Ганц олдох амьдралд нэгхэн удаа тохиох хорь эргэх насны
Гал халуун орон зайнаас гарах гэдгийг мартагнан дүрэлзэх
Гандаж гундахыг зүүдлэх ч хүсэлгүй харц өндөр охин чамд
Ган үзгийн ирийг мохоон байж хэдэн мөр тэрлэхийн учир....
Санчиганд нь хаяруу унаж самган нэрийг олохын цагтаа
Савчилж явсан ахархан хугацааг алсаас үзэн санаамшрахдаа
Сайхан зүсийг сайн нэртэй нь хадгалж чадлуу даа гэж дэнс эргүүлж
Санаа алдан нулимс унаган харамсахвий хэмээн эмээхдээ
Саваагүй насны тэр шөнүүд шиг саран авхай үүлний цаанаас гунигтай гэрэлтэхэд
Сарнай шиг дэлбээлсэн тэр цаг бусын дурлалууд шиг жихүүн салхи цонхоор сэвэлзэхэд
Самнаж хатгасан сувдан даруулагыг аван гэзэг юугаа задгайлаад
Санаанд буусан алдаа бүрийг шүлэг болгон таталгав би....

Үзэмж төгс явахад үеийн залуус бүү хэл үйлтэй хорвоо хүртэл хөл доор хөшилддөг юм
Үнэтэй тансаг бүхэн соронздогдох адил улан доор овоордог л юм
Үгсийн сайхан, аялгууны уянгалаг бүр тагтан доороос гал болон шатдаг л юм
Үнэндээ өвөрөөс нь босоход бүгд л үйрээд зэрэглээ болон замхардаг юм шүү

Зангиа зүүсэн хархүү хар тэрэгээр өдөржин зугаалуулж үнэтэй дарсаар дайлдаг ч
Зальжин нүдэнд нь мунаг тачаал манантаж байдаг юм шүү анзаараарай
Зах нь хиртээгүй ч гутал нь тоостой залуу зуу зуугаар нь цэцэг бэлэглэж захидал нисгэдэг ч
Завхай санаа харцнаас нь нэвт сэнгэнэж байдаг юм шүү санаарай

Харц чулуудсан болгоныг эргэж хараад жүжиг ший үзэн зугаацвал
Хайрлах учиртай залуу нас чинь шарилж болдог юм шүү охин минь
Хамгаа өгнө гэсэн болгоныг итгэн дагаж энгэрээ задгайлвал
Хаш цагаан нэрэнд чинь цусан толбо суудаг юм шүү бүсгүй минь

Маргааш гэж үгүй мэт сэтгэж манан будан дунд төөрч будилж яваад
Мандах наран хөшигний завсараар тусч өдөн хөнжилд сэрэхэд чинь
Мантуун цагаан царайтай залуугийн амлалт хуурамч гэдэг харагдаж
Маамуутай болсон биеийг чинь хаяад холын хол явчихдаг юм шүү......

Дурлал болгон үүрдийх байдаггүй болохоор дундаас нэг л хайрын үрийг сонгон ургуулаарай
Дугтуйтай захиа, хэтэвчтэй мөнгө, дуу шүлэг болгонд үнэн хайр үгүй шүү
Дуугүйхэн ширтэх тогтуун бор нүдэнд л магад дуусашгүй их хайр байдаг юм шүү
Дуулимд ганцхан түүндээ л бүхнээ зориулаарай өдөр бүр түүндээ дурлаарай.

Нэр цэвэр бие ариун байна гэдэг нэгэн насны чинь чимэг юм шүү
Нэгхэн мөчид андуу гишгэж нэг түмэн өдөрөөр уйлах хэцүү шүү
Хорвоо хэдий уудамч хов жив хэрцгий шүү араас чинь үргэлж нэхдэг юм
Хойшдын амьдралаа санаж хорт идээ хогийн инээднээс холуур яваарай..

Дуусах гэж байгаа нас шиг дуулим хорвоод туйлж туучиж яваа
Дурлал дарс хоёрт бие сэтгэл шунаж ашиглуулж алдаж алхаа
Дүрэлгэн алаг нүдтэй охин чамд шүлэглэхийн учир энэ
Дуусаж яваа насны эцэсээс сургаалиа үлээх эмгэн насны таталбар энэ ээээ....

Үхдэггүй цэцэг өтөлдөггүй бие гэж үгүй шүүү охин минь
Үйл бүрээ цэнэж үнэ цэнэтэй амьдраарай
Үг бүрийг минь санаж цээжлэхгүй ч гэлээ
Үнэн амьдралыг минь харж ухаажаарай.


0 Сэтгэгдэлтэй: