Замилан хорвоо 8-р хэсэг



Чаминсайхан гэнэт алга болчихов. Орой ч ирсэнгүй. Цэвэг гайхан Батыг дагуулаад явчихсан юм байх даа хэмээгээд нэг их тоосонгүй. Гэтэл Бат ганцаараа хүрээд ирэв.

Чи Чаминсайхантай хамт яваагүй юмуу?

Үгүй би яасан гэж хамт явах билээ. Яасан явчихсан юмуу?

Харин чамайг явсан орой гэнэт гараад явчихаж би ч мэдсэнгүй. Тэгээд л чамайг аваад явсан юм байх гэж бодоод

Хүрээд ирэх биз дээ нэг л хонож байна ш дээ

Нээрээ ч тийм юмуу ямар өөр очих газар байгаа биш хэмээн бодоод мөн л тэгсгээд өнгөрөв. Гэтэл маргааш нь ч нөгөөдөр нь ч ирэхгүй байсаар бүр долоо хоног алга болов. Хүний эцэг л болсон хойно Цэвэг санаа нь зовон тэр хавиараа хий л өглөөд гарч дэмий хайхаас өөрийг хийж чадсангүй. Гэтэл нэг орой ууж байгаад гэнэт: Нээрээ Сайханаатай тааралдаад ээж дээрээ очсон юм болов уу? Яг тэгж таарлаа голоод явсан ч хүний эх юм чинь охиноо өрөвдөөд өөр дээрээ аваа биз хэмээн бодоод өөрийнхөө бодолд бат итгэн охиноо тэр чигт нь орхин архин далайдаа шумбан өөрийгөө жаргаан бас нэг хүнийг гэж бодохгүй амар боллоо хэмээн бодоод өнгөрөв. Бат ч сар гарангийн дараа мөн л нэг архичин хүүхэнтэй хүзүү сээрээрээ холбогдон Чаминсайханы талаар нэг ч удаа дурсахгүй байсан тул харин ч амар болон бүх зүйл байр байрандаа орох шиг санагдахад зөвхөн архи л хэрхэн яаж олж уух вэ гэдэг бодолд тархиа гашилган өдөр хоногийг үлгэн салган өнгөрөөсөөр...

Чаминсайханд Цэдэн хоол яаж хийдгээс эхлээд бүх ажилийг зааж өгөн өдөр хоног ч харвасан сум мэт өнгөрнө. Нэг өдөр хооллож суугаад Цэдэн

Чаминсайхан аа чи ер нь ажил хийж үзье гэж бодож байсан уу?

Бодож байсаан ажил хийж ч байсан ш дээ

Өө тиймүү хаана ямар ажил хийдэг байсан юм бэ?

Нэг цайны газар цэвэрлэгч хийдэг байсан

Цалин хэдийг авч байв?

Цалин авч үзээгүй ээ харин надад оронд нь илүү гарсан хоолнуудаа л өгдөг байсан. Даанч би гэж бүтэлгүй амьтан нэг өдөр хувинтай усаа асгаад тэндээс хөөгдчихсөн. Тэгээд гэртээ иртэл аав гэрээ зарчихсан байсан. Тэгээд л аав бид хоёр траншейнд амьдрах болсон доо.

Ээж чинь....?

Ээж үү тэр авгай аль эрт бид хоёрыг хаяад явчихсан юмоо. Миний нэг төрсөн өдрөөр л гараад явсан би ээж гэж хэлэхээс ч дургүй хүрээд байдаг юм

Тэгж хэлж болохгүй ээ миний охин. Сайн ч бай, муу ч бай чамайг төрүүлсэн эх чинь шүү дээ. Ёстой тэгж хэлж болдоггүй юм. Хэрэвээ чиний амьдралд ээж чинь үнэхээр дургүйг чинь хүргэж байвал ээжийгээ үзэн ядахын оронд харин ХАЙРаар адисла....

Мэдээж хэрэг амьдрал санасанаар болохгүй. Азгүйтэж бүтэлгүйтэхэд бид эцэг эхээ л буруутгадаг. Энэ амархан. Гэхдээ энэ чигээрээ л тэднийг буруутгаад байвал бид хэзээ ч бэрхшээл зовлон, асуудал хүндрэлээсээ ангижирч, урагш ахиж дэвшихгүй. Хэн нэгнийг буруутгаж зэмлэсэн үгс бидэнд эрх чөлөө авчирахгүй. Бидний амнаас гарч буй үгэнд асар их хүч байдаг юм даа. Тэр хүч амьдралд үүрэх хариуцлагаас гарч ирдэг. Амьдралын хариуцлагаа бид өөрсдөө хүлээх ёстой. Хэрэвээ амьдралдаа хариуцлагатай байхыг хүсвэл амандаа ч хариуцлагатай байх хэрэгтэй...

Би өөрийгөө өршөөж уучилсан учираас өөртөө итгэлтэй болсон. Бусдад болоод амьдралд итгэхээ больбол өөртөө ч итгэхээ больдог....

Өөрөө өөрийнхөө төлөө зөв сонголт хийж өөртөө тусал. Хэрэв эргэлзээ төрөөд байвал: Энэ шийвдвэр надад тустай. Энэ цаг мөчид тохиромжтой, бас зөв шийдвэр мөн үү? Гэж асуу...


Нэгэнт л би чамд энэ бүхнийг хэлсэн болохоор одоо нэг л хүний үгийг чамд хэлмээр байна. Тэгээд чи өнөө орой энэ бүхнийг нэг сайн эргэцүүлээд бодоод үзнэ биз. Чи бол эвдэрээгүй сайн охин тийм болохоор чинь би чамайг амьдралд хайртай болгож урагшаа алхуулмаар байна. Дахиж чамтай энэ талаар ярихгүйг бодноо. Энэ бүхнийг тунгаагаад үзэхээр маргааш чи тэс өөр хүн болоод босоод ирэх бий вий. Харин бодож тунгааж чадвал шүү дээ. Чиний өмнө бүхэл бүтэн амьдрал байна. Үхэх өдөр нь дөхөж яваа хөгшин би сэтгэлээр унаагүй байхад ид сайхан насан дээрээ яваа чи ингэж хүнийг үзэн ядаж буруу бодол тээж амьдралаас халширч болохгүй ээ мэдээ. Чамд зөндөө сайхан ирээдүй байна. Миний охин ирээдүйгээ гэрэлтэй сайханаар харж бодож явж бай. Тэгвэл хүсэл чинь биелэнэ шүү дээ. Чи энэ амьдралаасаа залхаад үхээд өгвөл хэн ч чамайг үгүйлэхгүй. Магад ойр дотныхон чинь л хаяа нэг дурсана. Харин чи золоор олдсон энэ амьдралаа чин сэтгэлээсээ хайрлаж хүндэлж амьдарсан шиг л амьдарч явах хэрэгтэй. Учир нь чи ганц л амьдарна шүү дээ. Тийм болохоор ах нь чамаас нэг л зүйлийг хүсье амьдралаа хайрлаж яваа миний дүү, битгий ээжийгээ үзэн яд. Тэр хүн тавилангаараа чи тавилангаараа өөр өөрсдийнхөө гэсгээлийг хүртээд явна гэсэн үг ойлгож байна уу?

Аанхан хэмээн толгой дохиод нэгийг бодлогширон ширээ гөлрөн суугаа охиныг хараад Цэдэн өөрийнх нь хэлсэн үг ямартаа ч хүрч байна хэмээгээд үргэлжлүүлэн:

Би Эммэт Фоксийн хэлсэн үгийг чамд хэлэхийг хүсч байна: Эммэт Фокс бол 40-60 оны үеийн маш алдартай багш юм.

“ Агуу их хайрын байлдан дагуулж чадахааргүй тийм хэцүү гэж байхгүй

Агуу их хайрын эдгээж чадахааргүй тийм хүнд өвчин гэж байхгүй

Агуу их хайрын нээж чадахааргүй тийм хаалга гэж үгүй

Агуу их хайрын холбож чадахааргүй тийм том ангал гэж үгүй

Агуу их хайрын нэвтэлж чадахааргүй тийм хана гэж үгүй

Агуу их хайрын уучилж чадахааргүй тийм их нүгэл алдаа гэж үгүй

Асуудал бэрхшээлд хичнээн ч гүн гүнзгий орсон бай, ямар ч итгэлгүй болсон бай, ямар их ээдэрч зангиралдсан бай, ямарч том алдаа хийсэн ялгаагүй, агуу хайрыг ойлгож мэдэрсэн л бол тэр бүгдийг уучилж учиг зангилааг олж болно. Хэрэв та хангалттай их хайрлаж чадах л юм бол энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нь, хүчтэй нь та байх болно “ гэсэн байдаг юм даа охин минь. Тиймээ хүн бүхэнд өөрт нь тулгарсан ямар нэгэн асуудлууд байдаг. Ах нь ч гэсэн цагтаа элэг бүтэн сайхан л явлаа. Ханиа алдсанаас хойш их ганцаардаж үгүйлж байна даа хөөрхий минь гэж. Бид хоёр чамтай ойролцоо нээрээ хэд ах юм байна нэг хүүтэй. Хүүгээ арван жил төгсөнгүүт нь гадагшаа сургуульд явуулсан нь бид хоёрын буруу сонголт болоод үлдсэн дээ. Хүү эхний хоёр гурван жилдээ холбоотой байдаг байсанаа нэг удаа яриад эхнэр авч байгаа бүл нэмнэ гэж хэлээд л таг болчихсон. Тэрнээс хойш яаж ч хэлүүлээд бид хоёрыг хаясан даа. Амьтан хүнээс сураг дуулахнээ амьд мэнд сайн л явна гэх юм. Хөөрхий минь их л харуулдсан даа хүүгээ. Би ч амьд мэнд байгааг нь сонсоод л явж байвал барав гээд эр л хүн юм болохоор хат заах болсон.

Хөөх ямар муухай залуу вэ?

Муухай ч гэсэн миний мах цусны минь тасархай болохоор хүүдээ гомдож чаддаггүй юм даа. За одоо ингээд зогсоё хоёулаа. Мэдэх шаардлагагүй зүйлийг мэдэх гэх хэрэггүй байдаг юм охин минь. Ах нь чамд зөндөө сайхан хайрын тухай ярьчихаад төгсгөлд нь ийм дэмий юм яриад яахав. Тэгэхдээ л миний хүү над дээр намайг амьд байхад ирэх л болно. Яагаад гэвэл хүү минь өөрийг нь өдий болтол хайрлаж хүлээсээр байгаа гэдгийг мэдэх болохоор би хүүдээ итгэж байна. Хүний газар амьдрал зохиосон хүн тэгээд тэднийхээ төлөө хэмээн нойр хоолгүй ажилаад амжихгүй байгаа биз ядарч л яваа байх даа муу хүү минь хэмээн хэлэхэд хоолой нь үл мэдэг чичирхийлж байхыг энэ удаа Чаминсайхан анзаарав. Тэрээр ширээн дээрхи зүйлсээ цэвэрлэн Цэдэнд нэг аяга цай оруулж өгөөд өрөөндөө орон дээш харан хэвтээд урд нь хэзээ ч ингэж байгаагүйгээрээ бодолд дарагдан өөрийнхөө өөрийгөө мэдэх үеэс эхлэн бүх амьдралаа бодож эхлэв. Тэр сацуу түүний нүүрний өмнүүр нь өнгөрсөн бүхэн нь кино үзэж буй мэт урсан урссаар нойрыг нь бүр хулжаан одлоо.

Нээрээ л Цэдэн ахын хэлдэгээр хүний амьдрал янз, янз байх юм даа. Хэрэвээ санасанаараа амьдраад байдаг бол амьдрал утгагүй тэмцэлгүй болох юм байна. Амьдралд тэмцэл байдаг болохоороо л амьдрал амттай, үнэтэй байдаг юм байна ш дээ. Нээрээ би одой л болохоос надад хөл, гар, ам, нүд гээд бүх эрхтэн минь бүрэн байна. Яагаад би ажил хийж болохгүй гэж. Цэдэн ахаас гуйгаад үзвэл энэ мундаг хүн нэг таньдаг хүндээ хэлээд намайг ажилд оруулчих юм биш биз. Ямар азаар би тэр шөнө гарч энэ хүнтэй учираваа. Миний нүд одоо л нээгдэх шиг. Том хүн ч болчихсон юм шиг ямар сайхан байнаа хэмээн бодон инээмсэглэн хэвтэж байсанаа гэнэт маргааш л ажилдаа орохоор болсон мэт санан усанд орж бэлдэхээр банны өрөө их л хөөртэй алхлаа.

Амандаа дуу аялан усанд орох охины дууг сонсоод Цэдэн ч инээмсэглэн толгой сэгсрээд зурагтаар гарч буй нэвтрүүлгийг анхааран чагнаж суутал утас нь дуугарав. Чаминсайхан усанд орж байгаа болохоор өөрөө очин утасаа автал түүний шавь болох Ганбат ярьж байна.

Сайн байна уу та? Бие тэнхээ данги уу

Би сайн ямар сонин хүн ярьж байх юм

Өө харин таниас  нэг юм асуух хэрэг гараад

За юу билээ?

Та Эрүүл мэндийн яаманд гайгүйхэн нөлөө бүхий хүн таихгүй биз?

За яах гээв?

Би харин нэг хувийн эмнэлэг нээх санаатай тэгээд уулзаж харилцан ярилцаж зөвлөгөө авдаг юмуу гээд л?

За би маргааш өөрөөс нь асуучихаад зөвшөөрвөл чиний утасыг өгье. Ингэхэд дугаар чинь надад байгаа билүү. Ганбат дугаараа хэлэхэд тэмдэглэж аваад орой дэмий өглөө болъё хэмээн бодоод яаманд ажилладаг бас нэг шавьруугаа ярих гэснээ буцааж таслаад халуун цай хийн өрөөндөө очин зурагтаа үргэлжлүүлэн үзэв.

0 Сэтгэгдэлтэй: