Компьютерээр сурч буй Оюутнуудад "Үнэхээр хэрэгтэй мэдээлэл шүү"

Танд компьютэрийн чиглэлээр сурах болсон өөрийн зорилго байгаа л байх, тухайлбал, -Програм зохиодог хүн болно, надад програм бичих таалагддаг, эсвэл,
-Програм хангамжын том компаний захирал болно, эсвэл,
-Мундаг мэргэжилтэн болно, жирийн програм бичигч байхыг хүсэхгүй гэх мэт ямар ч бодолтой бай, програм хангамжтай л холбоотой зүйл хийж амьдаръя гэж байгаа бол энэ зөвлөгөө өөрт чинь хамаатай. IT-ийн том компаний захирлууд ихэнх нь техникийн хүмүүс байдаг. Дэлхийн хамгийн баян хүн програмист гэдгийг мэднэ биз дээ, тэгэхээр компьютэрээр сурах нь баяжихад хамгийн ойр зам ч байх болох юм. Ингээд илүү үг ярихаа зогсоод өөрийн зүгээс дараах зүйлсийг зөвлөе.

1. С хэл сур
2. Англи хэл сур
3. Юм бичиж сур
4. Програм бичдэг хичээлүүдийг сонго
5. Бусад хичээлүүдээ бүү хая
6. Эрмэлзэл тэмүүлэлтэй бай


С хэл сур. Энд (сургуульд заадаг Borland эсвэл Visual) С++ ийг хэлээгүй гэдгийг ойлгоорой. С хэлийг хэрэглэх нь улам багасч байгаа ч энэ хэл бол машинд хамгийн ойрхон дээд түвшний хэл, энэ хэл дээр системийн програмчлалыг хийж ирсэн хийсээр ч байх болно. Ийм учраас энэ хэл өөрт чинь машиныг илүү ойрхоноос харах боломжыг олгоно. Ажил дээр гараад системийн програмчлал ч юмуу, төхөөрөмжийн драйвэр хийхгүй байж болно, С хэлийг ахиад ерөөсөө хэрэглэхгүй ч байж болно, гэхдээ л энэ хэлийг мэддэг байхад бусад хэлийг сурахад, бусад компьютэртэй холбоотой ойлголтуудыг тусгаж авахад хэрэг болно. (Сургуулиудад нэг санал хэлэхэд компьютерийн ангиудад эхлээд С хэлийг зааж байх хэрэгтэй байна, сурахад амархан гээд Жава, Паскал зэргийг заахаа больё.)

Англи хэл сур. Англиар ярьж бичээд TOEFL өгөөд байдаггүй юмаа гэхэд уншиж ойлгодог байх хэрэгтэй. Мэдлэг олж авах хэл чинь Англи хэл байх болно. Ирээдүйд ахиж дэвшихэд чинь ч гэсэн нэг том үзүүлэлт болно гэдгийг анхаараарай.

Юм бичиж сур. Сургуульдаа бичих ажил зөндөө хийх нь мэдээж, лэкцээ хуулах, рэфэрат бичих, курсын ажил, дипломын ажил гээд.. Эдгээр бичвэрүүдээс гадна ямар ч хамаагүй сэдвээр блог бич, өөрийн хийсэн програмдаа гарын авлага бич, функцдээ тайлбар бич, хийсэн зүйлээ, хийх гэж байгаа зүйлээ бусдад бичгээр ойлгуулж сур. Эхлээд бичихэд хэцүү байх болно, яваандаа амархан болоод ирнэ. Ажил дээр гарсан хойно чиний хир өндөрт гарах нь ямар програмчлалын хэл мэддэг, ямар програм хийсэн гэдгээс чинь илүү хир бичиж чаддаг, өөрийн хийснийг хир баримтжуулж чаддаг гэдгээс чинь хамаарна. Сайн баримтжуулсан байхад чиний хийсэн функцыг хүн болгон ашиглана, өөрийн санаагаа цэгцтэй тайлбарлаад бичсэн байхад чиний шийдлийг бүгд дэмжих болно.

Програм бичдэг хичээлүүдийг сонго. Уншдаг, ярьдаг хичээлүүдээсээ програм бичдэг хичээлүүдийг илүү ихээр сонгож судла. Гэртээ компьютертэй бол бага гэлтгүй програм бич. Сургуулийнхаа лабориторт боломжынхоо хирээр суу. Намайг сургуульд байхад манай лаборитори интэрнэтгүй байлаа, гэртээ компьютэртэй хүүхэд тун ховорхон байсан. Лаборитори хүрэлцээгүй учраас бичиж амжаагүй зүйлээ гэртээ дэвтэр дээр бичиж байгаад дараа нь лабориторит шалгах тохиолдол гарч байлаа. Дэвтэр дээрээсээ хуулж бичээд ажиллуулахад нэг ч засваргүй шууд ажиллачихаар их л маадгар байдаг сан. Яаж онц сурсан бай програм бичдэггүй байсан оюутныг бол би лав ажилд авж чадахгүй. Тийм хүнийг ажилд авбал ахиад 4-н жил үрж байж дөр суулгана гэсэн үг. Иймд цаг хож, болсон болоогүй програм бичиж л бай.

Бусад хичээлүүдээ бүү хая. Уйтгартай гээд бусад хичээлүүдээ хаяж болохгүй. Нэгдүгээрт дундаж оноонд чинь нөлөөлнө, хоёрдугаарт зарим хичээлүүд нь үнэхээр хэрэгтай. Ялангуяа эдийн засгийн онол, түүх эд нарыг боломжынхоо хирээр үзэх хэрэгтэй. Эдгээр нь өнөөдөр илт хэрэггүй мэт санагдаж уйтгартай байвч, ирээдүйд хэрэг болно. Хэрэглэгчийнхээ нөхцөл байдал, шаардлагыг сайн ойлгож байж сайн програм бичнэ, хэрэглэгчийн бизнесийн цаана яг юу болж байдгийг ойлгоход эдийн засгийн онол гэх мэт мэдлэг дэм болдог. Хэдийвээр дундаж оноо өөрийг чинь бүрэн илэрхийлж чадахгүйг мэдэх боловч хэд байна вэ гэдгийг би лав сонирхоно. Аймшигтай уйтгартай залхаалт мэт байсан ч номын санд сууж БНМАУлсын түүх билүү дээ нэг номноос реферат энэ тэр бичиж байгаад А гарч дөнгөсөн л юм даг. Одоо тэр номноос нэг ч юм санахгүй, гэхдээ дундаж оноо бол дипломон дээр байж л байгаа. :)

Эрмэлзэл тэмүүлэлтэй бай. Хамгийн чухал зүйл болох эрмэлзэл тэмүүлэлгүй бол ямар ч мэргэжилд амжилт гаргахад хэцүү. Ер нь дуртай юмаа хийдэг хүмүүс л амжилт гаргадаг гэж ярьдаг шүү дээ. Мөнгө төгрөг, алдар нэр болоод бусад зүйлсийг бодолгүй дуртай ажлаа хийгээд, түүндээ сэтгэлээ зориулаад явж байхад бусад нь дагаад ирдэг гэжээ. Заримдаа тэхдээ уйтгартай юм хийх үе ч гарна, дандаа сонирхолтой, дуртай юмаа хийж байдаг мэргэжил гэж хаа ч үгүй юм чинь. Тухайлбал хуульчидын 95% нь мэргэжилдээ дургүй зөвхөн мөнгө л авах гэж ажил хийдэг гэдэг. Харин програмчдийн харьцангуй бага хувь нь мэргэжилдээ дургүй байдаг байх, иймд чи програмчин болохыг зорьсон бол өөрийгөө азтайд тооцож болох нь. Компьютэрээр сурч буй Оюутан чамд сайн хакер болохыг ерөөгөөд бяцхан зөвлөгөөгөө дуусгая.
Миний хувьд бол яаг л хэрэгтэй мэдээлэл байлаа. Уншаад нэгийг бус нилээд хэдийг бодно биз дээ.

0 Сэтгэгдэлтэй: