Хувь тавилан


Намрын навчсыг сэрчигнүүлэн сэвэлзэх салхи нь төрхгүйтэх
Нартыг үдсэн нэгэн шөнө хорвоо дэлхийд айлчилна
Насан залуу бүсгүй гудамж даган алхахуйдаа
Нам гүм шөнийг цочоон хөндлөн гулд туучина.

Эргэн эргэн харж нэг л түгшүүрт автсан байдалтай
Элгэндээ тэвэрсэн зүйлээ алдчих бий гэж айсан бололтой.
Энхэл донхил гудамжаар яаран яаран алхахдаа
Энгэр норгох нулимсаа арчин арчин мэгшинэ...

Бүсгүй заяандаа гомдож, хувь тавилангаа зүхэхдээ
Бүлтгэр үрээ тэжээх амжиргаа үгүйдээ шаналахдаа
Бүлээн салхитай шөнөөр нэгэн бодол шулуудан
Бүдэг гэрэлтэй гудамжаар ийн яваа учир байж...

Сайхан залуугийн өвөрт жаргал хөөн эрхлэхдээ
Саар учрал тохионоо гэж хэрхэн тэрээр ухаарах вэ
Сайнтай муутай орчлонгийн бүдчээ ихтэй замаар
Сайхан үрээ гээхээр сэтгэл шулуудахаа мэдээгүй л юм

Амтат хоолоор даруулсан гашуун сархад толгойд нь гарч
Амраглах хүсэлд автсан хархүүгийн энгэрт эгшихдээ
Алаг нүдэн үрийн заяа гомдоох үйлрүү дөхөж
Амьдралын хар нүглийг үйлдэнэ гэж яахан мэдэх вэ тэр ...

Өглөөний нар мандахад буудлын өрөөнд сэрэхдээ
Өр зүрхрүү нь шаасан худал хуурмагыг мэдэрчээ
Өнчин сэтгэл гансрахдаа өөрийгөө буруугүй гэж сэтгэж
Өнгөрсөн шөнийн явдалдаа сэтгэл гутарч гундажээ.

Хэвлийд нь үр бүрэлдсэнийг бүсгүй мэдэх тэр агшинд
Хэний хүүхэд билээ гэж бодон шаналах тутам
Хээнцэр залуугын хуурмаг төрх нүдэнд нь тодоор харагдаж
Хэнхэг цээжийг нь даран аахилж байсан нь санагджээ...

Ядуугийн зовлон гэдэг энэ хорвоогийн гачлан
Янхан болж амьдрана гэдэг хүмүүн заяаны гутамшиг ч
Яахан амьдрахаа мэдэхгүй аргаа барсан үйлдэл гэж
Ярьсан бүхэн нь өөрийгөө өмөөрч өмгөөлсөн өчил мэт...

Бүсгүй яаран яаран алхалсаар нэгэн орцонд орлоо
Бүлтгэр хөөрхөн үрээ айлын босго дэрлүүллээ...
Бүүвэйлж нэг үнэрчихээд нулимсаа арчин холдлоо
Бүртийх ч гэгээгүй шөнийн харанхуйн гүнд ууслаа.

Иймл нэгэн явдал бүсгүй түүнд тохиолдож дээ
Ихрэхүү бардам залуугийн тоглоом тохуу болжээ..
Идэр залуухан бүсгүй өөрөөр амьдрах чадалгүй тул
Ижий болох тавилангаас зугтан бяцхан үрээ орхих нь тэрээ.

Бяцхан хүү айдсыг үл мэдрэн айлын үүдэнд ганцаар хоцорлоо
Бяд суугаагүй нялх амьтан эхийн хайраас үүрд хагацлаа
Бусдад нүгэлгүй балчир хүүг хэн нэгэн авах болов уу..
Бурхан харж түүнийг ивээвэл буянт хүмүүн таарах л биз дээ...

Хойчийн мөртүүдэд бяцхан хүүгийн тавиланг зуръя даа
Хоног өдрөөр хүн болох зам төөргийг нь засъя даа
Хорон санаатан түүнийг олох түүхийг бичиж мөр татлаад
Хорвоо гэдэг гашуун гэдгийг хүмүүн чамд үүгээр хэлсү..

0 Сэтгэгдэлтэй: