Замилан хорвоо 9-р хэсэг

Сайханаа гэрээсээ гаран эмнэлэг орохоор явж байхдаа тоймгүй ихээр айх ч шиг баярлах ч шиг сонин мэдрэмжид хүлэгдэн арайхийн яваад очвол зүс мэдэх эмэгтэйчүүдийн эмч Гэрэл түүнийг их л найрсагаар угтан авлаа.

За сайн уу бие сайн уу?

Сайн сайн би зүгээрдээ

Тэгээд наад царай чинь яагаав?

Мэдэхгүй харин чам дээр ирнэ гэсэн нэг л гомдлын мөр тасрах гээд ч байгаа юм шиг сонин болоод байна

Хэ хэ хэ зүгээр дээ миний бичиж өгсөн эмүүдийг уусан уу?

Тэгсэн чиний эмчилгээг бүгдийг нь яг таг биелүүлсэн

За сайн байна. Би харин чамайг ирэхгүй болохоор гайхаад ярьдаг юмуу гэтэл амждаггүй. Тэгсэн ашгүй өөрөө хүрээд ирлээ. За найз нь үзлэг хийе хувцасаа тайлаад ороод ир. Сайханаад тэр хэдэн минут яг л хүнд ял сонсох гэж байгаа хэрэгтэн шиг хэцүү байсанд хулгасхийн өрөөнд нь ороод орон дээр гаран хэвтлээ. Гэрэл хуруугаа оруулан нэг гараараа давсаган дээр нь дарахад их хөндүүр байсан тул өөрийн эрхгүй зайлах гэтэл

Хүүе болоогүй байна. Жаахан охин шиг юм болох нь уу хэмээгээд инээхэд Сайханаа юу ч дуугарах сөхөөгүй байсан тул дэмий л хариуд нь инээмэр аядан биеэ сулаллаа. За босоод ир найз нь эход хараадахъя. Гэрэл эход харах тэр хэдэн минут түүнд хэдэн зуун шиг удаан санагдахад тэсгэл алдан

Яасан өөрчлөлт байна уу, боломж байна уу? Хэмээн ар араас нь угсруулан асуухад Гэрэл өнөөх л инээмсэглэлээрээ инээгээд

Одоохон дууслаа яарч байгааг чинь ойлгож байнаа хэмээсэнээ дахин нэг гүйлгэж хараад босон шүүгээгээ онгойлгон тест өгөн за үзчихээд ир болсон л юм шиг байна даа. Сайханаа үүнийг сонсоод сандран чичигнэсэн гараар асган цутган өгсөн саванд нь жаахааныг хийчихээд өрөөнд нь очин хоёул харан суутал яах ийхийн зуургүй хоёр зураас гараад ирлээ. Сайханаа хараад баярласандаа хашгиран уйлбал Гэрэл эмч мөрийг нь илэн өнөөх л сэтгэл татам сайхан инээмсэглэлээрээ шагнаад

За баяр хүргэе бүсгүй минь ингээд л ээж болох нь дээ

Эмчээ би үнэхээр жирэмсэн болчихлоо гэж үү? Би ханиасаа хүүхэдтэй болчихлоо гэж үү

Тиймээ чи минь болчихсон байна. За ашгүй дээ ингээд хоёулаа хичээсэнийх ямартаа ч үрийн зулай үнэрлэх боллоо. Энэ чиний анхны хүүхэд гэлүү?

Үүнийг сонсоод Сайханаа балмагдан сандран нүүр нь чимчигнээд ирэхэд дуугүй доошоо харан толгой дохин голоод гарсан охин нь гэнэт санагдан өрөвдөхийн эрхэнд өөрийн эрхгүй нулимс унагачихав. Гэрэл харин үүнийг нь хүүхэдтэй болсондоо баярлаж уйлж байна хэмээн бодоод

Одоо тайвшир даа хө ямар ч байсан хоёулаа зүтгэсэнийх хүүхэдтэй болоод авлаа. Одоо харин сайн гамнаж байгаад төрүүлчихсэн хойноо л нэг сайхан дотороо онгойлго доо

Харин тиймээ эмчээ би бүр...үгүй юу ч гэмээр юм бэ дээ хэлэх үг олдохгүй байна ойлгож байгаа биз дээ

Тэгэлгүй яахав сайн ойлгож байнаа чамайг. Манай Зоригт ч бүр намайг эмч юм бол чи хүүхэдтэй болгож өг гээд хэ хэ хэ

Би ч айж бишээ гайхаж байлаа. Эмчээ тэгээд манай хүүхэд хэвийн хүүхэд байгаа биз дээ?

Иш Сайханаа минь юу ярина вэ. Эрүүл хүмүүсээс хэвийн эрүүл хүүхэд төрөлгүй яахав. Тэгээд ч одоо юу мэдэгдэхэв яасан дэмий юманд санаа зовдог юм

Харин юу л даа...гээд цаашаа хэлж чадсангүй түгдчиснээ за за нээрээ дэмий юманд шаналж байх юм. За маш их баярлалаа би одоо явъя даа Зоригтийг орой ирэхэд нь баярлуулъя хэмээгээд мөн л инээмсэглээд баяртай гэсээр тэндээс гарлаа. Яанаа энэ хүүхэд маань хэвийн л одой биш байгаасай бурхан минь. Цэвэг бид хоёр ч гэсэн хоёулаа хэвийн байтал охин минь одой төрчихсөн тэгээд би охиноо голоод хувь заяанд нь даатгаад гарсан арчаагүй ээж юм шүү дээ. Тэгтэл одоо энэ үр минь бас л одой төрчихвөл би одоо яанаа. Ээж намайг бага залууд хэлж байсан үг одоо гэнэт санагдах чинь юу болж байнаа. Нээрээ ээж маань айлын өргөмөл охин төрүүлсэн эх нь бас одой хүн байсан тэгээд ээжийг асарч дийлэхгүй болохоор нутагийнхаа хүүхэдгүй хоёр хүнд өргүүлсэн гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ? ингэж бодохын сацуу нуруун дээрээс нь хүнд лантуугаар нүдэх шиг болоход өөрийн эрхгүй дуун алдаад ойролцоох сандал дээр арай хийн суун туслаа.

Зоригт орой гэртээ иртэл эхнэр нь ажилаасаа эрт ирсэн бололтой ширээ засан дуртай хоолыг нь хийн түүнийг хүлээж суув. 

Хөөх энэ чинь өнөөдөр баяр болж байгаа юмуу?

Тиймээ чи бид хоёрын баяр бүр маш том баяр болж байна

Ямар баяр билээ. Танилцсан өдөр юмуу?

Үгүй

Тэгээд?

Чи өөрөө таа л даа

Би яаж таах юм бэ. Ямар ч сэжүүр байхгүй тийм гээд таамаглах ч юм байхгүй байхад хэлчих л  дээ

Сайханаа Зоригтын хойно нь очин араас нь тэврээд чихэнд нь аажуухан “ Чи минь аав болох нь “

Юу нээрээ гэж үү, хэзээ, яаж, хэн тэгж байна...хэмээн ар араас нь давхцуулан үсрэн босч ирээд хоёр мөрнөөс нь барин өөдөөс нь хараад худлаа тоглоогүй биз

За би юу боллоо гэж ийм юмаар тоглох юм бэ. Ямар жаахан охин байгаа биш. Би өнөөдөр Гэрэл эмч дээр очиж үзүүлсэн

Тэгээд Гэрэлээ бас тийм гэж байна уу?

Сайханаа хариу хэлэлгүй инээмсэглээд толгой дохивол Зоригтын гар нь сулран сандал дээр лагхийтэл суусанаа ширээн дээрхи архийг задлан хоёр хундаганд хийгээд

Ингэж нэг удаан хүлээсэний эцэст болдог юм байжээ. Энэ бүхэн үнэхээр болж байна гэж үү...хэмээн өөртэйгээ ярьсанаа нэг хундагаа Сайханаад өгөн: Энэ сайхан мэдээг дуулгасан өдрийн төлөө. Хойшдоо хоёулаа бишээ хүүхдүүдтэйгээ энэ өдрийг баярт өдөр болгон заавал тэмдэглэж байх болно...гээд илүүг үл ярин өөрийнхийгөө нэг амьсгаагаар уусанаа нэгэнтээ санаа алдахад Сайханаа юу ч үл дуугаран инээмсэглэн харж байсанаа мөн л ёслохоор хундагатай архиа амандаа хүргэвэл Зоригт

Чи битгий уугаарай миний хүүд болохгүй шүү

Сайханаа гэнэт тогломоор санагдаад: Ганцхан хундагийг уучихад яав л гэж

Юу яриад байгаа юм бэ чи

Тэгвэл чи яах гэж хийж өгсөн юм хэмээгээд тэсгэл алдан писхийтэл инээд алдахад Зоригт үнэнээсээ уурлан өөдөөс нь муухай харан суухад Сайханаа инээсэн чигтээ

За за тоглож л байхад чинь сүртэй юм бэ. Би уув л гэж

Тийм байлгүй дээ...хэмээгээд атирсан хөмсөгөө тавин даган их л баяртай буй бололтой ихээр инээд алдлаа.

Цэдэн санасан хэрэг нь бүтсэн тул их л баяртайгаар Чаминсайханыг өрөөндөө дуудан хажуудаа суулгаад үсийг нь илбэн зулай дээр нь үнэрлэсэнээ

За охин минь маргаашаас чи ажил орох боллоо доо. Нэг хувийн эмнэлэгт цэвэрлэгчээр орж байгаа. Ажилаа сайн хийгээд олон юм сураарай миний охин

Хөөх нээрээ юу...тэгээд намайг үнэхээр авах болчихсон уу?

Худлаа авна гэж байдаг юмуу хэмээгээд инээсэнээ миний охиныг авалгүй яахав. Чиний хөл, гар чинь эрүүл ажилаж байгаа бас чи эрүүл ухаантай юм чинь хаана ч ажил хийж чадна шүү дээ

Тийм л дээ тэгэхдээ би...хэмээгээд доошоо харвал Цэдэн түүний толгойг илбээд

Ах нь юу гэж хэлдэг билээ. Битгий өөрийгөө голж чамлаж бай. Чи өөрийгөө тоохгүй бол өөр хэн чамайг чам шиг тоох билээ. Эдэнд байхгүй ч надад байгаа, эд чадаж байхад би юугаараа дутдаг юм хэмээн үргэлж бодож өөрийгөө хайрлаж яваа охин минь. Өөрийгөө хайрлаж чадсан хүн л бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг юм шүү дээ. Чи өөрөө өөртөө таалагдахгүй бол өөр бусдад таалагдах гэж мянга хичээгээд ямар хэрэг байна. Мөн их хэлэх юм даа чи нэг л наад би бол одой хүн бусдаас өөр муухай гэдэг бодолоосоо ангижрахгүй надад мөн их хэлж байна одоо болио мэдээ

Харин тиймээ таны хэлсэнийг их л бодох юм. Ямар азаар би таньтай тааралдаваа. Хэрэвээ ийм сайн хүнтэй тааралдаагүй бол би өдийд юу хийж яаж явах байсан бол бурхан минь

Чиний санаа зөв болохоор заяа чинь түшээд яваад байгаа юм шүү дээ. Тэгэхээр миний охин ажилаа л бусдын дор оролгүй бүр илүү гарч хичээж хийдэг юм шүү. ЯЛГАРЧ АМЬДАРЧ ЯЛЖ ЯВ үүнийг хэзээ ч битгий мартаарай

Би хичээнээ өвөө. Ямарч байсан таны нэрийг хөөдөхгүй ээ

Зөвхөн миний нэрийг хөөднө гэж хичээгээд хэрэггүй. Би бол тусдаа би Цэдэн гэж хүн харин чи бол тусдаа Чаминсайхан гэж хүн. Тэгэхээр өөрийнхөө нэрийг л хичээж яваарай ойлгоо

За....

Сайн охин чи надад их тус хань болж байна. Одоо эртхэн юмаа хийчихээд амардаа маргааш хоцролгүй оч. Ах нь чамд ганц л зүйл захъя чи маш сайн хариуцлагатай байгаарай...хэмээснээ хэтэвчээ уудлан түүнд 5000 төгрөг өгөөд ажилтай болсоныг чинь мялааж байгаа юм гэхэд Чаминсайхан баярлах, уйлах зэрэгцэн өрөөндөө орон маргааш шинэ ажилд орох юмаа бэлдэж байгаад гэнэт барих цүнхгүйгээ санан Цэдэнгийн өгсөн 5000 төгрөгөөр зах гарч цүнх авахаар гэрээс гарах гэтэл Цэдэн дуудан

Гарах ажил байгаа юмуу миний охин?

Харин тиймээ маргааш барих цүнх байхгүй юм байна. Зах гарч нэг цүнх авдаг юмуу

Тэгээд мөнгө байгаа юмуу чамд?

Байгаа байгаа сая таны өгсөн 5000 төгрөгөөр авчихъя болох уу?

Юу болох уу гэж. Наадах чинь чиний л мөнгө шүү дээ. Нээрээ анх ажилд орж байгаа хүнийг би гэж мунгинуу хүн яагаад санасангүй вэ хэмээснээ хэтэвчинээсээ мөнгө гарган нэмж өгөөд

Одоо зах хүн ихтэй байгаа. Наад мөнгөө нэмээд ойролцоо дэлгүүрээс авчих

Үгүй зүгээрээ та надад өгсөн ш дээ

Зах гарахаар оройтоноо чи дуугүй л наадахаа ав. Хэцүү байвал цалинтай болохоороо надад буцаагаад өгчих мэдээ

За тэгье таньд маш их баярлалаа гэсээр гүйх нь холгүй гэрээсээ гарлаа. Тэрээр Цэдэнгээс авсан мөнгөө алдчих вий гэсэн байртай тас атган явсаар барааны дэлгүүр орон лангуунаас лангуу хэсэн энийг ч үзэн тэрийг ч харан явсаар. Гэнэт түүний хажууд нэг л танил дуу. Тэрээр өнөөх сайхан баярлаж байсан сэтгэлийг нь иртэй хутгаар зүсээд авах шиг өнөөх дуунаас жихүүцэн холдохоор дээшээ харвал Сайханаа мөн Чаминсайханыг хараад хиртхийн зогтусаад бушуухан холдохоор Зоригтыг сугадан нүүр бууруулан эргэв. Чаминсайхан ээжийнхээ том болсон гэдэсийг хараад өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс хураад ирэхэд мөн л тэндээс цүнхээ ч авалгүй гарлаа.

0 Сэтгэгдэлтэй: