Зүгээр л, эмэгтэйчүүд бид өөрсдийгөө эмзэгхэн, сулхан байх ёстой гээд ойлгочихсон учраас айдас, зовнил, сул талуудынхаа тухай ярихаас ичдэггүй байх л даа.
Эрчүүд бол огт өөр. Тэд бол эхийн сүүтэйгээ хамт л өөрсдийгөө эр зоригтой баатар байх ёстой гэсэн ойлголтыг тархиндаа шингээсэн байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгээд “нийгэм соёлын хүлээлтийг” биелүүлж чадахгүй байгаадаа зовон дотоод зохицолоо алдана, бүр өөрийгөө хүндлэхээ ч болих нь бий.
Хүүхэд байх үедээ бидний уншдаг байсан бүх ном, үздэг байсан бүх кинонд аз хийморьтой, эрэлхэг эрчүүдийн тухай өгүүлдэг байсан боловч амьдралд бол бүх зүйл хавьгүй ярвигтай хэцүү, хавьгүй сонин байдаг тул нөхрөөсөө номонд гардаг мундаг эрчүүдтэй ижил байхыг шаардана гэдэг нь багаар бодоход – хүүхэд зан. Төсөөлж байсан идеал дүрдээ хүрч чадахгүй юм байна гэдгээ ойлгосон эр хүнд ямар хэцүү байх нь ойлгомжтой. Гаднах царай зүс нь тэдний хувьд хэзээ ч нэг номерын асуудал болдоггүй, харин каръер болон дурлалын фронт дээрх ялагдал нь эмзэг хүмүүсийг амар тайван амьдрах нөхцөлгүй болгох нь элбэг.
Ихэнхи, уламжлалт үзэл суртлаар хүмүүжсэн, орчин үеийн хатуу шаардлагад тохирч нийцэж чадаагүй эрчүүд, хэдийгээр өнгөн дээрээ “ялагдалаа” тоохгүй байгаа царайлан сэтгэлийн шаналалаа бусдаас нуух авч, хэрэг дээрээ бол маш их эмзэглэн шаналдаг нь харамсалтай. Ийм хүмүүс байр сууриа олох гэж тэмцэхийг хүсдэггүй, мөрөөдлийн хүүхнийхээ төлөө эсвэл баян тансаг амьдралын төлөө өөрийгөө хүчлээд үзье гэж боддог ч үгүй, зүгээр л урсгалаар хөвөн хүндээр санаа алдаад сууж байхыг илүүд үздэг. Баатар байх ёстой эр хүн байж яахин өөрийнхөө сул талыг зөвшөөрөн сэтгэл зүйчид хандахав? Амьтан хүн юу гэх юм?
Ингээд хамгийн сул дорой сэтгэлтэй нь сэтгэлээ тайтгаруулахаар архитай найзлана, нөгөө хэсэг нь аль болох олон хүүхний зүрх сэтгэлийг эзэмдэж “хүүхний тэнгэртэй эр” гэгдэн сэтгэлээ засна. Энэ замаар явахыг хүсээгүй, эсвэл хүсээд ч чадахгүй нэг хэсэг нь зүгээр л дуу чимээгүй, ичимхий жижигхэн хүн болж хувирна. Зарим нэг нь сэтгэл хангалуун байгаа царайлах гэж байдгаараа жүжиглэнэ, эсвэл ойр дотныхоо хүмүүсийг дарамтлах замаар өөрийгөө үнэлнэ.
Бидэнд бүгдээрэнд нь сул талууд байдаг, дотны хүмүүс маань эмзэг цэгүүдийг маань хамгийн сайн мэддэг. Нэг мэдэхэд л хайртай нөхөр, хайртай эцэг маань сэтгэлийг маань дарамтлагч этгээд болоод хувирчихсан, бид өөрсдийгөө хэнд ч хэрэггүй, юу ч чадахгүй олиггүй этгээд гэдэгт бүрэн итгэчихсэн байж байх. Ийм аргаар, баатар болж чадаагүй дайчин өөрийгөө хаан мэт төсөөлж сэтгэлээ засан өөрийгөө үнэд оруулах агаад үүнийхээ төлөө хамгийн ойр дотныхоо хүмүүсийг золиослодог. Уул нь, жинхэнэдээ бол энэ, гэрийнхнийгээ тамлан зовоогч этгээд маань эмзэгхэн сэтгэлтэй хөөрхийлөлтэй амьтан л байхгүй юу. Яг л, ярдаглан уурлах мөртөө толгойг нь илэхэд гомдонгуй уйлдаг хүүхэд шиг. Эрчүүд ерөөсөө хүүхдээс ялгаагүй улс. Нөхөр маань энэ хорвоод өөрийнхөө явах зам, байр суурийг олж чадах эсэх нь эмэгтэйчүүд биднээс ихээхэн шалтгаална. Эхнэр нөхөр хоёр хоёулаа амьдралын бэрхшээлийг мөр зэрэгцэн туулж нэг нэгэндээ түшиг тулгуур болж явах ёстой. Эмэгтэйчүүд бидний хайр эд баялагаас хамаардаггүй биз дээ? Хүнлэг зан, цоглог харц, сайхан инээмсэглэлд нь л “яваад өгдөг” биш үү? Том албан тушаалд хүрч чадаагүй нь огт хамаа байдаггүй бус уу? Үүнийг нөхөртөө байнга хэлж бай! Нөхөртөө хайртай, сэтгэлийг нь шаналгахгүй, гэр бүлээ амар амгалан байлгая гэж хүсч байгаа бол үүнийг нөхөртөө сайтар ойлгуулж, үйл хөдлөлөөрөө байнга баталж бай. Үүний чинь төлөө нөхөр чинь таныг улам л хайрлан хүндлэх болно!
0 Сэтгэгдэлтэй: