Хайртай гэж хэзээ ч чамд хэлэхгүй...

Нүүж яваа үүлэнд
Нууж унагасан нулимсаа дайлаа
Нууцхан гуниг минь бороо болоод
Нүцгэн шөнө цонхон дээр чинь асгарч байгаа
Хэлж амжаагүй хайрын үгээ
Хээрийн цэнхэр салхинд нуулаа
Эрх хонгор тэр салхи
Эхнэрээс чинь нуугдан нүдэн дээр чинь үнсэж байгаа
Амьдрал болоогүй гэгээн хайр
Ахиж хэзээ ч уулзахгүй богинохон учрал
Эрээн даашинзны өнгөтэй хээнцэр өдрүүд
Эргэж ирэхгүйгээр тэнд хоцорсон
Хайртай гэж уруул дэлгэж чамд би хэлэхгүй
Хагацлын тухай үлгэр амар сайхандаа жаргахгүй
Чамд л ганцхан удаа өгсөн энэ хайрыг би
Чандын чанд сэтгэлийнхээ үзүүрт нуучихсан
Сэмэрч үл барагдах итгэлдээ бөхлөж
Сэрж чадахгүй зүүднийхээ гүнд аргамжчихсан
Хайртай гэж хэзээ ч чамд хэлэхгүй
Хагацал хийгээд учирлын тухай чи мөрөөдөх хэрэггүй

0 Сэтгэгдэлтэй: