Гараас чинь атгахыг хэчнээн их хүссэнийг минь чи мэдэхгүй
Ганцаардсан салхитай хундага тулган уйтгарлаж
буйг минь гадарлахгүй...
Үнсэлт чинь миний бийр болж бид амьдралыг зурах байсан
Үүрд чамдаа л зориулах сэтгэл рүү минь өнгийгөөд нэг хараач
Үгүй ээ, гэж хэлэхээсээ өмнө зүрх рүү минь ажсан бол
Үнэн хайрын минь дуулал ямар эгшиглэнт болохыг мэдрэх л байсан
Гашуун нулимс зүрхнээс минь нэг нэгээр дусалж
Ганцаардсан намрын уйтай өдөр чам дээр би шивэрнэ
Зөөлөн бороо хацрыг чинь илбээд өнгөрвөл
Зөвхөн чамайг би үнсэхийг хүссэн гэж бодоорой.
Өвлийн жихүүн өдрөөр чамайг санахдаа
Өөрийн минь сэтгэлээс хөвсгөр үүлс хаялана
Чимээгүй будрах цасан алган дээр чинь буувал
Чинийхээ гараас атгахыг хүссэн гэж санаарай.
Хонгор минь дүүлэн өндөрт нис дээ, нис
Хорвоод жаргах гэж ирсэн чи минь, инээмсэглэж яваарай
Хэрвээ чамдаа би зүрхээ өгөх хувьгүй л юм бол
Хэзээ ч гунихгүй гэж ганцхан наддаа амлаач.
0 Сэтгэгдэлтэй: