ДАШТ 2010: Испани 0-1 Швейцарь

6-р сарын 16-ны өдөр “H” группын 2 дахь тоглолт болох Испани болон Швейцарийн шигшээ багуудын тоглолт Монголын цагаар 22:00-д Durban хотын Durban цэнгэлдэхэд амжилттай болж өндөрлөлөө.

ДАШТ-ний урьдчилсан тоглолтууд болон нөхөрсөг тоглолтуудад нэг ч хожигдоогүй гайхалтай амжилтыг үзүүлээд байсан хүчирхэг бүрэлдэхүүнтэй Испаний шигшээ баг Европын дундаж түвшний багийн нэг Швейцарийн шигшээ багийг хожиж ялалт байгуулна гэсэн таамгийг дэвшүүлсэн хүмүүс олон байсан бизээ.

Эхний үед Испаны шигшээ баг бөмбөгийг илүүтэй эзэмшиж, тоглолтын санаачлагыг авч тоглосон ба Швейцарийн шигшээ багт довтлох боломжийг огт олгохгүй байсан. Испани хэдий илүү тоглож байсан ч гоолыг оруулж чадсангүй. Энэ нь Швейцарийн шигшээ багийн хамгаалалттай холбоотой. Ерөнхийдөө Швейцарийн шигшээ баг эхний үед хамгаалж тоглосон ба Испаний хаалганд нэг удаа л цохисон байна.

Тоглолтын хоёрдугаар үе мөн л Испаний шигшээ багийн давамгайлал доор өрнөж эхэлсэн. Харин хэний ч тааварлаагүй зүйл тоглолтын 52 дахь минутанд болсон ба Швейцарийн шигшээ багийн хагас хамгаалагч Fernandes тоглолтын эхний гоолыг оруулснаар Швейцарийн шигшээ баг тэргүүлж эхэлсэн юм. Нэг гоол алдсан Испаничууд тоглолтын 62 дахь минутанд сэлгээ захиалж Busquets болон Silva-г суулгаж Torres болон Jesus Navas-ыг оруулж ирэн довтолгоогоо хүчирхэгжүүлсэн. Сэлгээ орж ирснээр довтолгоо илт сэргэн Torres хэд, хэдэн удаа хаалгаруу цохиод амжсан. Швейцарийн шигшээ баг хамгаалтнаас үе үе довтолгоонд шилжиж байсан ба 75 дахь минутанд довтлогч Derdiyok Испаний хоёр хамгаалагчийг хуурч гарч ирэн хаалгаруу цохисон ч харамсалтай нь шон онолоо.Тоглолтын 79 дахь минутанд хашир туршлагатай довтлогч Yakin-ыг Derdiyok-ээр сэлгэн талбайд гаргаж ирсэн. Сүүлийн 10 минутанд Испаничууд гоол хийхийн төлөө, Швейцарийн шигшээ баг эсрэгээрээ хамгаалалтандаа илүү анхаарч тоглосноор тоглолтыг дуусгалаа.

Швейцарийн шигшээ баг ийнхүү түүхэндээ анх удаа Испаний шигшээ багийг хожиж гайхалтай амжилттай тоглолоо. Энэ хожил тэдэнд маш хэрэгтэй 3 оноог авчирч чадлаа, харин Испаний шигшээ багийн хувьд хэсгээсээ нэгээр гарах найдвар нь багасаж байна. Испаний шигшээ баг хэсгээсээ хоёроор гарвал Бразилын шигшээ багтай таарах магадлал өндөр байгаа.

Тоглолтын бичлэгийг энд дарж үзнэ үү...

0 Сэтгэгдэлтэй: