Бодлоороо би чамайг зурдаг

Бодлоороо би чамайг зурдаг
Будаггүй зурганд чи гунигтай харагддаг
Булингартсан харцаараа намайг ширтсэн байдаг
Бийргүй хэрнээ зурсаар л байх болно

Харцаараа би чамайг эрдэг
Хайж хайж олчихлоо гэж хөөрдөг
Харамсалтай нь би эндүүрсэн байдаг
Ханаж залхалгүйгээр хайсаар л байх болно

Хүслээрээ би чамайг мөрөөддөг
Хүнийх биш ганцхан минийхээр төсөөлдөг
Хорвоод чи л надад үлдсэн юм шиг боддог
Хяслантай ч мөрөөдсөөр л байх болно

Итгэлээрээ би чамайг хүлээдэг
Инээмсэглэсээр ороод ирэх юм шиг санадаг
Эргээд намайг орхихгүй гэж тайвширдаг
Итгэл алдуурсан ч хүлээсээр л байх болно...

0 Сэтгэгдэлтэй: