Хорвоо дэлхийн бүх зүйл учир холбогдолтой. Харин хүмүүний учир нь амьдрах. Хүн бүр адилгүй. Хэн ч байлаа гэсэн түүнд амьдрал, амьдралын утга учир бий. Түүнийг л олж харах хэрэгтэй.
Чаминсайхан ажилдаа ирэн юу ч бодож саналгүй ажилдаа орлоо. Угаасаа тэр нэг их зүйл ч бодоод байдаггүй аж. Өнөөдрийг хүртэлхи түүний амьдрал бусдаас өөр байсан болоод ч тэрүү тэрээр амьдралд дурлаж, шунаж байсангүй. Бага байхдаа өөрийгөө анзаардаггүй анзаарсан ч мэддэггүй байсан юмуу нэг их сүйд болж элдэв зүйл боддоггүй байж. Анги ахих тусам охидууд нь хөвгүүдтэй үерхэж найзлаад ирэх үеэс л өөрийгөө үеийхэнээсээ хэт намхандаа гутарч гуньдаг болов.
Ангийхан нь түүнийг
Чамиа чамд нэр чинь гоёдчихэж ээ. Чамайг чамин сайхан гэж юм бол энэ хорвоо дээр муухай охин гэж олдохоо байх нь ээ гэхэд бүгд инээлдэцгээхэд Чаминсайхан ичсэндээ өөрийн эрхгүй уйлчихдаг байв. Анги ахих тусмаа тэрээр ангидаа явахад хэцүү болсон тул үүнийгээ аавдаа хэлэхээр шийдэн нэг өдөр хоолоо идэж суухдаа зориг гарган
Ааваа би сургуулиасаа гармаар байна
Яасан миний охин
Надад үнэхээр хэцүү байна, би яагаад ийм төрчихсэн юм бэ хэмээгээд уйлахад нь аав нь толгойг нь илээд
Миний охин ямар байлаа ч гэсэн аавдаа бол хамгийн сайхан охин юм шүү
Битгий худлаа ярь. Би таньд сайхан байгаад яах юм. Манай ангийхан намайг нэр чинь гоёдчихсон байна гээд шоолцгоогоод байна ш дээ хэмээгээд бүр ихээр эхэр татан уйлах нь тэр. Цэвэг яах учираа олохгүй тамхиа нэрэн гэрээс гарав. Гадаа тамхилж зогсонгоо охиноо өрөвдөх ч шиг. Уг нь хэнд ч гэм хоргүй нэгэн сэн.
Цэвэг нэгэн үйлдвэрт ачигч хийдэг байхдаа тэрээр үйлдвэрийнхээ бүсгүй болох Сайханаатай залуу улсын хориогүй сэтгэлээр дурлалын хөшиг татаж билээ. Сайханаа бүсгүй ч хөл хүндтэй болж Цэвэгийн сэтгэл цээжиндээ тогтож ядан хөл нь газар хүрэхгүй шахам хөөрч гүйсэн нь саяхан. Гэтэл охин нь төрөөд хоёр нас хүрэхэд нь одой хүүхэд болох нь мэдэгдэв. Нэгэнт мах цусны тасархай болохоор тийм байлаа ч өхөөрдөм хөөрхөн хайр татсан нэгэн байлаа. Охиныг зургаан нас хүрсэн тэр нэг төрсөн өдрийн орой охиндоо дуртай бэлэгийг нь аван иртэл охин нь гэртээ ганцаараа бүртэлзэн сууж байх нь тэр.
Миний охин ээж нь хаачсан юм бэ?
Мэдэхгүй таньд энийг өгөөрэй гэсэн хэмээгээд атга цаас сарвайснаа: Ээж намайг үнсээд энэ мөнгийг өгөөд дуртай юмаа аваарай, ээжийгээ уучлаарай гээд уйлаад гарсан гэхэд нь Цэвэг хуудас цаасыг сандран дэлгэхэд << Та хоёр намайг уучлаарай. Би амьдралтай болсон....>>
Цэвэг ууртай нь аргагүй бүх уураа тэр өчүүхэн цаасанд гаргах гэсэн мэт хамаг хүчээрээ базан хөмхийгөө зуухад Чаминсайхан аавыгаа хараад айсандаа уйлчихав.
Дуугаа байгаач чи юундаа уйлсан юм...хэмээн хашгирахад айсандаа таг дуугаа болон чимээгүй мэгшин уйлахад Цэвэг бүр ч ихээр хашгичин яасан муу ёртой юм чи чимээгүй бол гэхийг дуулахгүй байна уу хэмээгээд ширээ шаахад Чаминсайхан айсандаа хүүхэлдэйгээ тэврэн буланд шигдэн суулаа. Цэвэг охины төрсөн өдөр тэмдэглэнэ хэмээн авсан архиа задлан шилээр нь залгилахад нүдийг нь даган нулимс хорсгон урсахад хөлдөө тааралдсан сандлаа өшигчин ширээн дээрхи зассан идээг нураан хашгичив. Чаминсайхан аавынхаа энэхүү төрхийг хараад бяцхан зүрх нь цээжиндээ багтахгүй оволзон чичрэн сууна. Цэвэг хашгичин хамаг бүхнээ сэндийлж нөгөө архиа нэг гартаа барьсан чигтээ гуд гуд залгилан яг л галзуу солиотой хүн аятай авирлан амандаа хараал урсган байсанаа сая гэнэт охиныг хараад очин мөрнөөс нь бахим гараараа атган босгож ирээд
Эхдээ гологдчихоод юундаа эгэрээд байгаа юм чи, чамаас болж миний амьдрал ч сүйрлээ яг одоо зайл тэр эхийгээ олж ир
Би хаанаас олох юм бэ ааваа? хэмээн Чаминсайхан ээрэн барин асуувал
Хаанаас олохоо чи өөрөө мэдэхгүй юу зайлаад өг чамайг хармааргүй байна
Чаминсайхан аавынхаа энэ авираас айсандаа хөдөлж ч чадахгүй бүлтэгнэн өөдөөс нь доголон нулимстай нүдээр харан зогсоно. Зургаахан настай охинд дэндүү ахадсан шийтгэлийг зогсоох буянтан нэг ч байсангүй. Цэвэг хэдий охиноо хөөсөн ч гараасаа тавьсангүй. Ийнхүү орилж, орилж сая нэг унтав. Чаминсайхан хоёр хацараа хорсож улайтал уйлсан ч айсандаа түүний нулимс нь зогсохоо мэдэхгүй урсан хорсгоно.
0 Сэтгэгдэлтэй: