ДОТОР ДУУН

 
Тоо томшгүй хичнээн агшиныг
Тоомсорлолгүй, тоосны чинээ ч саналгүй өнгөрөөснөө
Тооцож гаргах боломжгүйн адил
Амьдрал гэдэг санамсаргүйн орчил дахь
Анивчихын төдий агшин ч бил үү,
Хэн мэдлээ дээ, мэдээд ч яах юм
Хэн гэдгээ л мэдвэл барав.
Хэн гэдгээ мэдсэн өдрөөс
[Хэн биш ээ ухаарсан мөчөөс]
Хэнхдэг дотор минь таатайхан хоосорч
Хүйт даасан тэр мэдрэмж
Хүлээс бүхнийг минь тасдаж орхих шиг
Орхих шиг ч гэж дээ яг л тийм мэдрэмжийг
Оюун санаа минь тэмтрэх шиг болсон
Тэмтрэх ч гэж дээ чин үнэндээ
Тэр хамгийн үнэн мэдрэмж байсан.
Гэхдээ, тэр өдрөөс бие минь газар
Билэг минь тэнгэрт байж, 
Хуран сарних ахуй орчлонг
Хуурай нүдээр ширтэх болсон юм.
Ганцаас цааш ганц л алхахад
Оргүй хоосонд орно гэдгээ 
Ганц биш удаа мэдэрсэн ч , 
[ганцхан энэ удаа л]
Мэдрэмжээ биш сэтгэлээ дагах
Гарцыг сонгоод би эргэж ирсэн.
Хар багаасаа л би нар мандахыг харах гэж
Хар үүрээр эртлэн босдог байсан
Хар багаасаа л би харанхуйгаас айхдаа
Хашаан дотроо ч гарахаас жигшдэг байсан 
Ургах нарны сүүн туяа ус шиг л миний сэтгэлд нэвчиж
Унах нарны улбар туяа ухаан бодолд минь цус шиг шингэснээс
Гэгээрэгсдэд там мэт санагдах амьдралын харанхуй булангуудыг
Гэрэл тусган харах дуртай болжээ би.
Ямар азаар хар залуудаа хэн ч бишээ ухаарч
Ямар азаар эргээд хэн нэгэн болов оо
Одоо би айдас, мухардал, шунал, хүслэнг таниж
Орчих цагийг оюун санаандаа базаж чадахаар болжээ
Одоо би гоо сайхны мөн чанарт нэвтэрч
Голт зүрхний угаас дуулах цаг иржээ.

0 Сэтгэгдэлтэй: