ЧИНИЙ СЭТГЭЛД БҮТНЭЭР ҮЛДМЭЭР БАЙНА


Тээрмийн чулуу шиг цаг хугацааны эргүүлгэнд

Тээглэж чадалгүй бутарсан ширхэг будаа шиг миний залуу нас

Намайг хэзээ ч хайрлаагүй бүсгүйд сэтгэлээ дэлгэж

Намрын ой шиг нүцгэрч үлдсэн миний сэтгэл

Хөлөө олохгүй дурлалдаа шатаад

Зүгээ олохгүй халамцуухан явахдаа

Чиний нүдэнд нуугдсан гунигийг олж хараагүй

Чимээгүйхэн зүрхэнд чинь ассан хайрыг ч бас анзаараагүй

Намайг хэн нэг нь хүлээн шаналж

Насаараа үгүйлэн дурсаж яваа гэж төсөөлөө ч үгүй

Гэлээ ч хайр минь чамтай би уулзахгүй

Гэмгүйхэн хайраа чи минь бүтнээр нь хадгалж үлд дээ

Арван есөн насны минь цайлган дүр төрх

Алдаа оноог ухаараагүй анхны хайрын түүх

Дурсамж болон үлдсэн нимгэхэн намтар

Дуу болон үлдэг чиний сэтгэлд

Жавартай өдрүүдийг би чиний халуун дулаахан үгээр чимж

Жаргалтай насны дурсамжиндаа чиний дүрийг үлдээж

Элсний нүүдэл шиг өдөр хоногийг туулна

Эргэж харах хэрэггүй дээ, би чамтай уулзахгүй

0 Сэтгэгдэлтэй: