Талийгаачийн өчил

Бие явав ч сэтгэл хоргодох хорвоогийн жамаар

Бидэрч шаналалгүй өөдрөг алхана гэж мөрөөддөг л байсан

Битүүхэн гуниг, аргацаах амьдралтай хоног өдрүүдийг

Бичиж үлдээх тэр мөртүүд минь цаасан дээр л дурайсан

Амьдрана гэж итгэв ч бие алсрах энэ л мөчид

Алдаа оноо нүднээ жирэлзсэн дурсамж болж хувирах юм

Аз жаргал гуниг харуусал энэ тэнцүү байсан ч юм шиг

Алдаа оноо, ухаарал гутрал адармаатай мөчүүд намайг тойрон байж гэмээр

Жаргалтай байсан тэр мөчүүдэд амрагтаа гомдохдоо үхнэ гэж амалдаг

Жаахан халамцахаараа ганцаараа би гэж цээжээ дэлддэг

Жамаараа өнгөрөх хувь тавиланг зовсоон гэж тунхагладаг

Жаргалдаа ташуурсан бүтэлгүй нэгэн байснаа одоо ухаарах юм.

Ажилгүй тэнэг, арчаагүй мунхаг байсан өөрийгөө зэмлэвч одоо оройтож

Амьдраагүй юм шиг өнгөрсөндөө л харууссан гэнэн нэгэн байсан л байж

Архичин танхай, халамжгүй нөхөр байсан бол намайг өршөө хань минь

Алдаж оносон энэ хорвоод чи үлдлээ. Өөдрөг байгаарай л гэх байна

Диваажинд уу тамд уу хаана очихоо би мэдэхгүй юм. Бурхан минь

Дэндүү тааваараа амьдраа юу даа хорвоо минь чамд хорогдоод л байна

Дэргэдээ байсан та нартаа дэндүү зовлон учруулсан бол намайг өршөө

Дэлхий намайг даахгүй юм гэнэ. Би явлаа.. Араас бүү гашууд.....

Дэндүү гунигтай зүйл бичсэн бол уучлаарай. Нэгэн харамсаар дурсамж гэнэт сэтгэл буув. Хүн амьсгаа тасрахын цагт юуг чухам боддог юм бол. Сайн сайхныг бүтээж чадсан нэгэн бол сэтгэл амар нүд аних биз. Харин бүтэлгүй урагшгүй байсан хүмүүн амьдралын сүүлчийн амьсгал тасалдаж ядахын цагт олсны үзүүрээс атгаж ядах живж буй хүмүүн мэт аашилж байхдаа амьдралын үнэ цэнийг яаж мэдэрдэг юм бол. Энэ бүхэн надад ингэж л төсөөлөгдлөө. Дахин уучлал хүсье. Амьсгал тарсахын цагт гэмших үйлгүй байхын тулд хүн шиг л амьдрах юмсан хүмүүс минь.

Эх сурвалж: Тодбэх

0 Сэтгэгдэлтэй: