Дахиад уулзахгүй гэж хэлэхэд чинь
Даарсандаа зүрх минь дагжин чичирч байсан
Тантай тааралдахыг ч хүсэхгүй байна гэж зөрүүдлэхэд
Тэнгэсийн шуурга сэтгэлд минь дэгдсэн
Тэр шуурга эцэж цуцахаа мэдэхгүй хэсүүчилж
Тэвчээргүй зүрхийг минь санахын ялаар шийтгэж
Гал мэт бардам занг минь нугачин хаяж
Ганцаардлын манан дунд намайг орхисон байна
Хүлээж чаддаггүй сэхүүн аашийг минь
Хүлж, баглаж орхиод буцсан байна
Омогшин асах халуун сэтгэл дээр минь
Огт арилж балрахгүй мөрөө үлдээсэн байна
Ганцхан удаа уулзсан хэрнээ би
Ганцаардах бүртээ таныг үгүйлэн санаж байна
Битүүхэн гуниж, чимээгүйхэн шаналах энэ ялыг
Би таныг хайрласныхаа төлөөсөнд авсан байна
Эх сурвалж: Нүүдэл
0 Сэтгэгдэлтэй: