Намайг санаарай


Хөв хөх тэнгэрт хачин их дуртай
Хөөрүү гэгэлгэн насыг минь битгий мартаарай
Сэтгэлээ дэлгэж чамруу л тэмүүлсэн
Санааширч уйлж, уярч догдолсон сайхан хайрын түүхийг битгий мартаарай
Мянган жил амьдрах ч биш дээ амраг минь
Миний сэтгэл надтай хамт л авслагдана
Борооны дараах солонго шиг богинохон
Борог өвсний амь шиг хэврэгхэн
Яргуйн хөх дэлбээ шиг эмзэг турьхан
Янаг хайрын түүх өөрөө дэндүү нимгэхэн
Өчүүхэн цөөхөн хоног би чамайг хайрлаж
Өвс ногооны бордоо болоод л орчлонгоос буцчихна
Зүрхээ сэмлэн чамд дурлаж, нулимс унагаж явсан
Зүггүй хайрын түүхийг тэр цагт хэн ч мэдэхгүй үлдэнэ
Гар гараасаа хөтлөөд он жилийг хамтдаа туулж
Ганцхан чамайг л хайрлах гэж тэмүүлсэн
Дэндүү гэгээн хайрыг минь битгий мартаарай
Дэвэргэн хөөрүү насны алдааг минь уучлаарай

0 Сэтгэгдэлтэй: