БОГИНОХОН УЧРАЛ


Үгүйлж санахын жаргал дагуулсан
Үймэрч хүлээхийн зовлон авчирсан
Битүүхэн хайрлаж, чимээгүйхэн шаналсан
Бидэн хоёрын богинохон учрал
Хэнз яргуй шиг өнгөлөг хэрнээ
Хэтэрхий эрт гундаж хоцорсон
Амраг сэтгэл дутаагүй атлаа
Амар сайхандаа жаргаагүй үлгэр шиг төгссөн
Хэн хэнийгээ мартаагүй хэрнээ
Хэрэг болгож ганц удаа хайгаагүй
Зүрх гэдэг нууцын архивт хадгалагдаж үлдсэн
Зүгээр л мартаж чадахгүй шаналж хоцорсон
Чанад алсад орших цаг хугацааны нугачаан дунд үлдсэн
Чи бид хоёрын богинохон учрал

0 Сэтгэгдэлтэй: