7951 дах өдөр

Огиудас мэт оргилон буцлах залуу насны минь
Одоо 7951 дах нүгэлт өдөр өнөөдөр тохиож байна!
Хүлцэнгүй нүдний цог л хамгаас халуун тэгээд түлэх хүчтэйг
Хүний дүрийг олох гэж тэсч ядах бурхан хүртэл огтхон ч мэдэхгүй
Эмгэнэлт ертөнцийн судсаар гол мөрөн мэт тасралтгүй цутгах
Эдгэшгүй сүүлчийн найдвараас минь өөр юу надад үлдэх юм бэ?
Арьс, үснээс сэгсрэн унагаж л зүрхлэх хүн-итгэл, хүн-зүрхнээс илүүтэй
Амьдралд өөрөөсөө ч илүү хайртай байх шалтгаан бидэнд бий ч билүү?
Надад хэл л дээ, цонх даган урсах, урсахдаа тарнийн үсэг сийлэх хавар аа!
Надаас илүү төгс оршигч, сэтгэлийн гүнд цаас уран суугаа бие-зүрх минь ээ
Лаатай хамт хайлаад л, хайлахдаа нулимс дуулдгыг мэдрүүлдэг гунигшил аа!
Лавсан будрах цас мэт, асгаран орогч аравдугаар сарын уйтгартай навчис аа...

Цээжинд бугалсан үгс бүр хоолой багалзуурдах мэт мэдрэмж төрүүлдэг
Цэх зогсох хүсэл л харин тэднийг хорьж чимээгүй амьдрах итгэл өгдөг
Алдсан бүхнээ л эргүүлж авах мэт өдөр хоногуудын хойноос хөөцөлдсөөр
Ахин, дахин өглөө бүхэн сэрээд л, хөгшин нартай цоо шинээр танилцдаг
Тариурын зүү шиг өчүүхэн жаахан өвтгөдөг боловч шигдвэл үхэлд хүргэх
Тасралтгүй үргэжлэх цаг хугацаанд л хууртаж амьдардагаа ухаарсаар л байна
Мэддэг ч гэлээ, огт мэдэхгүй юм шиг нүдээ аниад жингүүдэн нисэхээс илүү
Миний орон зайд өөр эхлэл ч үгүй, төгсөх нь бас даанч тодорхойгүй

Өөрийг минь онгичин, зүрхэн дотор минь хөлнийхөө чимээг үлдээх гэж
Өөдөөс минь итгэлтэйгээр хийсч ирэх жирийн л хямдхан амьдралыг
Хүсэмжит үзэн ядалдтаар угтаад, ховсын инээмсэглэлээр үднэ гэдгийг
Хүлцэнгүй нүдэн дэх түлэгдэм халуун цог л илчлэх болно!

Хараач! Огиудас мэт оргилон буцлах залуу насны минь
Одоо 7951 дах нүгэлт өдөр өнөөдөр тохиож байна!

0 Сэтгэгдэлтэй: