Хайрын зул бөхдөггүй /1-р хэсэг/



Хишигээ саяхан оюутан болсон нэгэн билээ. Багаасаа хөвгүүдтэй найзалсаар сонирхол нь ч тэднийгээ даган ТИС-ын барилгын инженерийн ангид элсэн орж билээ. Айлын ганц охин болохоор бүхнийг өөрөө бие даан шийднэ. Аав, ээж нь жирийн нэг албан хаагчид болохоор ёстой л бусдын хэлдэгээр  хоёр идэхгүй хоосон хонохгүй айл. Хэдий тийм ч Хишигээ өөртөө тохирсон дунд зэргийн хар нүдэн дээрээ зохицсон хөөрхөн хамартай, хасын даль шиг цагаан царайтай, шингэвтэр хэдий ч шулуун урт хар үс нь гоолиг биеийг нь чимэн царайлаг, хөөрхөн жигд биетэй охин билээ.

Хөвгүүд түүнд сайн байдаг ч Хишигээ заавал дээд боловсролтой болно гэж зүтгэсээр хэнтэй ч үерхэлгүй гагцхүү сайхан найзалсаар арван жилээ төгсөж билээ. Оюутан болсон анхны өдөр дундыг барин чимээгүйхэн байсан ч нэгэнт хөвгүүдтэй найзалж өссөн болохоор тэр дор нь ангийнхаа охидуудаасаа түрүүлэн бүгдтэй нь танилцаж байсан нь саяхан. Хишгээгийн яг урд суудаг Өвөрхангай аймгаас ирсэн бор баньд тэр бүр үг дуугараад байхгүй ч хаяа нэг ярихаараа эрхгүй түүний сэтгэлийг татаад байгааг анзаарч билээ. Тэгтэл ч сургуулийнх нь танилцах үдэшлэг болов. Хишигээ хонхны баяраараа авхуулсан бариу хар брюкэн өмдөн дээрээ шар гурвалжин энгэртэй цамцаа өмсөөд үсээ задгай тавин өндөр өсгийт өмсөөд орвол бүгд түүнийг хараад ч байх шиг.

Хөөх Хишигээ чи ёстой хөөрхөн харагдаж байна...ямар гоё үстэй юм бэ хэмээн охидууд ам амандаа нэгийг хэлэх нь түүний бодлыг батлах гэсэн мэт байлаа. Хишигээ харин тэдний өөдөөс инээмсэглэн

Та нар ч гэсэн бүгдээрээ хөөрхөн харагдаж байна. Ангийн хөвгүүд яасан?

Мэдэхгүй тэд бөөндөө гараад явсан бодвол зоригоо чангалж ууж байгаа биз хэмээн нэг нь хэлэхэд бусад охидууд инээлдэв. Хишигээгийн анги охидууд тийм ч олон биш арав хүрэхгүй л охинтой анги болоод ч тэрүү хоорондоо ямарч байсан одоохондоо их эвсэг аж. Гэтэл ч үдэшлэг ч эхэлж төд удалгүй ангийнх нь хөвгүүд бөөндөө орж ирэхийг нь харвал хацар нь үл ялиг ягааран нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нь уусныг нь гэрчлээд өгөв. Хишигээ тэдэн дээр очин

Та нар яасан муухай хүүхдүүд вэ? Дөнгөж нэгдүгээр курс байж архи ууж танилцах үдэшлэгтээ ороод байхдаа яадаг байна хэмээн хэлтэл түүний урд суудаг багаасаа морь малтай ноцолдсон болоод ч тэрүү цээж өргөн хөрслөг бор хүү

Тэгэхгүй бол хөдөөний мань мэтүүд нь ичээд орж чадахгүй юм байна

За яршиг даа юунаасаа ичдэг юм угаасаа бүгд нэг нэгнээ гүйцэд танихгүй байж ёстой илүү зан байгаа даа хэмээгээд цааш явчихав. Ангийн хөвгүүд ч охидууд дээрээ очин ойр зуурыг ярьцгааж байсан ч хэн нь ч гарч бүжиглэсэнгүй. Гэтэл ч нилээн удаж байгаад уянгын ая явав. Хишигээ угын нүүрэмгий охин тул юу ч бодолгүй өнөөх хөвгүүнийг урихад Шинээ гарч бүжиглэсэнгүй. Гэтэл ч хөвгүүд хажуунаас нь

Шинээ чи юундаа маяглаад байгаа юм бэ эмэгтэй хүн урьж байхад

Би бүжиглэж чаддаггүй юмаа үзээ ч үгүй хэмээтэл Хишигээ түүний гараас атган татаад

Би чамд заагаад өгье амархан ш дээ уянгын бүжиг чинь гээд хэнэг ч үгүй хөтлөн чирэх нь холгүй хөвгүүдээс холдуулан хүүе гэхийн завдалгүй хоёр мөрөн дээр нь гараа тавин биед нь ойртоход Шинээ ч түүний нарийн бэлхүүсээр тэврэн аясаар нь найгасхийн хөдөлж эхлэв.

Тээр амархан гэж би чамд хэлээгүй юу чи чаддаг л юм байна ш дээ худлаа маяглаад л

Хишигээ чи ямар нүүрэмгий юм бэ? Би ёстой ийм охин урд нь харж байгаагүй

Хи хи хи би багаасаа хөвгүүдтэй найзалсаар байгаад нүүр хагарчихгүй юу

Чи тийм олон хөвгүүнтэй үерхэсэн юмуу?

Үгүй ээ зүгээр л сайхан найзууд. Найз баньд харин нэг ч байгаагүй одоо л харин чамайг найз залуугаа болгодог юм билүү гээд тачигнатал инээтэл Шинээ мөн хариу инээгээд

Надад аймагт намайг хүлээж байгаа охин байвал чи яах вэ?

Нэг гэртээ орж эхнэр нөхөр болоогүй л бол би хэнийг ч байсан тоохгүй ээ

Чи үнэхээр шударга юмаа гэтэл ч ая дуусав. Тэр хоёр бүжиглэж дуусаад ангийхан дээрээ иртэл охидууд алгаа ташин хөвгүүд шүгэлдэн Шинээгийн дал мөрийг алгадан угтаж авлаа.

Маргааш нь хичээл дээр Шинээ яагаад ч юм Хишигээгийн өөдөөс харж чадахгүй худлаа л хичээлээ хийгч болон тэрүүхэндээ түнтэгнэн сууна. Харин Хишигээ өөр бодолтой байв. Өчигдөр бүжиглэж байхад Шинээгийн хүзүү, мөр нь эр хүний хүч чадлыг илтгэх мэт бахим бөгөөд түүний гэнэн ч гэмээр эр хүн байж ичингүйрэн байсан нь бодогдоход өөрийн эрхгүй инээд нь хүрнэ. Хишигээ хэд хэдэн удаа яриа өдөхийг оролдсон боловч Шинээ ганц хоёр үгээр хариулаад өнгөрнө. Тэгэх тусам нь Хишгээгийн хор шарыг бүр ихээр хөдөлгөх аж. Тэрээр Шинээг эхэндээ сонирхож байсан ч түүнийг өөртөө татахаар хийх оролдлого бүрийнхээ дараа хайртай болж байгаагаа мэдэв. Одоо бол Шинээ түүний өдрийн бодол шөнийн зүүд болж хичээлдээ ирээгүй өдөр яагаад ч юм хөнгөн гунигт автан, харин түүнтэй ярихад нь тэр өдөржингөө аз жаргалдаа умбан сайхан байдаг байлаа. Иймэрхүү байдалтай байсаар нэгдүгээр курсээ төгсөв. Зуны гурван сар ёстой өнгөрч өгөхгүй зовоосоор ачлалт намартай арайхийж золголоо.

Нэгэн амралтын өдөр ангийхаа оюутны байранд байдаг охидууд дээр очив. Үнэн хэрэгтээ Шинээ ч мөн тэр байранд байдаг болохоор харахаар бүтэн сайн өдөр тэсгэлгүй очсон нь энэ.

Хөөх Хишигээ юу хийж яваа юм хэмээн Цацрал түүнийг хараад гайхсан нь илт асуугаад орон дээрээ суулгав.

Өө би харин энүүгээр ажилтай явж байгаад зүгээр шахуу ороод ирлээ. Нөгөө хоёр хаачаа вэ?

Тэр хоёр өнөөдөр амралтын өдөр зах гарч идэх юм олж ирнэ гээд л гарцгаасан

Аан ашгүй чи байж

Харин тиймээ би өрөөгөө цэвэрлэх ээлжтэй тэгээд үлдсэн. Цай уу хэмээгээд хар цай аяглан өгөв. Хишигээ яагаад ч юм байн байн үүдрүү харан дотроо Шинээг ороод ирээсэй хэмээн залбирах нь холгүй сууж байтал түүний бодлыг таасан мэт Шинээ элсэн чихэр асуусаар ороод ирэв. Шинээ Хишигээг хараад мөн гайхан

Сайн уу амралтын өдөр амрахгүй гадуур тэнээд л гээд инээхэд Хишигээ хариу инээмсэглээд

Оюутан бид хэд амралтынхаа хоёр өдөр л гэрийхэндээ туслах зав гарах юм байна. Сая энүүхэнд хүнтэй уулзчихаад ам цангаад байхаар нь тэсэлгүй ороод ирлээ хэмээн хэнэггүй залав. Шинээд Цацрал элсэн чихэр байгаа нь энэ гээд жижиг ууттайг өгтөл Шинээ ч баярласанаа хэлээд Хишигээг баяртай хэмээн зөөлөн инээмсэглэн хэлээд өрөөнөөс гарав. Шинээг гарахад Хишигээ өөрийн мэдэлгүй санаа алдчихсаныг Цацрал анзаарахгүй байж чадсангүй.

Хишигээ чи Шинээд нээрээ сайн юмуу?

Мэдэхгүй ээ тийм л юм шиг байна

Манай хэд харин тэгээд л яриад байсан. Би ч хотын хөөрхөн охин юу боллоо гэж хөдөөний харыг тоох юм гээд тийм биз дээ гээд ганцаараа инээд алдвал Хишигээ яагаад ч юм нэрээ бодсон уу яасан

Харин тийм тэгээд ч Шинээ тэндээ хүлээж байгаа охинтой гэж байна лээ

Хөөх та хоёр бүр тийм юмаа хүртэл ярилцаад амжуулчихсан айн

Нэгдүгээр курсын танилцах үдэшлэг дээр бүжиглэж байхдаа л тэгээд байсан гайхуулаад байгаа юмуу хаашаа юм, нэг бол намайг буруугаар бодоод байгаа юмуу

Хи хи хи яг тэгж чамайг өөрийг нь уриад бүжиглэхээр өөртөө сайн болоод бүжиглэж байна гээд бодчихож. Хэрэвээ чи сайн л байсан юм бол юу боллоо гэж ийм удаан зүгээр байв гэж тиймээ

Харин тийм  за за би явлаа. Амны цангаа ч гарчихлаа баяртай гэсээр Хишигээ дотуур байрнаас хөлөө зөөж ядан аяархан алхсаар гарахаар явна. Тэрээр Шинээг харуулдсан ч Шинээ хүний урманд түүнтэй таарсангүй. Урам муутайхан сая гадаа гараад уртаар амьсгаа аван толгойгоо гэдийлгэн өөдөө харвал тэнгэрт бороо орох гэж буй бололтой үүлс хуралдсан харагдана Бороо орох нь дээ бушуухан явахгүй бол. Хэдий ингэж бодсон ч тэрээр яагаад ч юм явахыг нэг их яарсангүй зогссоор л. Гэтэл ч ганц нэг бороо дусалж байснаа аажим аажимаар хурдассаар төд удалгүй шаагиж эхлэв. Хишигээ буцаж орж шүхэр авахаар орох гэтэл өөдөөс нь Шинээ гартаа шүхэр барьсаар гараад ирлээ. Хишигээ Шинээг хараад сэтгэл нь их хөдөлсөн тул энгэрт нь наалдан чичирхэд Шинээ ч түүнийг тэврэн дулаацуулах гэсэн мэт биедээ улам ойртуулав.

0 Сэтгэгдэлтэй: