Сүлжээ сонирходог залуусд зориулав.

Сүлжээг гадны халдлагаас хамгаалдаг firewall гэдэг зүйл буй. Үүнийг монгол хэлнээ галт хана гэж орчуулж хэрэглээд байдаг. Би ч мөн тэгж орчуулах нь зөв гэж боддог байлаа.
Барилга барихад гал нэвтрүүлдэггүй хана буюу firewall гэдэг зүйл байдаг ба тэр нь нэг өрөөнд гарсан галыг бусад өрөө рүү нэвтрэхгүй байлгах үүрэгтэй байдаг юм гэнэ. Галын хана муу эсвэл гал хэт их хүчтэй үед нэг өрөөнд гарсан гал бусад өрөө рүү дамжиж барилга тэр чигээрээ шатдаг байна.
Компьютерийн сүлжээнд хэрэглэдэг firewall нь мөн дээрхтэй агаар нэг - Гаднаас орж ирэх галыг дотогш нэвтрүүлэхгүй байх үүрэгтэйгээс гадна, олон дэд сүлжээнүүдтэй тохиолдолд аль нэг сүлжээнд гарсан галыг бусад сүлжээ рүү дамжуулах ёсгүй. Дээд зэргийн нууцлалтай сүлжээ дэд хэсэг бүртээ галын ханатай байхын учир энэ юм. Мөн компьютер болгон өөртөө галын ханатай байж болно.
Гал нь гаднах этгээдийг эсэргүүцэх хэрэгсэл биш гаднаас орж ирэх зүйл, харин хана нь тэрхүү галыг эсэргүүцэн хамгаалах утгатай байх нь. Галт хана бус Галын хана гэвэл зөв юм уу гэж бодлоо.
Дөлмандах
Сүүлийн үед мэдээллийн технологийн хэрэглээ нэмэгдэж, илүү өндөр чухал түвшинд ашиглагдахын хэрээр түүний аюулгүй байдлын асуудлууд их чухлаар тавигдаж эхэлж буй бололтой. Эргэн тойронд хүмүүс сүлжээ, серверийнхээ аюулгүй байдал, хамгаалалтыг хэрхэн сайжруулах талаар ярих нь улам нэмэгдээд ч байгаа юм шиг эсвэл би өмнө нь анзаардаггүй байсан юм болов уу. Ямар ч байсан үүнд анхаардаг болсон нь сайн хэрэг ч галт хэрэм буюу firewall-ын талаар ойлголт миний ойлгодгоос арай л өөр байгаад байх шиг. Иймд би өөрийн ойлголтын талаар аль болох энгийнээр хийсвэрлэн бичихээр шийдлээ.
Мэдээллийн сүлжээ болон интернэтээр урсаж буй мэдээлэл нь анх харахад хялбар юм шиг боловч цаанаа маш нарийн зохицуулалтууд явагдаж байдаг. Жишээ нь, хаяглалт. Гудамж талбай, тодорхой байршил нь Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг гэх мэт өөрийн гэсэн хаягтай байдагтай адил сүлжээнд ажиллаж буй ямар ч төхөөрөмж өөрийн гэсэн хаягтай байдаг бөгөөд үүнийг IP хаяг гэж нэрлэдэг. IP хаяг нь цэгээр таслагдсан 0-255 хүртэл 4 тоогоор илэрхийлэгддэг ба 192.168.0.1 маягаар харагддаг. Бидний мэдэх аль ч хөдөлгөөн эхлэх цэг болон дуусах цэг гэж байдагтай адилаар сүлжээн дахь мэдээллийн буюу битийн хөдөлгөөн нь эхлэх болон очих хаяг гэж байдаг ба IP хаягаар илэрхийлэгддэг. Энэ хаягийн тусламжтайгаар сүлжээнд ажиллаж буй төхөөрөмжүүд нь мэдээллийг өөрт зориулагдсан эсэхийг ялгаж зарим нь цааш дамжуулах гэх мэт нарийн ажлуудыг гүйцэтгэнэ. Дараагийн ойлгох ёстой чухал зүйл бол порт юм. Ус дамжуулах хоолойтой зүрлэж болох юм уу даа. Усны хоолой нь халуун усны, хүйтэн усны, халаалтын буюу паарны, бохирын гэж тус тусдаа байдаг, тус тусаар нь өөр өөр ус гойждог шиг интернэтэд буй үйлчилгээ бүр нь өөрийн гэсэн портоор дамжиж хэрэглэгчид хүрдэг. Жишээ нь, ямар вэб үзэж байгаагаас үл хамааран бид 80-р порт, хэнд ямар захидал илгээж буйгаас үл хамааран цахим захидал дамжуулахад 25-р порт ашиглагддаг. Бас нэг чухал ойлголт нь дамжуулах протокол буюу TCP UDP-ийн талаар ойлголт юм. Сүлжээгээр дамжиж буй зарим мэдээлэл очих эзэндээ бүрэн бүтэн очих шаардлагатай байдаг бол зарим нь үгүй. Бүрэн бүтэн очих шаардлагатай үед TCP-г ашиглах бөгөөд мэдээллийн эд ширхэг бүрийг бүрэн бүтэн очсон эсэхийг тусгай технологийн тусламжтайгаар нарийн шалгах ба дутсан зүйл байвал нөхөх зорилгоор дахин илгээдэг. Өөрөөр хэлбэл таны үзэж буй вэб хуудасны үсэг дутуу, зураг нь баларчихсан байхыг хүсэхгүй биз дээ. Гэхдээ энэ шалгалт, дахин дамжуулалт нь дамжуулах хурдыг бууруулж, зарим нөхцөлд тийм ч тохирдоггүй тул UDP ашиглах хэрэг гардаг. UDP дээр мэдээллийн эд эс бүрийг очсон эсэхийг шалгахгүйгээр зүгээр л ус шүршиж буй мэт дамжуулж орхидог. Энэ нь ихэвчлэн дуу дүрс дамжуулахад тохиромжтой байдаг.
Буруу ойлголтыг залруулах нь. Вэб маань халдлагад өртчихлөө вэбийнхээ хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй байна, галт хэрэм хэрхэн суулгавал хамгаалах вэ, СПАМ их ирэх юм галт хэрэм суулгаж хаах хэрэгтэй байна гэх мэт ярьж байхыг бас надаас асууж байхыг олон удаа сонссон. Эдгээр тохиолдлуудад галт хэрэм огт тус болохгүй, галт хэрэм нь арай өөр зориулалттай. Галт хэрэм нь зөвхөн холболт хэнээс хэн рүү, ямар портоор бас TCP эсвэл UDP үү гэдэг дээр үндэслэж зөвшөөрөх эс зөвшөөрөх шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл хэнээс хэн рүү холболт тогтоож, ямар хоолойгоор яаж (TCP/UDP) мэдээлэл дамжуулах талаар л зохицуулалт хийдэг. Гэвч тэрхүү хоолойгоор ямар мэдээлэл урсаж байгааг огт хянадаггүй бас боломжгүй юм. Энэ нь бид халуун усны цорго нээхэд халуус ус тасраад хүйтэн ус гоожиж байна уу, эсвэл зэвтэй байна уу гэдгийг хянах боломжгүйтэй адил юм. Ямар мэдээлэл дамжиж байгааг хянахын тулд тухайн интернэтийн үйлчилгээнд тохирсон технологиудыг сонгож ашиглах хэрэгтэй болдог. Тиймээс галт хэрэм нь хамгаалалт мөн боловч бүх зүйлээс хамгаалах бүрэн хэмжээний хамгаалалт биш юм шүү.
Өнөө үед хамгийн үнэ цэнэтэй ажил мэргэжлүүдийн тоонд мэдээллийн технологийнхон толгой цохих болоод байна. Дэлхийд лав хамгийн өндөр цалинтай ажлын тоонд энэ салбарынхан хэдийн орж, харин ч улам өсөлттэй, эрэлттэй, үнэ цэнэтэй, цалин сайтай, ирээдүйтэй ажлуудын нэг болоод байна. Бас мэдээллийн зуун, хурдтай хөгжил, бүх зүйл ухаалаг болно, компьютер, интернэт, гар утас, харилцаа холбоо гээд энэ бүгдтэй мэдээллийн технологи шууд холбоотой.
Гэтэл эдгээр зүйлүүд нь хүн төрөлхтөний түүхэнд яг одоо ид моодонд орж, бүх нийтээрээ, бүр хөгшин залуугүй гойд анхаарч сонирхож, хэрэглэж, ашиглаж байгаа болохоор аргагүй биз ээ. Анх Мэдээллийн технологи гэж ч ярьдаггүй байхад манай их дээд сургуулиудад Програм хангамжийн инженер, Техник хангамжийн инженер гэсэн хоёр төрлөөр элсэлт авч, мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн. Цаашлаад хөгжлөө дагаад Мэдээллийн системийн удирдлага, Мэдээллийн системийн менежмент гэх мэт ангиуд нэмэгдэж байсан. Одоо бол энэ чиглэлийн компаниуд ч олноор болж, ийм ажил, орон тоон дээр ажилтан авах сонирхолтой болж, сонины хуудсаар дүүрэн системийн администратор, сүлжээний инженер, вэб програмист, програм зохиогч авна гэсэн ажилд авах зар байдаг болоод байна.
Тэгвэл үл ойлгогдох гадаад нэртэй эдгээр ажлууд цаанаа юу хийдэг вэ. Ийм ажилд орсон хүн ямар үүрэг рольтой байж, юу хариуцаж гүйцэтгэдэг байх вэ. Манайд хамгийн их түгээмэл байдаг, компаниудын ч авах сонирхолтой ажил мэргэжлүүдийг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Гэхдээ манайд бол мэдээллийн технологийн ийм ийм ажил мэргэжлүүд байдаг, энэ нь ийм ажил хийж гүйцэтгэдэг, энэ нь тэрнээсээ тийм тийм ялгаатай гэж яг тогтсон стандарт байдаггүй юм байна. Тиймээс бид гадна дотны вэб сайтууд, програм хангамжийн зарим компаниудын захирлуудтай уулзаж ярилцаж байж үүнийг бэлтгэсэн билээ. Мэдээллийн технологийн чиглэлээр дөнгөж саяхан төгссөн, эсвэл бүр ирээдүйн мэргэжлээ сонгох гэж байгаа дунд сургуулиа төгсөгчдөд бидний энэ нийтлэл тун хэрэгтэй гэж найдаж байна.
ПРОГРАМИСТ БУЮУ ПРОГРАМ ЗОХИОГЧ
Компьютер бүхэн програмтай билээ. Бид бүгдийн сайн мэдэх Windows үйлдлийн систем, текст шивдэг Word програм, хүүхдүүдийн тоглодог компьютерийн тоглоом, стратегийн тоглоомууд, эсвэл бүр жижиг хөзөр гээд бүгдийг нь програм зохиогчид гар бие оролцон байж бүтээнэ. Програм зохиогчид ямар ч алдаагүй програм бичих ур чадвартай, мэдлэгтэй байх ёстой. Зүгээр эвлүүлж өрдөг хөзөр тоглоомыг бүгд мэдэх тул үүн дээр жишээ авч хэлье. Хөзрийн тоглоомыг эхлэнгүүт доор нь цаг явах, хар дүрс бүхий ноён дээр заавал улаан дүрстэй хатан өрөгдөх ёстой гэх мэт уруудан шатлаад явах ёстойг програм зохиогч л шалгаж, тухайн үйлдлүүдийг бичин кодолж, логик бүтцийг нь тооцож програмчилдаг. Энэ хөзрийн тоглоом дээр улаан дүрс дээр улаан дүрс давхарлаж болдоггүй. Үүнийг ч гэсэн тоглоом өөрөө автоматаар шалгаж үзэж, зөвшөөрөх, эсвэл зөвшөөрөхгүй үйлдлийг хийдэг.
Энэ бүгдийг програм зохиогч нухацтай тооцон үзэж, програмчлалд оруулсан юм. Програм зохиогч нь мэргэшлээрээ дотроо олон янзаар хуваагддаг. Гүйцэтгэж байгаа ажил хэлбэрээрээ хэрэглээний програм зохиогч, өгөгдлийн сангийн програм зохиогч, вэб програм зохиогч, системийн програм зохиогч, мөн дан тоглоом зохиож мэргэшсэн хүн ч бий.
· Хэрэглээний програм зохиогч – Ийм хүмүүс ойр зуурын энгийн түвшний програмуудыг зохиодог. Жишээ нь, бидний бүгдийн хэрэглэдэг хэрэглээний програмуудыг ийм хүмүүс зохионо.

· Өгөгдлийн сангийн програм зохиогч - Өгөгдлийн сантай холбоотой бүх төрлийн програм хангамжуудыг зохионо.

· Вэб програм зохиогч – Вэб суурьт програмчлалын асуудлыг шийднэ.

· Системийн програм зохиогч – Эдгээр програм зохиогчид бол хэрэглээний энгийн програмуудыг биш, арай том цар хүрээтэй, жишээ нь үйлдлийн систем болон өөр бүхэл бүтэн маш том систем дээр ажиллаж, тэднийг нэгтгэж програмчилдаг зохиогчид байдаг.

Ямар ур чадвартай байх ёстой вэ?
Мэдлэг ба ур чадвар - Хамгийн энгийн нийтлэг ур чадвар бол аль аль тал руугаа хөрвөх чадвартай буюу юуг ч хийж чадах супер програм зохиогч болох хэрэгтэй. Том жижиг гэлтгүй ямар ч програм зохиогоод сурчихсан, програмчлалын хэд хэдэн хэл мэддэг, вэб програмчлал болон вэб дизайны хэнээс ч дутахгүй мэдрэмж мэдлэгтэй болчихвол бүр сайн. Гэвч ихэнхдээ манайд програм зохиогч ба вэб програмист гэж хоёр төрлөөр мэргэшсэн байдаг. Энэ хэлж байгаа бүх мэдлэгүүдээс гадна ур чадвар гэж бий. Аливаа юманд маш богино замаар, үнэн зөв аргаар гаргалгаа хийж чаддаг, юмыг тооцон бодохдоо аль болох хялбар бөгөөд оновчтой үйлдлээр тооцож, түүнийгээ програмчлах арга хэлбэртээ оруулчихдаг байх хэрэгтэй.
Хар ухаанаар тайлбарлахад, Word програм дээр текст бичээд Save гэдэг командыг дарж уг текстээ хадгалахын тулд л цаанаа өчнөөн олон үйлдлийг хийж, өмнө нь тийм нэрээр хадгалагдсан файл байна уу, үгүй юу гэхээс эхлээд олон зүйлийг шалгаж байж энэ хадгалах команд биелэгддэг. Тэр олон үйлдэл олон шат дамжих уу, цөөн байх уу гэдэг нь програм зохиогчдын тооцоолол, сэтгэн бодох ур чадвартай холбоотой. Мэдээж ямар ч програмчлал үйлдэл цөөн бөгөөд оновчтой байж гэмээн хурдан ажиллаж, тэр хэрээрээ ашиглахад авсаар хурдан байна. Энэ ур чадвар бол яахын аргагүй програм зохиогчдын толгойн сэтгэхүй, цар хүрээтэй холбоотой. Харин тэрхүү сэтгэн бодох цар хүрээг математик, тооцон бодохын хичээлүүд задалж, хөгжүүлж, төлөвшүүлж өгдөг билээ.
Багаар ажиллах - ямар ч ажил дээр багаар хамтран ажиллах ур чадвартай байх ёстой гэж ярьдаг ч програм зохиогчдын хувьд энэ бол бүр чухал ур чадвар байдаг. Хэн ч ганцаараа програм зохионо гэж байхгүй. Ямар ч энгийн хэрэглээний програм байсан хоёр, гурвуулаа нийлж зохиох нь бий. Жишээ нь, вэб хийхэд толгойн хэсгийг нэг нь хийж, бусдыг нь нэг нь хийлээ гэж бодьё. Тэгэхэд толгойн хэсэг нь эх биетэйгээ ямар уялдаа холбоотой байх ёстой гээд л бүх зүйл дээр хамтран ярилцаж байж хийх билээ. Үл ойлголцол гэдэг зүйл огт байх ёсгүй. Наад зах нь бэлэн болох хугацаанаасаа өмнө аль нэг хэсэг нь бэлэн болж чадахгүй бол яах вэ, захиалсан хүний өмнө бол нэг нь биш хоёулаа хариуцлага хүлээнэ. Багаар ажиллах ур чадвар бол дараах бүхий л ажил мэргэжлүүд дээр адилхан байх ёстой чадварын нэг.
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР
Манайд бол програм хангамжийн инженерийг програм зохиогчоор ойлгож хүлээж авдаг. Угаасаа ихэнхдээ нэг ижил ажлыг гүйцэтгэдэг юм. Гэхдээ нэрээр нь харсан ч програм хангамжийн инженер нь хамаагүй илүү үүрэгтэй, илүү цар хүрээтэй ажил гүйцэтгэдэг. Жишээ нь, хэрэглэгчийн хүссэний дагуу тухайн програм хангамжийн системийг хөгжүүлэх, загварчлах, судлах зэргийг хийдэг. Зарим тохиолдолд програм хангамжийн инженерүүд компьютерийн програм зохиогч болон програм хангамж хөгжүүлэгчид болж хувирдаг. Бас ажилладаг газраасаа хамаараад системийн болон хэрэглээний програмын мэргэжилтэн болдог. Дахиад хэлэхэд манайд бол програм хангамжийн инженер ч бай програм зохиогч ч бай програмтай холбоотой бүхий л ажлыг хийдэг. Ер нь ч тэгж хийдэг ур чадвар сайтай мэргэжилтэн илүү үнэлэгдэх нь гарцаагүй юм. Яг одоо дэлхий нийтэд хамгийн үнэ цэнэтэй, цалин сайтай, ирээдүйтэй ажлын тоонд програм хангамжийн инженер эхний гурван байрт байнгын орсоор байна. Угаасаа ч мэдээллийн технологийн салбарт хамгийн түгээмэл мэргэжил юм.
Ямар ур чадвартай байх ёстой вэ?
Програм хангамжийн инженер болсноороо дараах зүйлүүдийг хийж чаддаг байвал илүү өндрөөр үнэлэгдэнэ. Тэгэхээр дараах зүйлүүдийг зайлшгүй мэддэг байх хэрэгтэй болж таарч байна.
· Шинэ програмын тал дээр судалгаа хийж, загвар гаргаж, бичих

· Нэгэнт бичиж, хийж дууссан програмдаа тест буюу шалгалт, сорилт хийж, алдааг олж чаддаг байх

· Хэрвээ нэгэн програмыг сайжруулан хөгжүүлэх гэж байгаа бол судалгаа шинжилгээ хийж, юу юу хийхийг тодорхойлж тогтоох

· Шинэ гарч байгаа технологуудыг байнга судалж, өөрийн болгох эрмэлзэлтэй байх

· Шалгалт, сорилт хийх төлөвлөгөө, аргыг гаргаж, техникийн онцлогуудыг тодорхойлох

· Програмчлалын хэлний мэдлэг зайлшгүй байж, түүн дээр ажилладаг байх

· Системийн хувьд дүн шинжилгээ хийж, програм хангамжийн аливаа алдаануудыг засдаг байх

· Төслийн менежер, системийн шинжээч, худалдаа маркетинг гэх мэт бусад албан тушаал дээр хөрвөж ажиллах чадвартай байх.

· Програм хангамжийн системийн хувьд хэрэглэгчдэд зөвлөгөө өгч чаддаг, асуултанд нь оновчтой хариулж чаддаг байх

Ингээд мэдээж багаар ажиллах чадвар, хувийн зохион байгуулалт гээд хэн бүхэнд байх ёстой ур чадваруудыг эзэмшихийн дээдээр эзэмшсэн байх ёстой юм. Бас нэг зүйлийг хэлэхэд програм хангамж хөгжүүлэгчийн өөр нэг нэрийг програм хангамжийн шинжээч, эсвэл програм хангамжийн инженер гэж нэрлэдэг. Тэгэхээр хөгжүүлэгч, инженер хоёр нэг их ялгаатай биш юм.
СИСТЕМ АДМИНИСТРАТОР
Энгийнээр хэлбэл Систем Администратор нь ерөнхийдөө компьютерийн системийн болон сүлжээний бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцан дааж ажилладаг хүн юм. Жишээ нь, сервер болон бусад компьютеруудын системийг суурилуулж, зохион байгуулах, өргөтгөх, системүүдийг хооронд нь нэгтгэх эсвэл шинэчлэх, сүлжээ буюу системийн гадаад дотоод аюулгүй байдлыг хангах, firewall буюу хамгаалалтын галт ханыг суурилуулж, ажиллуулдаг байх үүрэгтэй юм. Түүнчлэн програм хангамж, техник хангамжийг суулгаж, шинэчилж байдаг. Манайд бол Систем Администратор нь голлоод хамгаалалтын аюулгүй байдлыг нилээн анхаарч ажилладаг учраас одоохондоо Хамгаалалтын администратор хэмээх тусдаа ажил байдаггүй. Гэхдээ Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн авна гэсэн зар хааяа нэг үзэгддэг болсон.
Энэ нь мөн л тухайн системийн болоод мэдээллийн аюулгүй байдал, найдвартай хамгаалалтыг хариуцаж ажиллах хүн юм. Хэрэглэгч олонтой, тэднийхээ чухал хувийн мэдээллүүдийг агуулж байдаг банк, харилцаа холбооны оператор компаниуд, даатгалын газар болон төрийн бусад байгууллагууд гэх зэргийн үйлчилгээний байгууллагуудад мэдээлэл алдагдана гэдэг байж болшгүй зүйл. Тиймээс ч эдгээр байгууллагууд мэдээллийн аюулгүй байдалдаа онцгой анхаардаг. Бас системийн найдвартай ажиллагаа яригдаж байгаа учраас тэр бүх системд байгаа албан ажлын болоод, хувь хүний мэдээ мэдээлэл, нууц үг зэргийн алдагдахгүй байх баталгаа ч энэ хүнтэй холбоотой байдаг.
Ямар ур чадвартай байх ёстой вэ?
Систем Администратор нь Програм хангамжийн инженер буюу Хөгжүүлэгч биш, тэд ямар нэгэн програм шинээр бичээд, эсвэл загварчлаад байдаггүй. Гэсэн ч тэд програм хангамжийн орчин, учирч болох бэрхшээлүүдийг мэддэг байх хэрэгтэй юм. Тийм байхын тулд програмчлалын хэд хэдэн хэл мэддэг байхад илүүдэхгүй ээ. Бас үйлдлийн системүүдийн тухай мэддэг байх нь маш чухал. Дээр хэлсэнчлэн хамгийн гол зүйл бол системийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй учраас тухайн системээ аюулгүй байлгах, хамгаалалтын арга хэрэгсэл, техникүүдийг сайтар эзэмшсэн байх ёстой. Танай байгууллагын систем рүү хакерууд нэвтэрч, чухал чухал ажиллагаанд саад учруулж, системийг чинь бүр ажиллагаагүй болгох, эсвэл таны үнэт зүйл болсон хэрэглэгчдийн чинь нууц үг, өөр бусад хувийн мэдээллийг хулгайлаад байвал бизнес тань сүйрнэ гэсэн үг. маш чадварлаг Систем Администраторууд энэ бүгдээс төвөггүйхэн хамгаалах ёстой. Тэгэхээр нөгөө талаас Систем Администраторууд аль нэг байгууллагад очоод ажиллаа гэхэд тэр байгууллагынхаа компьютерийн систем, ямар ажилчин ямархуу техник хангамж буюу компьютер ашиглаж байгаа зэргийг маш хурдан хугацаанд мэдэрч ойлгох хэрэгтэй. Ихэнх Системийн Администраторууд нь компьютерийн ухаан, мэдээллийн технологи, компьютерийн инженер, мэдээллийн системийн менежмент гэсэн ерөнхий ухаанаар төгсөж, мэргэшсэн хүмүүс байдаг.
СҮЛЖЭЭНИЙ АДМИНИСТРАТОР
Сүлжээ бол байгууллага доторх бүх компьютеруудыг өөр хооронд нь холбож, мэдээ мэдээлэл, файлыг хурдан хугацаанд солилцох байдлыг хангаж өгдөг. Ингэснээрээ үр ашигтайгаар ажиллах нөхцөл болж байгаа юм. Сүлжээний Администратор нь Сүлжээний шинжээч, мэргэжилтэн, Сүлжээний инженер зэргийг хослуулан хийх үүрэгтэй, угаасаа ч манайд сүлжээг хариуцсан хүн сүлжээтэй холбоотой бүх л ажлаа хийдэг. Уг нь Сүлжээний Администратор хүн гол сервер компьютер дахь файлуудыг удирдаж, системийнхээ аюулгүй байдлыг хангах, бас сүлжээний хаягийг идэвхжүүлэх, өөрөөр хэлбэл тэр сүлжээг удирдан, зохион байгуулна гэсэн үг. Харин сүлжээний инженер, мэргэжилтнүүд нь Администраторынхаа зааврын дагуу сүлжээг зохион байгуулж, суурилуулах, боловсронгуй болгох, сүлжээний төхөөрөмжүүдийг холбох, хэрэглэгдэх програм хангамжуудыг сонгон суулгах зэрэг ажлыг хийдэг. Сүлжээ ч гэсэн нэгэн систем учраас Систем администратор хүн дотроо дахиад сүлжээгээр мэргэшсэн байх талтай байдаг. Бас дахин хэлэхэд манайд Сүлжээний администратор, сүлжээний инженерийн ажлыг ихэнхдээ нэг хүн хийх нь харагддаг. Ер нь аль ч хүн нь нөгөө ажлыг хийх мэдлэг туршлагатай байхад илүүдэхгүй билээ.
ӨГӨГДЛИЙН САНГИЙН АДМИНИСТРАТОР
Энэ нь өгөгдлийн сан буюу мэдээллийн баазыг эзэмшин хариуцаж, түүнийг бүх талаас нь удирдаж, зохион байгуулах гол үүрэгтэй хүн юм. Гэхдээ өгөгдлийн сан ямар байх дизайн буюу загвар болон логик загварчлалыг Өгөгдлийн сангийн дизайнер буюу Өгөгдлийн сангийн шинжээч гар бие гүйцэтгэдэг бол харин тэдэнд Өгөгдлийн сангийн Администратор үүрэг даалгавар өгдөг. Гэхдээ манайд бол ганц өгөгдөл мэдээллийн сан дээр ийм олон хүн биш, ганц Администратор ажиллах нь бий. Мэдээж хэрэг тухайн өгөгдөл мэдээллийн сан найдвартай хамгаалагдсан бөгөөд зөв зохион байгуулагдсан, ойлгомжтой байх нь энэ хүнээс шууд хамаарна. Програм хангамжийн инженер, Систем администраторууд Өгөгдлийн сангийн Администратораар хөрвөж ажиллах нь бий.
Ямар ур чадвартай байх ёстой вэ?

0 Сэтгэгдэлтэй: