ДАШТ 2010: Камерун 1-2 Дани

Камеруны шигшээ баг нутаг буцахаар боллоо.

2010 оны 6-р сарын 19-ны өдөр “Е” группын 2-р тойргийн 2 дахь тоглолт болох Камерун-Данийн шигшээ багуудын тоглолт Лофтус Версфелд цэнгэлдэхэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тоглолтыг 33000 орчим хүн үзжээ.

Тус тоглолтонд Данийн шигшээ баг Камеруны шигшээ багийг 2:1 харьцаатайгаар буулгаж авлаа. Данийн шигшээ багийн хагас хамгаалагч Rommedahl Камеруны шигшээ багийн итгэл найдварыг бүр мөсөн унтрааж хаялаа. Данийн шигшээ баг Камеруныг буулгаж авсанаар группдээ 3 оноотой Японы шигшээ багтай тэнцэж ирээд байна. Харин Камеруны шигшээ баг 0 оноотой байгаа бөгөөд одоо тэд Голландын шигшээтэй тоглоод нутаг буцах нь тодорхой болжээ.

Тоглолтын эхний гоолыг Камеруны шигшээ багийн довтлогч Samuel Eto’o Данийн шигшээ багийн хамгаалагч Christian Poulsen-ий алдааг чадварлагаар ашиглан хийсэн. Энэ гоол орсноор Данийн шигшээ багийн тоглолт улам сэргэж тэд довтолгоонд илүү анхаарч тоглосон. 33 дахь минутад Английн Arsenal багийн довтлогч Nicklas Bendtner тэнцээний гоолыг хийж чадлаа. Үүнээс хойш 2 баг хэд хэдэн аюултай довтолгооныг хийсэн амжилтыг эс олсоор байв.

Тоглолтын 2-р хагас эхлээд 61 дэх минутад Данийн шигшээ багийн хагас хамгаалагч Dennis Rommedahl дахин 1 гоол оруулсан нь Камеруны шигшээ багийн тэмцлийг улам их хурцалж өгсөн. Тоглолтын дараах статистик дүнгээс харахад Камеруны шигшээ баг хаалга руу нийт 23, Данийн шигшээ баг 13 удаа цохисон байна. Харин бөмбөг эзэмшилтийн хувьд Камерун 57%, Дани 43%-тай байв.

Камеруны шигшээ баг тэнцээний гоолыг хийхийн төлөө маш олон довтолгооныг хийж гүйцэтгэж байсан ч 1 нь ч амжилтанд хүрсэнгүй. Ийнхүү тоглолт 2:1 харьцаатай Данийн шигшээ багийн ялалтаар өндөрлөв.

Тоглолтын бичлэгийг энд дарж үзнэ үү...

0 Сэтгэгдэлтэй: