Ээжээ хурдан ирээрэй №-4

Булган дамжин явсаар Чикаго хотод газардав. Ганбаагийн найз гэх дуугүй бор залуу түүнийг тосон авч олон машин сүлжсэн замаар нилээн хол давхин явсаар сая гэртээ ирлээ. Тэрээр нутгаас авч гарсан Хар Чингис архи, хорхой ааруулаа өгөөд монгол жигнэмэгээ эхнэрийг нь ирэхээр болъё гээд түрдээ азнав. За америк ямар байна даа. Тэр өрөөнд ороод төвхнөж бай би одоохон хоол бэлдээдхье хэмээн хэлээд шаламгайлан хөдөлж хормогч углаад галын өрөө ороод явчихав. Цагийн зөрүү гараагүй бас ч гэж явна гээд сүүлийн хэд хоног найзуудтайгаа дарвин бэлтгэл ажил гэсээр ихэд ядарсан байсан тул шууд л унаад өгмөөр байсан ч бас ч гэж санаа нь зовон за гэсээр хэлсэн өрөөнд орвол хүн байгаагүй удсан бололтой чийг үнэртэх хэдий ч цэвэрхэн байв. За ингээд ямартаа ч хүрээд ирлээ одоо бушуухан ажил олж Ганбааг авчиран өрөө дарчих юмсан. Нэг л их сайхан газар бодоод ирсэн одоохондоо ч мэдэгдэх юм алга шив дээ. Бушуухан л ажил олдоосой. Охин минь яаж байгаа бол, мээмээ санаад эмээгээ жаахан сандаргаж байгаа байх даа. Охиноо санах төдий хөх нь саамширан зангирч бушуухан цүнхнээсээ цэвэр даавуу гарган саалаа. Тэрээр бэлтгэлийн хувцас өмсөн усанд орохоор банны өрөөнд орсоноо душийг нь яаж ажилуулахаа мэдэхгүй хэсэг оролдож байгаад сая нэг учрыг нь олон нээв. Хүйтэн бүлээн усанд зогсоход хамаг бие нь сэргэн зогсоод л баймаар.

Хурдан гарахгүй бол гэрийн эзэгтэй ирээд юу гэх юм билээ. Ажилтай байгаа юм байх даа. Сайн л залуу юм эхнэрээ харахгүй ингээд хоол унд гээд гүйгээд. Манай хүн бол юун ингээд хоол хийх худалч хүнд аяга цай хийгээд өгөх хүн биш шүү. Тэрээр охин нөхөр хоёроо бодон инээмсэглэн хичнээн зориг гарган ирсэнээ бодон заавал зорьсондоо хүрнэ. Хүний чадаж байгаа юмыг би яагаад чаддаггүй юм. Нэгэнт л энэ хүртэл яваад ирсэн болохоор тэднийгээ бодож шаналаад яахав. Амьд хүмүүс аргатай хойно болцгооно биз.

“ Сайхан хооллоорой “ ойрдоо монгол хоол хийгээгүй давс хужир нь ямар болж мэдэхгүй хэмээгээд нүдээрээ инээмсэглэхэд

Зүгээрээ сайхан шөл байна. Ганбаа чамд хэлсэн үү?

Аан дарга тушаагаад л байсан. Хэцүү шүү дээ. Эхний ээлжинд чиний визийг хадгалж үлдээхээ бодно доо. Чи сургуульдаа явна биз дээ? Манайхаас жаахан зайтай. Би чамд автобусаар яаж явахыг нь заагаад өгнө. За ажил...ажил харин хэцүү гэхдээ болно доо. Багынхаа ганц найзын эхнэрт туслах нь миний үүрэг шүү дээ. За хоолоо халуун дээр нь ид. Булган хооллонгоо гэр доторхийг тойруулан харвал их цэвэрхэн, бүх зүйл нь нямбай, цэгцтэй байх аж. Ажилтай л эхнэртэй юм. Яасан орой ирдэг юм бэ. Ингэж ажиллаад гэрээ хажуугаар нь ийм сайхан авч явдаг. Өөрөөсөө иччихлээ байна. Оройд орж ирээд өдөржин бухимдсан бухимдал ч гараагүй, заримдаа төвөгшөөх нь холгүй хоолоо хийнэ. Гэрээ ч янзалж амжихгүй ядарсанаа гайхаад унтаад өгдөгсөн.

Идэр авчирсан юмыг нь задлах гэтэл Булган хориглов. За тэгвэл вино задлъя. Холоос ирсэн хүн байна даа улаан уу, цагаан уу?

Хамаагүй ээ.....ингэж хэлсэнээ гэнэт дахин санаа зовон улаан хэмээн араас нь хурдхан хэлэв.

Би ч Ганбаа шигээ уран цэцэн үгтэй биш төлөө л гэчих үү дээ хэмээгээд үсээ илэхэд Булган инээмсэглэснээ төлөө гээд хоёул тулган уув. Тэд монголын тухай, Ганбаа тэр хоёрын тухай, охиных нь тухай ярьсаар цаг ч нилээн орой болов.

Ядарсан дээрээ шөл ууж бас дээрээс нь жаахан вино уусан Булган өөрийн эрхгүй хоёр нүд нь анилдан сүүлдээ ганц нэг үгээр асуусанд нь хариулаан байн байн хаалгаруу хяламхийн суух аж.

Ядраа биз унт даа сайхан амраарай. Би маргааш жаахан ажилтай. Чи гэртээ өнжөөд сайхан амраад ав. Нөгөөдөр амралтын өдөр чамд хотоо үзүүлнээ. Өө нээрээ гэрлүүгээ ярьж сайн явж ирсэнээ хэлэх үү? хэмээн гар утасаа гарган дугаарыг асуугаад залгаж өгөв. Булган Ганбаагийн гар утасруу залгатал холбогдох боломжгүй байсан тул аавынхруугаа ярьж сайн явж ирсэнээ хэлээд бушуухан өрөөгөө зүглэв.

0 Сэтгэгдэлтэй: