Замилан хорвоо 5-р хэсэг



Сайханаа хогоо асгахаар өглөө гараад иртэл бункерынх нь тэнд нэг хүн унтаж байх шиг. Цочин буцаж орохоор завдан байсанаа сониуч зандаа хөтлөгдөн хараад чимээгүйхэн дуу алдсаныг өөрөөс нь өөр хэн ч сонссонгүй. Хогоо үлдээчихээд бушуухан гэртээ гүйн орсон ч тэрээр тайвширсангүй. Бушуухан гал тогооны өрөөндөө орон идэж уух юм бэлдэн уутанд хийн сэрэхээс нь өмнө хэмээн буцан гарлаа. Нуугдасхийн харвал охин нь сэрэх нь бүү хэл дуг нойрондоо дугжиран нам унтаж байсанд бушуухан авч гарсан ууттай идэх юмаа хажууд нь тавиад мөн л гүйхээрээ гэртээ оров.

Чи зүгээр үү яагаад байнаа?

Би зүгээрээ яагаа ч үгүй хогоо асгаад...хэмээн ээрч мууран хэлтэл нөхөр нь түүнийг нэг их том харсанаа бие засахаар ариун цэвэрийн өрөө явав. Сайханаа аль болох тайван байхыг хичээсэн ч чадсангүй. Түүний гар нь салгалан хогийн бункерт унтаж буй охин нь байн байн бодогдоод бушуухан нөхөрөө яваасай хэмээн өглөөнийх нь цайг яаравчилан бэлдэв. Наст юу ч дуугаралгүй чимээгүйхэн цайлангаа түүнийг нэг л биш байгааг ажиглан сууна.

Чи надаас нэг л юм нуугаад байна тийм үү?

Үгүй...үгүй би юугаа нуух билээ дээ

Гадаа хэн нэг нь чамайг олоод ирчихэж үү, арай нөгөө хар юм чинь биш биз?

Бишээ тэр тэгж явах ухаан ч байхгүй, харин...хэмээн үгээ гүйцээлгүй гацтал Наст

Харин юу гэж?

За за энэ нэг их чухал юм бишээ. Ажилаасаа хоцорлоо бушуухан цайгаа уу. Би усанд орлоо хэмээгээд түүнээс хариу сонсолгүй орхин явав.

Халуун шүршүүр дор зогстол сая л түүний бүх хүлээс тайлагдан хэнээс ч хамааралгүйгээ мэдээд хацрыг нь даган урсах нулимасаа сул асган цурхиртал уйллаа. Эвий охин минь ингэж ч явах гэж. Би ямар арчаагүй ээж вэ. Ганц охиноо нэг хар юмаар солиод. Хэрүүл зодоон хийгээд байхгүй ч их дотогшоо, илэн далангүй биш болохоор хэцүү юм. Цэвэг архичин болсон байсан арай охиныг оролдож айлгасан юм биш байгаа даа. Би яагаад Настаас хүүхэдтэй болохгүй байнаа. Хүүхэд гаргаж өгөхгүй болохоор бүр ч хөндий байх шиг. Үзүүлэхээр зүгээр нөхөрөө үзүүл гэх юм. Би даанч хэлж үнэхээр зүрхлэхгүй байна. Сайханаа чи яг солиорч төрүүлсэн охин чинь гадаа хогийн бункерт унтаж байхад Настаас яагаад хүүхэд олохгүй байна гэж бодож чадаж л байдаг хэмээн хажуунаас нь хэн нэг нь хашгичих шиг санагдсанд чихээ таглан доош сөхрөн суув. Удаж удаж арай тайвшираад гараад иртэл Наст явчихсан гэртээ тэрээр ганцаараа байлаа. Дахин гарч охиноо хармаар санагдсан ч зүрх нь хүрсэнгүй. Ажилруугаа утасдан өвчтэй хэмээн хэлээд толины өмнө өөрийгөө гөлрөн удтал суулаа.

Түүний өмнөөс тэс өөр Сайханаа харна. Нүдэнд нь үл ялиг үрчлээ сууж, гэрэлтэж байдаг нүднийх нь гал цог унтарсан нэг их сул бүсгүй аврал, гарц эрэн түүнийг өрөвдөнгүй ширтэн суух аж.

Чи хэзээ ийм болчихсон юм бэ? Чиний нөгөө омголон өөртөө итгэлтэй бардам зан, хайр гэрэлтсэн нүд чинь хааччихаа вэ

Мэдэхгүй, дөнгөж саяхан л байж байсан даа

Чи түүнийгээ өөрөө ч мэдэлгүй гээчихэж ээ. Ийм үнэтэй нандин зүйлээ тийм хайхрамжгүй авч явлаа гэж үү?

Тийм үнэтэй нандин зүйл байсан юм бол надад эртхэн мэдэгдэхгүй даанч яав даа

Юугаар ч солишгүй үнэтэй чиний амьд байгаагийн чинь утга учир байсан юм даа

Надад тийм зүйл байсан гэж үү?

Байлгүй яахав. Тэр чинь хүн бүхэнд байдаг. Харамсалтай нь олж хардаг нь хардаггүйгээсээ олон юм даа. Чи ч тэдний нэг

Би тэгээд яах ёстой юм бол?

Яахыг чи өөрөө л мэднэ. Хэнээс ч, юунаас ч битгий шалтгаанаа асуу. Учир нь энэ бүхний эхлэл нь чи өөрөө тийм болохоор үргэлжлэл нь ч чи өөрөө. Төгсгөл нь ч чи байх болно. Тийм болохоор хэрхэн төгсгөхөө өөрөө мэддээ.

Сайханаа толинд харсан дүрстэйгээ ийнхүү хий ярин удтал суусны эцэст сая шийдвэрээ гаргаад хувцаслаж эхлэв.
 

Цэвэг охиноосоо авсан мөнгөөр танил авгай дээрээ очин найрка хэмээх хямдхан архиа аван нэг сайн хөнтөрч орхитол дотор нь сая онгойн хамаг хөлс нь асгараад ирлээ. Тэр сацуу дахин нэг сайн балгаад биеэ сэгсрэн зайлан нэгэнтээ хий огиулаад өнөөхөө харвал аль хэдийн дундаасаа хэтэрсэн харагдахад ингээд ганцаараа уугаад дуусчихвал дараа нь яах болж байна гэж сэтгээд Бат дээр очихоор явлаа. Яваад очвол Бат траншейндаа дугжиртал хурхиран байсанд татан сэрээгээд авчирсан жааханаа өгвөл Бат ч илт баярлан салгалсан гараар аван нэг амьсгаагаар бараг бүгдийг нь хөнтөрхөд Цэвэг бушуухан шүүрэн авч

Хөөе наадах чинь дууслаа өөр байхгүй ш дээ

Чи ихэнхийг нь уучихсан л юм байна ш дээ. Надад авчирсан юм бишүү

Битгий давраад бай чи. Минийхийг уучихлаа одоо чинийхийг ууя

Надад юу байдаг юм бэ?

Сэтгээчээ сэтгээч би арайхийж авъяасаараа олсон юмаа ганцаараа ч уулгүй чамд авчирч байхад чи ингээд байхдаа яадаг юм

За за босохоос, эртхэн хог түүвэл гайгүй юм олдож магад. Тэгэхгүй бол энэ хажуугийн траншейнийхан түүчихнэ. Наад жааханаа жороолчихол доо хө. Гайгүйхэн юм олдвол хоёулаа л ууна ш дээ хэмээн гуйх шаардах хоёрын дунд хэлэхэд Цэвэг амандаа үглэн ихэнхийг нь уугаад үлдсэнийг нь түүнд өгөөд

Бушуу уучих тэгээд гаръя....хэмээлээ.

Өнөөх хоёр гудамжинд гаран доошоо газар шагайн юмыг яаж мэдэх вэ хэмээн шиншлэн явна. Хажуугаар нь өнгөрөх хүмсүүд ажилдаа яаран гүйж байхад мань хоёр ямар нэгэн юм олдчих болов уу хэмээн газар шагайн яарах юмгүй тул аажуухан байрны хогийн бункер чиглэн хоорондоо төө хэрийн зайтай урд хойноо орон алхацгаана. Захын орцны бункер аз болж онгорхой таарав. Хоёул авч гарсан шуудайгаа дундаа хийн хогон дунд авч болох юу л байна онгичиж байтал орцны жижүүр бололтой хараажаар хэл амтай хүүхэн гарч ирээд

Битгий хавиар нэг тараачихаарай балиар юмнууд. Цэвэрхэн шиг дотор нь үзэж чадахгүй бол цоожлоод та нарыг дахиж оруулахгүй шүү мэдээ

За тэгнээ бид хоёр гадагшаа ердөө хог гаргахгүй гарчихвал өөрсдөө цэвэрлэчихье хэмээгээд Бат худлаа инээвэл өнөөх бүсгүй

За за болтугай хэмээгээд даарсан бололтой буцан оров. Тэр хоёр шил, лааз, ундааны сав гээд тушааж болох бүхнийг аван шуудай нь талдаа ч ороогүй байтал хогний машин хүрээд ирэх нь тэр. 

Иймэрхүү байдалтай хэдэн орцны хогийн бункерт хогний машинтай өрсөн ганц нэгээр нь түүсээр шуудай нь ч овоо хагаслаад ирэв.

За энийг тушаахад ямартаа ч ганц нэг юмны мөнгө босчих юм шиг байна явах уу хоёулаа

Тэгье дээ

Чи өлсөхгүй байна уу Цэвэгээ хоёулаа мөнгө хүрвэл гурил юмуу бэлэн гоймон аваад очиж Чамиагаар сайхан хоол хийлгэж идэнгээ уухуу. Өглөөнөөс хойш хог түүсээр бүр ядарчихлаа

Чи дахиад намайг явуулчихаад манай охинтой жаргах гэж байна уу айн. Битгий горьд чи

За нэг их ариун охинтой ч юм шиг. Дотор гэж авах юмгүй унтаж байхад л танай охин өөрөө эхэлж өвөрт орж ирж эхэлсэн шүү. Эмэгтэй хүн тэгж байхад ямарч эр хүн тэвчиж чадна гэж үү. Би архичин ч гэлээ эр хүн шүү. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг байхаа

Цэвэг үүнийг сонсоод Чаминсайханд уур нь хүрч Батад хариу юу ч дуугаралгүй шилээ тушаахаар түрүүлэн алхлаа.

Санасаныг бодвол овоо хэдэн төгрөгтэй болсон хоёр нөгөө авгай дээрээ очин найркагаа аван үлдсэн мөнгөөр нь гурван ширхэг хямдхан бэлэн гоймон аваад их л баяртай дуу шуутай гэртээ ирлээ.

Чаминсайхан миний охион Бат нь хүрээд ирлээ бид хоёр гоймон авчирсан сайхан хоол хийгээдэх...гэтэл хариу байдаггүй. Өө байхгүй байгаа юм байна за хоёулаа эхлэх үү дээ. Өнөөдрийн амжилтын төлөө

Хааччихсан юм бол. Өлсөж байна гэж тамтаг алга дангаар нь л идэж жаахан гол орохоос хэмээгээд нэг гоймонгоо задлан шаржигнатал зажлан байсанаа амтлагчийг нь задлан хуурайгаар нь дээрээс нь цацаад хоёул хувааж идэнгээ архиа задлан ууцгаалаа.

Чаминсайхан хүмүүс чанга чанга дуугарах дуунаар сэрэн харвал хажууд нь жижиг цагаан уутаар дүүрэн идэх юм байх нь тэр. Тэрээр нүдэндээ ч итгэсэнгүй ийш тийш харвал өөрөөс нь өөр хүн байхгүй байсанд бушуухан булаагаад авчих вий гэсэн аятай өвөртөө хийгээд урд хожид амталж ч үзээгүй боорцогийг гарган амтархан идлээ. Түүний ам нь горойн хатахад гадаа гаран ус олж уухаар яаравчилан ойролцоох цайны газар харагдсанд явж орсоноо бие засах өрөөнд нь орон ханаталаа уугаад бие засч аваад тэндээсээ гараад ирвэл нэг охин түүнээс цочсоноо

Ээжээ..... чи эн юугаа хийж байгаа юм бэ? Хаагуур ороод ирэв

Би...миний ам цангаад

Хулгайч уу чи, юу авсан. Наад энгэрт чинь юу товойгоод байгаа юм бэ хэмээн худлаа омогдон хашгичсан ч ойртсонгүй. Чаминсайхан үүнийг нь ашиглан хажуугаар нь хээв нэг алхан гараад гарсан хойноо ум хумгүй буцан өнөөх идэх юм хайрласан орцруугаа орон найман давхартаа гаран сая нэг уртаар амьсгаа аваад саяны охиныг бодон ганцаараа баахан хөхөрч байтал гэнэт хаанаас гараад ирэв гэмээр орцны жижүүр бололтой нэгэн бөгтөр эмэгтэй хүрээд ирэх нь тэр.

0 Сэтгэгдэлтэй: