Би завь, харин чи сэлүүр


Би завь харин чи сэлүүр амьдрал гэгч далай дээгүүр.... Энэ их түгжрээн дунд хотын нэг захаас нөгөө зах ороод буцаад явах зуур юу эсийг бодох билээ. Цонхны цаана амьдрал үргэлжилнэ. Заримдаа баяр хөөртэй, зарим уйтгар гунигтай, зарим нь яарсан, зарим нь даарсан, зарим нь хоорондоо муудалцаад л, зарим нь танилууд бололтой гар барилцаад л. Хүмүүний амьдрал гэдэг янз бүр юм аа. Жаргал зовлон, элдэв саад тотгор энэ бүхэн байж л амьдралын амт гээч зүйлийг мэдэрдэг буйзаа.

Далайгаа харсан далайчны хүсэл тэмүүлэл бадардаг гэдэг. Тэгээд бодоод байхад амьдралыг далай, эрэгтэй хүнийг завь, эмэгтэй хүнийг сэлүүр гэж зүйрлэсэн нь маш их тохирсон юм шиг... Далай дээр байгаа сэлүүргүй завийг төсөөлөөд үз дээ. Эсвэл завьгүй сэлүүрийг. Сэлүүргүй завь зүг чиггүй, далайн давалгааны аясаар хөвсөөр байдаг. Зарим нь эцэстээ далайн шуурганд, эсвэл хөмрөөд дуусна. Завьгүй сэлүүр ч мөн адил. Харин сэлүүртэй завь хамтдаа ямар нэг зүгийг чиглэдэг. Магадгүй явцын дунд сэлүүрээ усанд унагааж алдана. Магадгүй өөр сэлүүр хөвөөд ирнэ. Ямар ч тохиолдол байсан завь сэлүүр хоёр хамтдаа нэгэн цогц байж, нэг зүгийг чиглэж байж зорьсон газартаа хүрдэг шүү дээ. Хоёр хүн нэг хүн болохыг аз жаргал гэдэг. Төгс хайр гэж байдаггүй харин төгс хайр гэдэг зүйлийг хамтдаа бүтээдэг. Магадгүй одоохондоо би сэлүүргүй хөвж яваа завь..

0 Сэтгэгдэлтэй: