
Газар нутгийн байршлын хувьд төв Азийн тэгш тал, ойт хээр хосолсон үржил шим төгс нутаг бөгөөд Хэрлэн, Онон, Улз, Халхын гол зэрэг томоохон гол, Буйр, Хөх нуур, Сангийн далай зэрэг нуур, алдарт Мэнэн, Тамсагийн тал Дорнод аймагт оршдог. 1км2 газарт 4 хүн оршин суудаг ба хүн амын 39.5 хувь нь мал аж ахуй эрхэлдэг.
Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 50000 гаруй хүн амьдардаг. Чойбалсан хот бол “ДБЭХС” ХК буюу Дорнод бүсийн эрчим хүчний томоохон эх үүсвэр болох Дулааны цахилгаан станц_ Адуунчулууны нүүрсний уурхай, УБТЗ-ын “Баянтүмэн” тасаг, Олон улсын нисэх буудал, Бүсийн оношлогоо эмчилгээний төв зэрэг аж үйлдвэрийн газрууд, нийгэм соёлын байгууллагууд, олон улсын ач холбогдол бүхий авто ба төмөр замын сүлжээ, байрладаг тус улсын томоохон хотын нэг юм.
Дорнод аймгийн нутагт Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий газрын тосны Тамсагийн сав газар, уран, цайрын зэрэг орд газрууд нээгдсэн ба ойрын жилүүдэд эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн гэж үнэлэгдэж байгаа нутаг юм. Дорнодчууд хөдөлмөрч, баатарлаг, дайчин уламжлалаараа алдартай.
Монгол улсын төрийн дууллыг зохиосон ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, төрийн далбааны эхийг зохиогч, ардын зураач Д.Чойдог, ХХ зууны төрийн нэрт зүтгэлтэн, маршал Х,Чойбалсан, Монгол улсыг НҮБ-д элсүүлэн төрийн далбаагаа мандуулж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Цэвэгмид, 1990 оны ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг гээд төр, нийгэм, соёлын олон гарамгай зүтгэлтнүүдээрээ Дорнодчууд зүй ёсоор бахархдаг юм.
0 Сэтгэгдэлтэй: