан, тэр байгаагаар чинь үнэлж дүгнэнэ. Чи зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л бусдын хүндлэлийг хүлээж, тэдэнд хамгийн их нөлөөтэй байж чадна. Өөртэйгээ эвлэр. Өөрт чинь дутуу, бусдад илүү байгаа өөдтэй өнгөтэй бүхнээс уйгагүй шамдан суралц. Өөрийгөө хөл хүнд эх шиг болгоомжтой авч яв.
Өөрийгөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Чиний бодож төсөөлж байгаагаас хавьгүй их хүч чадал чамд байгаа. Энэ хүч чадлаа дээд зэргээр дайчлан ашигла. Өөрийгөө дутуу үнэлдэг нунж дорой байдлаасаа даруй салах хэрэгтэй. Би чадахгүй, миний ухаан хүрэхгүй, мань мэтийн санаа саванд багтахын аргагүй гэж өөрийгөө дутуу үнэлэн, дорд үзэж болохгүй. Иймэрхүү өөрийгөө басамжилсан бодол гэгээн мөрөөдлийг чинь хулгайлна. Бид бүх л амьдралынхаа турш хүч гарган шатаар дээшээ мацдаг. Оройд нь гарч чадна гэсэн итгэл зүтгэлээр цуцалтгүй авир. Хувь заяа бид бүгдэд янз бүрийн, заримдаа бүр аймаар, халширмаар сорилт дэвшүүлэн тавьдаг. Гэм нь өмнөө, гэмшил нь хойноо, гэсгээл хатуу мөч тулна. Энэ мэт хатуу хөтүү үе тулгарахад давж гаран, туулан дийлэх сэтгэл, итгэлийн хүчээ хураан хуримтлуул. “Авьяастай, хөдөлмөрт дуртай хүний хувьд саад тотгор гэж байдаггүй” юм.
Боломжийг хэзээ ч бүү алд. Болгоё, бүтээе гэж зоригловоос болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй. Боломж чамайг байнга хүрээлж, айл саахалт буусан байдгийг мэд. Аз хийморь дагуулсан алтан боломж өглөө болоход наран мандахтай адил үргэлж тохиодоггүй гэдгийг сана. Алтан боломжийг алдаж хэрхэвч болохгүй. Бүх боломжоо шавхаж гүйцлээ гэж бодогдохоор шантрам хүнд байдалд орлоо ч өөр боломжууд заавал байх ёстой гэдэгт эргэлзэхгүй итгэх хэрэгтэй. Боломж шавхагдашгүй нөөцтэй. Бүр чиний бодож төсөөлж байгаагүй илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн гол нь илүү сайн боломж гарах сайн цаг ирнэ гэдэгт бат итгэ. Тэрхүү боломжийг идэвхгүй хүлээгээд суух биш, эрхайж олох ёстойг ухаар.
Даруу бөгөөд даруулгатай бай. Оргилд нь цойлсон амжилт гаргаж, олон түмний хүндлэлийг хүртэн хүлээлээ ч их зан гаргаж, биеэ бүү тоо, даруу бай. Хүрэх амжилтандаа бүхэлд нь хүрсэн, зорьсон зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж сэтгэл ханан, санаа цадаж бүү тайвшир. Хүрэх гэж зориглон тэмүүлэх өөр өөр өндөр оргилууд үргэлж байдаг юм. “Даруу зан бол аугаа их үйлсийн эх мөн”. Даруу бус байдлаас болоод тэнгэрлиг авъяастан хэчнээн олон хүн тэнэгтэн сагсуурч өөрийгөө баллан, аугаа их үйлсээ гүйцэлдүүлж чадалгүй замын хугаст төөрч будилсан билээ дээ. Ухаалаг байцгаа. Даруу зан дутагдах нь их төлөв ухаан дутсанаас үүдэлтэй байдаг юм. Даруулгатай байцгаа. Даруулгагүй хүн өндрөөс нисэж, усанд ойчиж, халуун нурман дээр нүцгэн хөлөөрөө гишгэхээс холгүй харайлгаж явдаг юм. Хамгаалалтын бүсэн даруулга автын ослоос хамгаалдаг бол, сэтгэлийн даруулга биеэ тоох хийгээд, сагсуу ойворгон, ухаан дутуугаас үүдэлтэй муу бүхнээс хамгаална.
Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлхээр зүтгэх нь чиний амьдралд тохиох хамгийн хэцүү, халширам ядаргаатай зорилт байж магад. Гэхдээ үүнээс буцаж, цуцаж болохгүй. Амжилтын тулгуур багана нь хэзээ ч бууж өгөхгүй, яасан ч шантрахгүй байх эр зориг юм. “Няцашгүй зориг ямар ч саадыг давдаг”. Зорилгодоо хүрэхийн тулд тэсвэртэй, тэвчээртэйгээр өөдөө махран мацсаар бай. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чаддаг”. Хялбар олдсон бүхэн үнэ цэнэ багатай. Зовлон туулж, хөлсөө дуслуулан, сэтгэлээ чилээж бий болгосон бүтээсэн бүхэн үнэ цэнэтэй, үр өгөөжтэй.
Мөрөөдлөөсөө яасан ч ухарч болохгүй. Тэвчээр заан, бие хийгээд сэтгэлийн хүч, тэнхээгээ дайчлан урагшил. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарч хэрэггүй. Хэзээ ч ухарч, няцаж, шантарч болохгүй. “Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй”. Амжилтад хүрэх оюун билэг, ид чадал чамд байгаа. Хийж байгаа ажилдаа итгэж байгаа бол амжилтад хүрнэ гэдэгтээ ч бүрэн дүүрэн итгэх ёстой. Ямар нэг саад бэрхшээлийг давахад чиний өөрийн бодол, хүсэл зориг, зөн совин, итгэл сэтгэл хамгийн чухал гэдгийг үргэлж сана. Хоол хийлгүй хоосон жорыг нь цээжиллээ гээд өлсгөлөн хүн цаддаггүйтэй адил ажиллаж хөдөлмөрлөн, хүчээн зүтгэхгүйгээр хий хоосон мөрөөдөлдөө умбан суугаад амжилт олохгүй. Мөрөөдөл чинь чиний хүрч чадах сүмбэр оргилын дээд торгон цэгийг зааж байдаг юм. Мөрөөдлийнхөө оргилд хүрсэнээр хожим үр шимгүй амьдарч дээ гэх харууслаас чи өөрийгөө аварна. Мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүл.
0 Сэтгэгдэлтэй: