Ухамсар чинь далд ухамсраа давах цагт

Unconscious mind гэдэг үгийг далд ухамсар гэж орчууллаа.

Бидний далд ухамсар харамсалтай нь, бидний өдөр болгон хийдгээ хийхийг хүргэдэг ухамсраас маань хүчтэй юм гэдгийг харуулах жишээ дурьдсан ном, хэвлэл, кино ч олон гарчээ.

Хүний тархи ухамсар нь хүсэвч эс хүсэвч харсан, мэдэрсэн бүхнээ бичиж явдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр таньд муу совин төрөх аль эсвэл муугаар төсөөлөн бодох, заавал муугаар ч гэлтгүй ер нь төсөөлөн бодох нь зүгээр л хаа нэгтээ хоосонгоос гараад ирдэг зүйл биш юм уу гэмээр. Таны зурагтаар харсан, номноос уншсан, амьдрад тохиолдсон тэр бүх зүйлээс үүдсэн таны бүтээлүүд бол таны төсөөллүүд.

Тэгвэл муу болон бүтэлгүйг их харсан хүн, муу эсвэл бүтэлгүй л байдаг гэсэн дүгнэлтэнд хүрмээр байгаа биз? Гэвч ихэнхдээ муу муухайгаар хүрээлүүлсэн хүн ч гэсэн амжилттай, сайн сайхан амьдарсан жишээ олон. Тиймрэхүү хүмүүсийн түүх ихэнхдээ өөр өөрийгээ ялан дийлснээр амжилтын зам нь эхэлсэнтэй холбоотой байдаг. Та өөрийгээ ядуу гэр бүлээс гаралтай, ээж аав маань дээд боловсролтой биш, би гадаадад их сургууль төгсөөгүй гэх зэргээр доош нь татаж төсөөлөх тусам таны далд ухамсар гэдэг зүйл хүчирхэгжин таныг удирдах болно. Гэвч та ухамсартаа сайхан амьдарч, сайн зүйл хийж, архи, тамхи хэрэглэхгүй, эхнэр, нөхрөө араар нь тавих нь буруу гэдгийг мэдэж байсан ч тэр буруу үйлдлийг хийсэн л бол та тэрхүү мөчид өөрийн далд ухамсартаа дийлдэж байна гэсэн үг юм.

Өнөө цагт бид өөрсдийгээ сайн, сайхан хүмүүсээр хүрээлүүлж дэлхийн аль сайн гэсэн кино, зохиол номыг уншиж, сайхан мөрөөдөлдөө автаж түүнийхээ төлөө төлөвлөгөө зохион зүтгэхэд өмнө нь хүн төрөлхтөнд хэзээ ч байгаагүй тийм нээлттэй, боломжтой дэлхийд амьдарч байна. Тийм байхад бидний зарим нь аль тэр хэдэн мянган жилийн өмнөх хүнийг доош нь хийдэг архи дарсанд дурлаж, тамхинд донтоод, улиг болсон хөх, бөгсний төлөө өөр өөрийгээ хуурч явахав дээ.

Хүний хамгийн том даваа бол хүн өөрөө л байдаг гэдгийг олон хүн хэлсэн байдаг. Өөрийгээ ялах гэдэг бол өөрийн далд ухамсраа удирдан жолооддог болох гэсэн үг юм. Та буруу гэдгийг нь мэдсээр байж хийж байгаа бол та өөрийнхээ гараар өөрийгээ алгуур егүүтгэж байгаатай агаар нэг билээ. Өөрсдийгээ ялцгаая. Хэрэв хүн төрөлхтөн “ухаантай” гэгддэг хүмүүсийн “боломжгүй” гэсэн үгээр, зөвлөгөөгөөр явсансан бол өдийд хадан дотор уулын цаана юу ч байхгүй мэтээр төсөөлж цаг, агаарт захирагдан түүхий мах идэн сууж байх байсан бус уу.

Боломжтой, боломжгүйг чиний өмнөөс хэн ч шийдэхгүй, гагцхүү та болон таны ухамсар шийдэх бөлгөө.



0 Сэтгэгдэлтэй: