Намрын шаргал навчис өлмийд минь сөхөрч шажигнах чимээ


Удахгүй намар. Үгүй ээ намрын эхэн сар. Нэг л өдөр шувууд буцна. Алс холыг зорих ардаа татлаа түтлээгүй аяны шувууд.Тэдэнд атаархахгүй.Зүгээр л харсаар,харцаараа үднэ. Тэднийг харахаар ийм бодол хөвөрдөг.

Хаа холын харь орноос хачин янзын бодлууд тээсээр нисэн ирээд хаа холын харь орон руу хачин их ганцаардал,гуниг тээсээр нисч оддог байхдаа гэж.Тэртээ дээр тэнгэрээс, хүнийг дээрээс нь харах ямар байдаг бол.Зовсон,жаргасан хүмүүс хаа сайгүй зөрөн алхана.Тэд дээрээс цэг шиг үзэгдэнэ. Шувууд өндөрт, дээрээс биднийг ажина. Хамгийн өндөрт нисэхдээ, тэртээ хязгааргүй уудам зайд хэрэн хэсүүчлэхдээ хүмүүсийн хэлдгээр эрх чөлөөтэй.

Намрын шаргал навчис өлмийд минь сөхөрч шажигнах чимээ.Навчсаа алдсан нүцгэн модод надад гомдох мэт бөхийнө. Тэнгэр өөд хартал сүрэг шувууд хаа нэг тийш зорин нисч байна. Зуны халуун өдрүүдтэй хүүрнэлдсэн халуун бодлууыг тээсээр тэд холдон одно. Тэднийг ирж буцахыг эндээс.... газраас.... амьдралаас харах яасан сайхан юм бэ? Та нар ахиад л ирэх хавар ирнэ. Сайхан бүхнийг далавчиндаа нуусаар эргээд ирээрэй.Хүлээж байя. Харин би бороотой, намартай эх орондоо эндээ үлдэнэ. Чамайг хүлээж байя. Тээр тэнд хамгийн урд нь нисч яваа шувуу миний гунигыг тээж яваа.....Тэгээд холын холд салхиар тарааж орчлонгийн нэгэн орон зайд гуниг минь хулждаг. Холын хол нис нис дээ.

0 Сэтгэгдэлтэй: