ЦАГ ХУГАЦАА ГЭДЭГ


Дэврүүн залуу нас баяр гунигийг шавхай шиг туучиж
Дэндүү их цаг хугацааг дэнгийн эрвээхэй шиг л шатаачихсан байна
Өнгөний сайхан үнэрийн тансагт дурлаж
Өчнөөн мянган хоногийг задгай мөнгө шиг тарааж орхисон байна
Цаг хугацаа гэдэг хулгайч эр халаасыг минь аль хэдийнээ тэмтэрч
Цав цагаахан итгэл дээр минь хүртэл сүүдрээ үлдээчихээд явчихсан байна
Дэргэд минь байх сайхан бүхнийг минь өмчилсөн тэр хулгайчтай
Дэрээ хүртэл хувааж гучин жил амьдарсан байна
Хагацал зовлон уйтгар гунигийг дусал нулимсаар үнэлж
Хөөр баяр аз жаргалыг чимххэн инээдээр чимж
Дэврүүн залуу нас баяр гунигийг шавхай шиг туучиж
Дэндүү их цаг хугацааг дэнгийн эрвээхэй шиг л шатаачихсан байна

0 Сэтгэгдэлтэй: