Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /42-р хэсэг/



Шин овогт утсаа таслаад хэрхэхийг шийдэж ядан гартаа эргүүлдэг бөмбөлөгөө хурдан хурдан эргүүлэн бодлогширно: Түй бүтэлгүй новш. Яаж яваад баригдчихдаг байна аа. Хэдий намайг хэллээ ч мөнгө шилжүүлсэн баримт хуурамч нэрээр байгаа тул би олдох нь лөөлөө.  Тэгэхээр хувь заяаг нь өөрт нь даатгаад орхъё. Одоо надад Рондо хэрэггүй харин нэг бодлын амар боллоо ха ха ха.

Рондо маргааш нь тогтсон цагаасаа нэг ч минут хоцролгүй залгавал Шин овогт утсаа аваад их л уриалгахан нь аргагүй


Рондо би бодоод ингэж шийдлээ. Одоо би чамд мөнгө явуулж хэрхэвч болохгүй. Учир нь чамайг хайж байгаа болохоор хяналт хаа сайгүй  чангарсан байгаа. Харин чи яаж ийж байгаад Хятадад хүрээд ир. Энд ирсэн хойно чинь би чамайг сайн нууцалж чадна

Юу би яаж нэг ч зоосгүй гарч чадах юм. Тэгээд намайг хаана нууна гэж?

Яаж гарч ирэхээ өөрөө бодож ол. Хэрэв би чамруу мөнгө явуулж байгаад баригдвал би ч тэр ялгаагүй баригдах болно. Би баригдчих юм бол чи наашаа ирлээ гэхэд мөнгөний эх үүсвэргүй хэрхэн амьдрах билээ хожмоо бод. Үнэхээр гараад ирж чадвал би чамайг тэр бүр цагдаагийхан бодоод ч олохгүй жижиг улс болох Монгол улс руу төвөггүй гаргачихна. Тэнд миний итгэлт түнш группын ерөнхийлөгч хийдэг болохоор чи хангалуун сайхан амьдарч чадна гэсэн үг

Монгол улс гэж нөгөө Санчирын улс биз дээ?

Тийм

Санчир нэгэнт Монгол хүн гэдгийг бүгд мэдэж байгаа юм чинь намайг харин ч төвөггүй олчих юм биш үү

Түй Рондо минь ухаантайхан сэтгээч. Тэд Монгол улс гэж мэдэж байлаа ч чамайг тийшээ гараад явчихна гэж зүүдлэх ч үгүй мэд ээ. Чи наашаа гарч ирэх арга замаа л хай. Би чиний овог нэрийг солих ажлыг хөөцөлдөе

Одоо тэгэхээс угаасаа өөр сонголтгүй юм байна. Гэвч би гарлаа гэхэд таньтай хэрхэн холбогдох болж байна

Чи ямартаа ч гарах хүнээ олоодох. Тэгээд яг гарахаасаа өмнө надтай яриул. Би үнэ хөлсийг нь ирэхээр нь тооцохоор тохирохыг бодъё. Харин хүнээ сайн сонгож олоорой. Хоёрын хооронд хулчгар хүн олчихвол бүх төлөвлөгөө нурна гэдгийг сайн санаж яваарай

За тэгье тохирлоо

Ингээд Рондо хаана очиж хэнтэй  уулзвал болох талаар бодож эхлэв.

Эрдэнэ гэртээ нөүтбүүкээ асаан Энхээгээр Мөнхбатын өрөөнд нууцаар тавиулсан камераа асаав. Энхээ хэзээ нь яаж амжуулсаныг мэдэхгүй ч үзэгдэж буй байршилаар нь үүдний тэнд тавьсан бололтой харагдана. Мөнхбат өглөө 9 цагийн үед ажлынхаа өрөөнд орж ирэв. Тэрээр их л ууртай харагдах аж. Хоёр гараа өмднийхөө халаасанд хийн нааш цааш хурдан хурдан холхих харагдана. Тэгж байтал гар утас нь дуугарав бололтой ширээн дээр байсан утсаа дугаарыг нь нэгэнтээ хараад авлаа.

Сайн байна уу Шин овогтоо...тиймээ би мэдэж байгаа. Харин мэдэх захирал Очир өнөөдөр надад хариу өгнө гэсэн

Очир гэж хэн юм?

Удирдах зөвлөлийн гишүүн

Түй чи цаадхаа сайн хахуульдаарай. Эргээд гарах гарцгүй болтол нь найдвартай хийнэ шүү

Ойлголоо. Би харин хэрхэн ярилцах талаараа яг бодож байлаа

Гэтэл хаалга тогших дуулдахад Мөнхбат: Шин овогтоо би эргээд яръя ирж байх шиг байна хэмээгээд утсаа таслаад за гэвэл Очир захирал ороод ирэв.

 Очир тэр өдөр Мөнхбатын талаар илүү мэдээлэл олохыг хүсэн компьютерийнхээ ард сууж байтал утас нь дуугарав. Харвал Эрдэнийн дугаараас залгаж байсанд яагаад ч юм сэтгэл нь түгших мэт болоход бушуухан утсаа авав.

Байна уу? байна уу... байна уу хэмээн дуугаа арай чангаруулан дахин дуудвал цаанаас нь гэнэт

Очироо битгий сандраарай. Чи яг одоо над дээр хүрээд ир хэмээн ерөнхийлгчийнх нь дуу гарах нь тэр.

Та минь ухаан орчихов уу ашгүй дээ тэгэлгүй яахав хэмээн баярласандаа бараг хашхиран хэлбэл

Дуугаа аяд гэм дээ. Хэнд ч юу ч хэлж болохгүй чамайг ирэхээр би бүгдийг хэлье

Тэгье тэгье би одоохон очлоо гээд гарахаар хувцсаа өмсөж байтал өрөөнийх нь утас дуугарав. Очин автал Мөнхбат байв.

Очир захирал та яг одоо миний өрөөнд хүрээд ир

Би гарах ажилтай болчихлоо

Ерөнхийлөгч чинь дуудаж байна хэмээхэд биеэ барин гараа тас атгаад

Чи яг одоогоор албан ёсны ерөнхийлөгч хараахан болчихоогүй байгаа шүү гээд утсаа таслаад гараад явав.

Очир болж байгаа бүхний учрыг олж ядан Эрдэнийн өөдөөс гайхан харж сууна.

Ерөнхийлөгч өө энэ ингэхэд юу болоод байна аа?

Чиний ингэж гайхширч байгаа чинь аргагүй. Ярьвал их урт түүх. Зүгээр л би Мөнхбат ямар нэг санаа гаргах гээд байгааг мэдсэн болохоор ингэж мэдэж авахаас өөр арга надад олдсонгүй

Бид бүгд маш их харамсаж, харуусаж, халаглаж байлаа

Ингэхээс өөр аргагүй байдалд орсон намайг уучлаарай. Ханд хүртэл мэдээгүй байгаа. Одоог болтол намайг ухаан орохгүй байна л гээд бодож байгаа. Ажлаар юу байна даа

Ерөнхийлөгч минь ажилчид бараг бүгдээрээ ажлаа хаясан. Би Мөнхбатыг биш группээ бодож тэнд байгаа. Бусад удирдах зөвлөлийн гишүүд, хэлтэсийн дарга нарт ч ингэж үүрэг өгөөд эхнээс нь буцааж ажилд нь оруулж байгаа. Тэрнээс гадна Мөнхбат нэг зуун мянган доллар гаргаж өг гээд байгаа

Юу тэр тийм их мөнгөөр яах гэж байгаа юм бол. Хааш нь хэнлүү явуул гэсэн?

Би тэрийг сайн мэдэж амжаагүй байгаа. Санхүүгийн албаны даргыг үүрэгдээд санхүүгийн албаны дарга нэг бол ерөнхийлөгч үгүй бол Очир захирал мэднэ гээд халгаагаагүй байна билээ. Сая би таньлуу гарах гэж байтал намайг өрөөнд ороод ир гэж дуудаад. Би гарах ажилтай чи түр болохоос жинхэнэ ерөнхийлөгч биш гэж хэлээд гараад ирлээ

Зөв зөв тэгэхээр ингэе хэмээгээд дуугаа намсган шивнэх шахам яахыг хэлэхэд Очир үе үе толгой дохин сууна. 

Мөнхбат Шин овогттой яриагаа дуусгаад зөвшөөрөл өгвөл Очир орж ирэн мэндлэх ч үгүй шууд очин сандал дээр суулаа. Мөнхбат мөн сандал дээрээ суугаад хэсэг өөдөөс нь харж байснаа

За тэгэхээр Очир захиралаа би санхүүгийн албанаас мөнгө гаргах мэдэлгүй ерөнхийлөгч болоод байна

Тиймээ групптэй холбоотой санхүүгийн захиран зарцуулалтыг Эрдэнэ ерөнхийлөгч ч дур мэдэн авч ашигладаггүй

Тэгвэл би юу хийх болж байна?

Тэрийг та өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Ингэхэд 100 000 доллар гэдэг бага мөнгө биш. Та үүнийг юунд зарцуулах гэж байгаа билээ? Мөнхбат хэсэг түгдчиснээ хоолойгоо засан биеэ хормын төдий эзэмдээд

Энэ мөнгөөр би Хог дахин боловсруулах үйлдвэр барих болно

Эрдэнэ ерөнхийлөгч хэлэхдээ энэ төсөл хүчингүй болсон гээгүй билүү?

Яг албан ёсоор хүчингүй хараахан болоогүй байгаа. Тэгээд ч Хятадын тал маш их уурлаж өөр улсад хийх байсан ажлынхаа гэрээг цуцлаад танай групптэй хамтрах болчихоод байхад, хэрэв тэгж байвал нөхөн төлбөр нэхэмжлэнэ гээд байна. Хэрэв нөхөн төлбөр нэхэмжилбэл энэ ч үүнээс хэд дахин их тоо л гарах байх даа. Тэгвэл тэр хариуцлагыг та хүлээх үү? Очир хэсэг тээнэглэзэж байснаа

За яахав та нарийн төлөвлөгөөг нь дахин танилцуулаад яг тэнд хүлээн авах корпарацийн дансны дугаар өг. Тэгвэл бид дахин ярилцаж үзээд мөнгө гаргах эсэхээ шийдье. Энэ чинь ганц та бид хоёр ярилцаад шийдчих асуудал биш. Мөнгөний асуудал асар нарийн болохоор удирдах зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар шийдэхээс өөр аргагүй байдаг юм

Мөнхбат юу гэхээ мэдэхгүй гартаа байгаа балаа хуруугаараа оролдон сууснаа

За би таны үгийг цааш хэлье. Тэгвэл урьдчилгаа 50 000 долларыг гаргуулж тэдний талд найдвартай гэдгээ харуулах хэрэгтэй гэж бодож байна

Тэр харин болно оо та надад дансных нь дугаарыг хүлээж авах хүнийх нь нэртэй өгчих хэмээгээд цүнхээ уудлан цаас, бал гаргаж ирвэл Мөнхбат бүр ихээр сандран

Надад яг одоо алга. Би тэгж байгаад утсаар холбогдон асуучихаад таньд хэлье. Ингээд Очир зөвшөөрөн өрөөнөөс гарвал Мөнхбат бушуухан Шин овогтод залган саяны ярьсан бүхнийг хэлбэл Шин овогт

Муу санаатай нохой хэмээснээ багагүй мөнгө ирж байгаа болохоор өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй зангаараа яалт ч үгүй хувийнхаа дансны дугаарыг өгөв. Нэг корпарацийнхийгаа өгөх гэснээ корпарацийг судалж мэдвэл тийм ажил хийдэггүй болох нь дороо мэдэгчих болохоор ингэхээс өөр арга байсангүй.

Рондо явсаар Абердэнд ирсэнээ сая л нэг анзаарав. Нөгөө жижиг хүрэн дэвтэрээсээ Абердэнд танил хүн байгаа эсэх талаараа эргүүлсээр бараг нэг цаг орчим болсны дараа олон жилийн өмнө хамтарч ажиллаж байгаад удалгүй шоронд ял аваад явсан хүний дугаар харагдахад туйлаас их баярлав. Залгаж байхдаа энэ дугаар дээрээ одоо байгаа болов уу, үгүй болов уу? Байлаа гэхэд энэ хотод байгаа эсэх, үгүй бол шоронгоос ч суллагдаагүй юм уу нэг бол дахин өөр хэргээр шоронд орсон ч байж магад хэмээн олон таамаг дэвшүүлсээр. Утас нь нэг удаа дуудаад авсангүй дахин хэд хэд залгуулсаны эцэст сая нэг утсаа авлаа.

Хэн бэ?

Сайн уу Жош мөн үү?

Өөрөө хэн бэ?

Тэгвэл чи Жош мөн байх нь ээ ашгүй минь гэж. Би Рондо байна таньж байна уу?

Рондо гэж ямар?

Дундээд байдаг тав орчим жилийн өмнө байх чи манай хотод байсан даа. Нөгөө баян хатагтайг хоёул хамтран залилаагүй юу. Том тансаг хаусандаа гурван муур, хоёр нохойтоогоо амьдардаг Хэйдэр гээд

Аан саналаа саналаа. Чи хаана байгаа юм? Яаж миний дугаарыг олов оо

Би танай хотод байна. Уулзах хэрэг байна

Тэгэлгүй яах вэ. Чи хаана байна би очоод авъя. Ингээд Рондо ямар ч байсан нэг хүн олж авсандаа баярлан хуучин хүрэн дэвтэрээ чанга гэгч нь үнсээд буцааж үүргэвчиндээ хийгээд тэрхүү дэвтэрийг аваад гарсан өөрийнхөө ухаантайг магтан дахин нэг аяга кофе уухаар машинаа түгжин дэлгүүр явлаа.

Энхээ гэнэт араас нь амыг нь дараад хутгалахад ингэнэ чинээ санаагүй байсан болохоор тэрүүхэндээ мэгдэн сандарсандаа яаж ч чадсангүй. Гэтэл хутгаа сугалж буй бололтой ихэд өвтгөн сэрүү татах агшинд хамаг хүчээ шавхан гараа нугалан тохойлдон гэдэс рүү нь хүчтэй цохитол өнөөх хүн алхам ухрав. Ямартаа ч холдуулж чадсан агшиныг ашиглан эргэж харвал нүүрэндээ урт ноосон малгайны зөвхөн нүд хамрыг гаргасан биеэр өөртэй нь ойролцоо ч туранхай хүн байв. Өнөөх залуу дахин хутгатай гараа өргөн Энхээ рүү дайрвал Энхээ түүний гарыг барин тамираа тасартал ноцолдож гарав. Энхээгийн тамир нэгэнт барагдаж тэрээр далайсан байсан гарыг нь атгаж байсан гар нь сулран хутгатай гар нүүрэнд нь аажим аажмаар дөхсөөр. Энхээ орилохыг хүссэнгүй гагцхүү сүүлчийн хамаг хүчээ шавхан хоёр гараараа дээрээс нь хоёр гараараа гартаа барьсан хутгаа тас атган дайрах хүнийг эсэргүүцэх аж. Араасаа хутгалуулсан газар их цус алдаж байгаа бололтой халуун бүлээн юм урсаж байснаа доороос нь хүйт оргин жиндүүлэх аж. Одоо түүний тамир нэгэнт барагджээ. Нүд нь бүрэлзэн, толгой нь эргэн, гар нь салгалан дэмий л толгойгоо хоёр тийш сэгсрэн займчуулах тэр агшинд гэнэт тэднийг цагдаа нар бүслэн дээр нь байгаа хүнийг босгоод гарыг нь хүчтэй цохин хутгыг нь унагаад  гавлан аваад явахад Энхээг мөн эмнэлгийн түргэн тусламжийн орон дээр хэвтүүлэхээр өргөв. Энхээ ухаан нь самгардахаас өмнө түүний гарыг хэн нэгэн атгахад харвал Нарантуяа нүдэндээ нулимстай эмч нарыг даган шогшоо харагдав. Энхээ түүнийг хараад хайрлан инээмсэглээд ухаан алдлаа.

0 Сэтгэгдэлтэй: