ЧАМД Л ХАРУУЛАХ ГЭЭД


Чамд л харуулах гээд
Харанхуйн өнгөтэй цамцныхаа
Энгэрт би
Эрвээхэй зүүж очсон
Цээжнээс минь
Цэцэгс үнэртсэн гэж тэр надад хэлсэн

Чамд л харуулах гээд
Усан мэт өнгөт
Хумсныхаа толион дээр
Цалин цасыг будрааж
Түүний гэгээнд үзэг минь хүртэл
Гялбасан гэж тэр хэлсэн

Чамд л харуулах гээд
Уйтгарт харцныхаа
Гүн тусгалыг далдлах гэж
Уран ялдам инээмсэглэл барьж оёод
Тэнгэрийн оддыг хацартаа түгээж
Тэр болзоонд би очсон

Харин чи. . .
Навчис бударсан хүйтэн өдрөөр яаж
Эрвээхэй зүүж ирснийг минь ажаагүй
Надаас, гаран дээр минь яагаад
Цас хайлахгүй байгаа ч асуугаагүй
Инээмсэглэлээс минь үүлгүй хэрнээ
Бороо ороод байгааг ч үзээгүй
Энэ өдөо би ганцхан чамд л зориулж
Өөртөө орчлонг дурлуулсныг мэдээгүй ээ. . .
Эх сурвалж: Э.Бүжинлхам

0 Сэтгэгдэлтэй: