ТА САЙХАН ХАРАГДВАЛ СЭТГЭЛ САНАА ЧИНЬ ӨӨДРӨГ БАЙХ БОЛНО

Бидний амьдралд бухимдах зүйл зөндөө гардаг. Өглөө ажлаасаа хоцрох, ажлаа амжуулж чадахгүй байх, автобус унаанд чихэлдэх, эд зүйлээ хулгайд алдах гээд уур хүрмээр зүйл өдөр бүр л тохиолддог. Хаашаа ч харсан бухимдсан, хөмсгөө зангидсан хүмүүс яаран сандран алхаж явдаг.

Хараал урсгах ч энүүхэнд. Ингэж бухимдсан хүмүүс амархан ядарч сульдан, хэтэрхий эмзэг болж ядарсаар туйлдаа хүрдэг. Ийм болсон хүн амархан унтаж, бас өлсч, амархан уурлаж гомддог болчихдог. Уур уцаартай байдал хүний нервийн системийг туйлдуулж сэтгэл мэдрэлийн гүн хямралд оруулдаг. Тэгвэл бид энэ удаа хэрхэн эд эсээ үхүүлэлгүй тайван байж, ажил амьдралаа зохицуулах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сур
Бухимдахгүй байхыг хүссэн хүний хамгийн эхэнд мөрдөх зүйл бол өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сурах. Ингэж хэвшвэл та бүх ажлаа амжуулж чадна гэдэгт итгээрэй. Энэ бол хүнээс тийм ч их хүч хөдөлмөр шаардаад байх зүйл биш шүү дээ. Эрт босч чадвал та яаран сандран зарим зүйлээ мартаж мунгинахгүй.
Хоёр дахь дүрэм бол өглөөний хоол, маргааш өдөр хэрэглэх зүйлээ урьд өдөр нь бэлтгэж сурах. Ингэвэл таныг өглөө босоход бүх зүйлийг чинь хүн бэлдээд өгсөн юм шиг санагдан сэтгэл тайван байх болно.

Цагийн юмыг цагт нь хийж бай
Уулзалтын цаг, гадаад хэл сурах, дэлгүүр орох, номын санд очих зэрэг тухайн өдөр хийх ажлаа бичиж төлөвлөж бай. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе зөндөө гардаг болохоор цагийн юмыг цагт нь хийж байгаарай.
Ажил хэргийн уулзалт төлөвлөсөн бол болзсон цагаасаа 15 минутын өмнө ирж бай. Гадаад дотоодын нислэгээр явах гэж байгаа бол онгоцны буудал дээр нэг цагийн өмнө ирэх хэрэгтэй.

Кофе бага уу
Бухимдахгүй байхыг хүсч буй хүмүүст эмч нарын өгдөг нэг зөвлөгөө бол кофе бага уух. Кофе их уувал зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөн амархан бухимдахын нэг үндэс болдог гэж тэд үздэг юм билээ. Тиймээс та кофе их уудаг бол тодорхой хэмжээгээр багасгавал сэтгэл санаа чинь илүү тайван байх болно гэдэгт итгээрэй.
Төлөвлөсөн ажлаа амжуулж чадалгүй өнгөрсөн ч тайван хандах хэрэгтэй. Амжуулаагүй ажлаас чинь болоод дэлхий сөнөчихгүй нь лавтай. Та робот биш болохоор бүх зүйлийг яс хийж чадахгүй шүү дээ.

Бусдад үгүй гэж хэлж сур
Танд мэдэхгүй чадахгүй зүйл тохиолдвол санаа зоволгүй бусдаас асууж байгаарай. Хүн бүр бүхнийг мэдэж байх албагүй шүү дээ. Бусдаас асууж лавласан хэдэн хором таны үнэт цагийг хэмнэх болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.
Бусдад үгүй гэж хэлж сур. Yгүй гэж хэлж чадахгүйгээсээ болж бусдын болоод өөрийн ажлыг унагах үе олон байдаг. Тийм болохоор танд үнэхээр цаг зав байхгүй бол үгүй гэж зоригтой хэлж бай. Найз нөхөд байна гээд заавал өөрөө ч амарч чадахгүй бусдын төлөө морь нохой шиг зүтгэнэ гэсэн үг биш биз дээ.

Амархан шаналдаг хүн бусдыг уруу татдаг
Аливаа зүйлд тайван ханддаг хүнтэй үерх. Аливаа зүйлд амархан шаналдаг хүн бусдыг уруу татдаг. Харин тайван хүний дэргэд байхад ямар ч үед санаа зовон шаналдаггүй.
Ажил ихтэй үедээ, илүү цагаар сууж буй тохиолдолд босч явах зэргээр биеийн чилээгээ гаргаж бай.

Сандарч тэвдсэн үедээ гүнзгий амьсгаа авч бай.
Бүх зүйлээ эмх замбараатай тавьж байгаарай. Ингэснээр та гэртээ, ажил дээрээ хаана юу байгааг сайн мэдэж хэрэг болсон үед хайж сандрахгүй.
Өөрийн бодол мэдрэмжээ цаасан дээр буулгаж бай. Энэ нь танд үргэлж шинэ санаа өгч байх болно.
Их сандарсан үед иогийн дасгал тустай
Их сандарч тэвдсэн үед доорхи иогийн дасгалыг хийгээрэй. Найман секундын турш хамраараа гүнзгий амьсгаа аваад 15 секундын турш амаараа удаан гарга. Дасгал хийж байх үедээ бүх зүйл тайван байна гэж төсөөл. Энэ дасгалаа 10 удаа давтах хэрэгтэй.
Аливаа ажлын өмнө заавал бэлтгэж сур. Олны өмнө үг хэлэх гэж байгаа бол болох зүйлийг урьчилан төсөөл. Ямар хувцас өмсөх, яаж ярих, хүмүүс хэрхэн хүлээж авахыг бод. Ингэж бэлдсэнээр та бага зэрэг ч болов туршлагажих учир сандрахгүй тайван байх болно.
Сэтгэлийг чинь зовоож байгаа зүйлээ дотны найздаа ярьж зовлонгоо хуваалц. Түүнтэйгээ энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлд. Найз чинь чамд тусална.

Өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил
Дарамт сэтгэлийн хямралаас зайлсхийх хамгийн сайн эрга нь өөрийн дуртай сонирхолтой орчныг бүрдүүлэх явдал юм. Тэгээд та өдөр бүр өөрийн дуртай нэг зүйлийг хийж бай.
Та гадаад байдалдаа байнга анхаарч бай. Та сайхан харагдвал сэтгэл санаа чинь өөдрөг байх болно. Бас өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил. Би хөгширч байна, хэт тарган гэж хэзээ ч бүү бодож байгаарай.
Та өөрийг чинь хүмүүс ойлгодог байгаасай гэж хүсч байвал бусдыг ойлгохыг хичээж бай. Бусдын алдаа дутагдлыг шүүмжлэхээс өмнө би энэ хүний оронд, тийм нөхцөлд байсан бол бас л ийм шийдвэр гаргах байсан даа гэж ойлгохыг хичээгээрэй.
Ямар ч их ажилтай байсан олон уулзалтын дунд амрах хэдэн минут өөртөө гаргаж байх хэрэгтэй. Энэ нь бухимдлаас сэргийлэх нэг арга юм шүү

Бусдыг уучилж сур
Хэн нэгний хийсэн алдааг бодон сэтгэл санаагаа хямрааж явахаар зүгээр л мартчихаж бай. Бид төгс биш орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго.
Хамгийн сүүлд зөвлөхөд ирээдүйгээ сайхнаар төсөөлж яв. Хүн бүр чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгээрэй.

0 Сэтгэгдэлтэй: