БҮХ ТОВЧЛУУРАА АЖИЛЛУУЛЖ СУР


Та онгоцоор нисэх гэж байхдаа онгоцны бүхээгний удирдлагын самбаруудыг сэмхэн гэгч нь харж үзсэн үү. Энэ бол нэг том хавтан дээрх маш олон янзын сонирхолтой товчлуур, залуур, залгуур, утас утраалгаас бүрддэг тавцан юм.

Хэрэв та онгоцонд суух гээд орж байх үедээ санамсаргүйгээр ерөнхий нисгэгч нь туслах нисгэгчдээ “Яана аа, би энэ удирдлагуудыг яаж ашиглахаа мэдэхгүй, чи мэдэх үү?” гэж асууж байхыг сонсчихлоо гээд төсөөлөөд үз дээ. Хэрэв би лам ийм юм сонсвол онгоцноос шууд бууна аа.

Амьдрал дээр ихэнх хүмүүс өөрөө өөрийнхөө амьдралын жолооч нь байдаг хэрнээ тэрхүү олон товчлууруудынхаа учрыг олдоггүй, хэзээ хаана яаж ашиглахаа мэдэхгүй явж байдаг. Бид өөрийнхөө товчлуурууд хаана байдаг, юу хийж чаддагийг мэдэхгүй амьдрадаг.

Тэгэхээр, та өнөөдрөөс эхлээд өөрийгөө нисэхэд, хөөрөхөд хүргэдэг ямар товчлуурууд хаана байдгийг нэг бүрчлэн бодож, бичиж авна гэж өөртөө амлаарай. Таны сэтгэлийг хөдөлгөдөг, урам зориг оруулдаг, эрч хүч оруулдаг зүйлүүд юу вэ, та яахаараа эсвэл ямар үедээ үнэхээр шийдэмгий, урам зоригоор дүүрэн болж, амжилт олж чаддаг вэ. энэ бол таны хянах самбар болог. Тэгээд тэрхүү жижиг товчлуурууд чинь таныг өөрөө өөрийгөө эрчимжүүлэх хамгийн гол систем болог. Ер нь хүн санаандгүй, зүгээр сууж байснаа гэнэт урам зориг ороод, эрч хүчээр цэнэглэгддэггүй шүү дээ. Тухайлбал та фм радио сонсож байтал ямар нэг гоё, эрч хүч оруулдаг дуу явах үед сэтгэл чинь хөдөлж догдолдог. Та дуртай дуугаа явахыг хүлээгээд радио сонсоод байх биш, харин өөрийн сонсох дуртай дуунуудаа нэг хуурцаг, эсвэл CD дээр бичиж аваад түүнийгээ машиндаа ч юмуу хөгжимдөө хийгээд хүссэн үедээ сонсдог шүү дээ. Амьдралдаа ч гэсэн тэгэж хандах хэрэгтэй.

Өөртөө “хамгийн их эрч хүч оруулдаг дуунууд” гэсэн хувийн бяцхан цуглуулга хийсэн ч болно шүү дээ. Киноны хувьд ч гэсэн адилхан. Тэр киног л үзэхээрээ бүх юмыг хийж чадах юм шиг болдог, урам зориг авдаг гоё кинонуудаараа цуглуулга хий. Эдгээр нь таныг удирдах товлуурууд чинь болж өгнө. Би олон хүнээс ямар нэгэн киног хоёрдахь удаагаа үзэхэд илүү сайн ойлгож, олон зүйлийг олж харж чаддаг гэж байхыг сонсож байсан. Танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн киногоо хагас жилийн дараа дахиад нэг үзээрэй. Та олон шинэ мэдрэмжүүдийг олж авч, өмнө нь үзэхдээ олж хараагүй зөндөө зүйлийг олж харна гэдэгт би итгэлтэй байна. Ингээд та эргэн тойронд болж байгаа асуудлууд чинь таны төсөөлж ч байгаагүйгээр хянагдаад, удирдагдаж болдог юм байна гэдгийг ойлгох болно.

Та өөрийн энэ товчлуураа мэдэж авч, өөрийгөө ухамсартайгаар удирдаж чаддаг болсноор амьдралынхаа чухал асуудлууд дээр сайн төвлөрч, илүү их энергитэй болно. Хэдий чинээ өөрийнхөө товчлууруудыг удирдаж, ажиллжуулж чаддаг болно төдий чинээ өөрийгөө эрчим хүчээр цэнэглэж, аз жаргалтай амьдралд хүрнэ. Харин энэ долоо хоногт бүсгүй та өөрийнхөө товчлууруудыг олж нээгээрэй.

0 Сэтгэгдэлтэй: