Хэтэрхий их хайртай болохоор чамаасаа би юу ч нэхдэггүй ээ......

Хэтэрхий их хайртай болохоор
Нулимс чинь урсах цагтаа энгэрийг минь чи санадаг байх
Нууцхан гуниглах мөчид үгсээр минь чи дутдаг байх
Нүгэлтэй хорвоод бүдрэхдээ гарыг минь чи үгүйлдэг байх
Нүцгэрч сэтгэлдээ ганцаардахдаа тэврэлтийг минь чи дурсдаг байх аа

Харин...

Жаргал дүүрэн инээмсэглэхдээ чи дүрийг минь бодолоосоо арччихдаг
Жавар үргэж наран ээхэд дурлалыг минь салхинд дайгаад явуулчихдаг
Дурлал хайрандаа бялуурхаараа дурсамж болгон түгжээд тэнгист живүүлчихдэг
Дуулж хөгжиж наадахаараа дарсныхаа шавхруутай цуг намайг асгачихдаг

Тийм ээ...

Саарал хорвоод согтуурхаараа дэргэдээсээ чи намайг хайдаг
Санасан юм шиг аашилж хайрын үгс шивнэдэг
Сарны мишээлд цэнгэхдээ үнэрийг минь мартагнаж орхиод
Сархад шиг нялуун амрагтаа эрхлэн нялхарч уусдаг

Гэхдээ...

Гунигийн нулимсыг чинь арчих алчуур болсондоо харамсдаггүй ээ би
Гутарсан сэтгэлийг чинь баясгагч алиалагч байгаадаа ч харамсдаггүй ээ
Хэрэгтэйдээ санаж хэрэггүйдээ хаядагт чинь ч гомддоггүй
Хэтэрхий их хайртай болохоор чамаасаа би юу ч нэхдэггүй ээ

0 Сэтгэгдэлтэй: