АМЬДРАЛААР БҮЖИГЛЭНЭ


Үхэл амьдралын зааг мэт хутганы ирэн дээр бүжиглэнэ
Үзгээр давшлах нөхрийн үгэн хэлхээн дээр бүжиглэнэ
Үйлийн үрээс айлгүй хайрын тоглоомоор бүжиглэнэ
Үхэх төрөхөөс эмээлгүй эрэмгий зоригоор бүжиглэнэ

Эрчлэн босох зовлонгийн гүн ёроолоор бүжиглэнэ
Эргэх энэ орчлын энхийн дуугаар бүжиглэнэ
Дасаж багласан хүлээсийг тас үсэртэл бүжиглэнэ
Дуугүй суух нэгнийг дуу аялтал бүжиглэнэ

Дулийрсэн тэнгэрийн хэнгэргийг цоолон байж бүжиглэнэ
Дүнхийсэн уулсын хормойг нүхлэн байж бүжиглэнэ
Хаяад явсан бүсгүйг эргэж хартал бүжиглэнэ
Халирч одсон жаргалыг буцаж иртэл бүжиглэнэ

Ханх татуулсан мунхагийг үнс болтол нь бүжиглэнэ
Хахир хүйтэн бүхнийг халуу дүүгтэл нь бүжиглэнэ
Доголон нулимст орчлонг хайраар дүүртэл нь бүжиглэнэ
Домог болсон ухамсрыг дотроо огшоотол нь бүжиглэнэ

Дайртуулж унагасан тачаалын сүнсийг зайлтал бүжиглэнэ
Дардайж харласан үйлийг тэнийж ариустал бүжиглэнэ
Бүх юмсаар наадан бүжиглэнэ
Бурхадын дүрд хувилан бүжиглэнэ

Тийм ээ би амьдралаар бүжиглэгч
Тэнгэрийн орноор аялан бүжиглэгч
Тэнгисийн усыг цалгиулан бүжиглэгч
Тэргэл сарантай хослон бүжиглэгч


Бүжиглэнэ ээ,,, би бүжиглэнэ
Аниргүйн чанадад бүжиглэнэ...
Бүжиглэнэ ээ.., би бүжиглэнэ
Оршихуйн зүрхэнд бүжиглэнэ..

0 Сэтгэгдэлтэй: