Замилан хорвоо /Төгсгөл/



Чаминсайхан ажилдаа гүйсээр нэг л мэдэхэд аль хэдийн гурван жилийг ардаа үджээ. Анх ажилд ороод юугаа ч мэдэхгүй байсан хүн өнөөдөр хэнээс ч дутуугүй үүрэгт ажилаа сайн хийж бүр компанийхаа шилдэг ажилтан хүртэл болоод авав.

Нэгэн өдөр ажилаа хийж байтал тэдний эмнэлэгт нэгэн эмгэн ирж хэвтэв. Эмгэн Чаминсайханы тасагт хэвтэж таарлаа. Нэг өдөр өрөөг нь цэвэрлэхээр ортол эмгэн цайгаа аягалах гээд чадахгүй гар нь салгалан байгаа харагдахад очин цайг нь аягалан бариулах гэтэл бас л гар нь салгалаад байсан тул халбагаар хөргөн аманд нь хийж өгөв. Эмгэн ч талархасанаа илэрхийлэн цайгаа уун суутал гаднаас Ганбат захирал нь ороод ирэв. Ганбат Чаминсайханы үйлдэлийг харан ихэд сайшаагаад өвчтөн дээр очин

За та минь хэр хонов салгалаад байна уу?

Жаахан нойр муутай хонолоо тэгсэн чинь бүр ихээр салгалаад болдоггүй

Тэгнэ ш дээ тэгээд намайг дуудчихгүй та нээрээ гүргэр хүн шүү

Харин сайхан цай ууя уу гэж байтал энэ охин орж ирээд туслаад ээж нь ярьж амжсангүй. Чаминсайхан             ЭЭЖ нь хэмээх энэ үгийг дуулаад хачин ихээр балмагдан сандарч орхив. Гэтэл Ганбат энэ байдлыг ажиглан мэдээд

Чаминсайхан минь баярлалаа. Миний ээж минь юм шүү дээ. Цаадуулдаа битгий хэлээрэй

За...а захиралаа хэмээн ээрч мунгинан хэлэхэд Ганбат хариу инээмсэглээд за гарч ажилаа хий дээ

Чаминсайханыг гарах агшинд ард нь захиралынх нь: Манай эмнэлэгт анх байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа сайн ажилтан. Илүү дутуу үг яриагүй өөрөө өөрийгөө л болгоод яваад байдаг охин доо. Цэдэн багшийн хуурай охин гэсэн. Энэ эмнэлэгийг байгуулахад Цэдэн багш их тус болсоныг та мэдэж байгаа даа. Тэгээд л эмнэлэг бүтлээ гэхийг дуулаад шууд л надад энэ охиныг ажилд ав гээд тулгачихсан хүн дээ хэмээгээд инээхэд ээж нь

Цэдэн багш чинь мундаг хүн дээ. Тэр хүн энэ охин хоёр яаж яваад аав охин хоёр болсон юм бол доо зайлуул. Хэн хэн нь дутуугаа дүүргэж л явдаг байх даа хөөрхий минь. Нөгөө хүү нь чимээгүй л байна уу?

Ээж минь би тэрийг яаж мэдэхэв дээ. Чимээгүй байгаа бололтой. Хэрэггүй юмыг сонирхоод хэрэггүй тархиндаа хэрэгтэй гэсэн зүйлсээ л оруулж бай. Тэгэхгүй хаа хамаагүй юм чихээд ямар наад тархи чинь хогийн сав юмуу гэж багш бидэнд байнга хэлдэг байсан. Тэгэхээр би тархиа хогоор биш номоор дүүргэх л гэж явдаг хүн дээ

Нээрээ тийм дээ. За ээж нь аяга сайхан цай уучихсан чинь жаахан хэвтмээр болж байна

Тэгдээ ээжээ эмчилгээ эхлэхээс өмнө жаахан ч гэсэн амраад ав даа. Би үзлэг хийгээд эмчиилгээг чинь биччихсэн болохоор одоо удахгүй сувилагч орж ирнэ. Би ч ажилдаа гаръя

Цэвэг өдөр шөнийг ялгахаа болив. Арайхийж нэг ухаан орохоороо хамгийн түрүүнд тархинд нь архи хэрхэн олж уух талаар л орж ирнэ. Бат охиныг нь явсанаас хойш дагуулж ирсэн хүүхэнтэйгээ салахаа байсан тул одоо түүнийг гэх хүн  нэгээхэн ч байхгүй болов. Сайханаатай тааралдаад ядаж нэг шил архины мөнгө салгаж амжилгүй явуулсандаа өнөөдрийг хүртэл харуусан бодно. Цэвэг хэдий ингэж архинд гүн нэвчсэн ч яаж ийж байгаад л траншейндаа ирж хонодог билээ. Аагим зуны халуунд ч хөхөө өвлийн хүйтэнд ч багахаан уусан ч ахиухан уусан ч ямарчиг л байсан л өөрийнхөө гэр хэмээх траншейнлуу хөл нь түүнийг хөтлөөд явна. Түүний хувьд амьдрал нь зөвхөн архин дээр тогтож байв. Хаяа нэг уугаагүй үедээ охиноо хаа яваа бол хэмээн бодохоос үл хэтэрнэ. Тэрээр нэг өдөр мөн л сурсанаараа эхний үеэ бодвол танилын хүрээ нь ч тэлсэн тул ямар ч байсан нэгэн дээр нь очиход байхгүй ч нөгөө дээр нь ядаж л дотрыг нь засч хорхойг нь дарах балга юм байж байдаг тул ийнхүү хэсч яваад өөрөөсөө эгчмэд нэгэн эмэгтэйтэй танилцав. Сүрэн гэх тэр эмэгтэй архи уугад байхгүй ч учир нь үл мэдэгдэх шалтгааны улмаас мөн л траншейнаар гэр хийх эмэгтэй аж. Олон яриагүй тэр эгчмэд бүсгүйтэй нэг л мэдэхэд Цэвэг ойртон найзлах болов. Эмэгтэй хүнтэй ингэж ойртоогүй удсан тэрээр Сүрэнгийн халамжийг анзаарсангүй. Тэгэвч Сүрэн түүнийг цөхрөлтгүй халамжилсаар бүр амьдардаг траншейнд нь даган ирж нэг гэрт орох болов. Сүрэн архи уухыг нь хэзээ ч хорьдоггүй бөгөөд харин хэзээ ч мөн түүнд архи авч өгдөггүй аж.

Чи миний эхнэр л юм бол надад нэг шил архи аваад өг чамд мөнгө байгаа биз дээ хэмээн агсамнахад Сүрэн юу ч дуугаралгүй гарч явсанаа түүнд архи биш бэлэн гоймон авчиран өгөв

Би чамайг архи гэсэн болохоос хоол гэсэн юмуу, чи намайг ямар байгааг мэдэхгүйдээ ингэж байна уу?

Би чамд архи авч өгч чадахгүй ээ. Дуртай юм бол өөрөө олоод уу. Харин архинаас өөр юу л хүснэ би яаж ийж байгаад бүгдийг нь олж өгч чадна

Үнэхээр тиймүү. Тэгвэл яг одоо надад юу хэрэгтэй байна гээч. Миний дотор гэж авах юм алга. Архи бол миний амьдрал мэдээ

Цэвэгээ чи тийм муу хүн биш шүү дээ. Чи эд нарыг бодвол чадалтай хүн. Би чамд итгэж байна. Ганцхан архи л чамайг ингээд байгааг ойлго л доо. Хоёулаа хүчээ нийлүүлж байгаад энэ газар доорхи амьдралаас гаръя л даа тэгэх үү

Хэ цэс тэр газар дээрхи амьдралыг чинь би мэднэ. Амьдарч ч үзсэн гэвч хүүхнүүд та нар бүгд л адилхан өнгө мөнгө хараад л явдаг биз дээ үгүй гээч чи

Хүн бүхэн адилхан бишээ. Чи нэг л өдөр энэ харанхуй амьдралыг анзаарах болно би чамд итгэж байна

Сүрэнгийн сүүлийн үг түүний тэртээ алсад нуугдсан бөхөж буй гэрэлийг асаах шиг болоход юу ч хэлсэнгүй буруу харан бодолд дарагдан хэвтлээ. Сүрэн түүний энэ байдлыг хараад инээмсэглэн нүхнээсээ гаран сайхан гурилтай шөл хийж өгөхөөр хамаг мөнгөө шавхан жаахан мах гурил хоёр аваад иртэл Цэвэг харин байсангүй тул урамгүйхэн авсан зүйлсээ тавиад мэгшин хамаг цөхрөлөө гаргая гэх шиг уйлж гарав.

Цэвэг Сүрэнг траншейнаас гараад явахад горьдлого тээн эргэж харан саяхан л бодож байсан бүхэн нь ор мөргүй арилах шиг болоод яагаад ч юм түүнд нэг шил архитай заавал ирнэ гэсэн гүн бат итгэл дотор нь хурган түүнийг гижигдэх авай. Тэгтэл ч дээрээс нь танил дуу ААВАА та байна уу хэмээхүйд цочин дөхөж очвол охин нь байх нь тэр. Цэвэг бушуухан дээш гараад охиноо тас тэврэн амьд мэнд сайн байгааг нь хараад баярласандаа уйлж гарав.

Ааваа та сайн биз дээ охин нь таньд хоол авч өгье. Цэвэг хариу дуугарах ч тэнхэлгүй зогсоо зайгүй урсах нулимасаа арчин охиныхоо толгойг илбэн даган явав. Чаминсайхан аавдаа нэг сайхан хоол авч өгмөөр санагдан ресторанд оруулж үзүүлмээр болоход аавтайгаа хамт өөрөө ч орж үзээгүй томоохон ресторанд ирвэл тэр хоёрыг үүдээрээ ч оруулсангүй. Иймэрхүү байдалтай явсаар хаалгаа нээгээд оруулах газар олдоогүй тул хоёул жижиг цайны газар орон суулаа. Тэнд байсан хэдхэн хүн сэжиглэнгүй харан хамар амаа таглахад үйлчлэгч охин гүйж ирээд

Та хоёр эндээс хурдан гарахгүй бол цагдаа дуудлаа шүү

Яагаад тэр билээ. Бид хоёр мөнгөө өгөөд хоол иднэ ш дээ

Та хоёрт үйлчлэхгүй ээ одоохон гар

Охин минь аавыгаа уучлаарай. Аавыг нь хаана ч оруулахгүй юм байна. Чаминсайхан саях хүмүүсийг харан гайхаад аавыгаа нэг сайхан хоол идүүлчих юмсан гэсэн хүсэл нь талаар болж буйд урамгүйхэн байтал нүднийх нь буланд халуун ус гэж харагдах нь тэр. Чаминсайхан аавыгаа хөтлөн тэр газар орж гуйж гуйж арайхийн нэг усанд оруулахыг зөвшөөрүүлж чадав.

Усанд ороод гараад ирсэн аавыгаа хараад Чаминсайхан туйлгүй ихээр баярлан очин хөлөөр нь тэврээд

Таны ийм царайг хараагүй ямар их удсан юм бэ. Та минь энэ дэлхийн хамгийн сайхан аав юмаа

Би толинд харж болох уу. Чаминсайхан цүнхээ уудлан жижиг толио гаргаж түүнд өгөв. Цэвэг ингэж толинд хараагүй хичнээн удсанаа бодоод олсонгүй. Хамгийн сүүлд харж байхад нүүр нь цайвар махлаг нүд нь хүчтэй залуу байсансан. Гэтэл одоо түүний өмнөөс үрчгэр хар өвгөн харж байх нь тэр.

Ааваа яасан бэ?

Зүгээрээ би ингэж их өөрчлөгдсөн гэж үү?

Чаминсайхан хариу хэлсэнгүй хоёул тэндээсээ гаран шууд зах гаран аавыгаа бүрэн хувцаслаж өгөв. Усанд ороод хувцасаа солиод өмссөн түүнийг энэ удаа ямар ч гуанз сэжиглэн хөөсөнгүй. Гэдэсээ гартал идээд үлдсэнийг нь уутанд хийхийг хараад Чаминсайхан

Ааваа би таньд дахиад хоол аваад өгөх үү?

Чамд мөнгө байвал....аав нь ч зөндөө их юм авхууллаа. Тэнд бас нэг хүнд өгөх гээд...

Хэнд арай Бат ахад биш биз дээ?

Үгүй дээ, тэр Бат чинь эхнэртэй болоод аавыг нь ч бараг тоохоо байсан гээд яг л ээждээ эрхэлж байгаа нялх хүүхэд мэт дуугарахад

Тэгээд хэмээн Чаминсайхан гайхан харвал

Аав нь нэг хүнтэй болсоон. Тэрэндээ л

Өө юун сайн юм бэ. Тэгэлгүй яахав. Арай тэр эгч бас архи уудаг юм биш биз дээ

Уудаггүй уудаггүй. Бүр намайг архи аваад өг гэхээр авч өгөхгүй оронд нь гоймон ч юмуу аваад ирдэг хүн

Ашгүй юун сайн юм бэ. Тэгвэл би тэр эгчтэй уулзаж таныг сайн харж яваарай гэж захинаа

Би яахавээ ингэхэд чи хаагуур юу хийгээд байнаа. Бас яасан их мөнгөтэй болчихов арай...

Аав минь би явж явж их сайн өвөөтэй учирсан. Ярьвал их урт түүх. Тэр өвөө намайг ажилд оруулж мөн гэртээ амьдруулж байгаа

Тиймүү за ашгүй дээ. Гэхдээ бодолтой байгаарай чамайг элдэв зүйлд уруу татах вий

Зүгээрээ ааваа та яасан хүнд итгэдэггүй юм бэ

Ээжээс нь чинь хойш би хүнд итгэхэд хэцүү болсон доо

Би нээрээ ээжтэй тааралдсан хэмээн Чаминсайхан гэнэт хэлэхэд Цэвэг хоолойгоо нэгэнтээ засаад юу ч дуугаралгүй өмнөх цайнаасаа уувал Чаминсайхан үргэлжлүүлэн тэр өдөр та ч ээжтэй тааралдсан. Машиндаа суух гэж байхад нь очиж уулзсан биз дээ

Юу хэзээ билээ. Аан саналаа саналаа тэгэхэд чи бас байсан юмуу?

Би санаандгүй тааралдаад зугатчихсан. Тэгээд нууцаар харж байгаад та хоёрыг харсан

Аав нь согтуу байсан болохоор яг нарийн сайн санахгүй байна

Тэгэхэд та тэр ахад түлхүүлж уначихаад газраас хүний идэж байсан тал боорцогийг аваад идэж байхыг хараад би таныг их өрөвдөж бушуухан ажил хийж таньд хоол авч өгнө гэж өөртөө хэлсэн юм

Тэгээд л өнөөдөр ингэж байгаа юмуу. Аавыгаа мартаагүй сайн охин юмаа миний охин

Та миний аав шүү дээ. Би таныг ч мартаагүй, ээжийг ч үзэн ядаагүй. Энэ бүхнийг надад Цэдэн өвөө хэлж ярьж зааж өгсөн юм. Ааваа охин нь таниас нэг л зүйлийг гуйя тэгэх үү

За

Та одоо ингээд л битгий архи уу тэгэх үү. Тийм сайн эгч байгаа юм бол битгий зовоо хажуудаа хамт байгаад жаахаан л хүлээчих. Охин нь таньд гэр авч өгөх гээд цалингаа хурааж байгаа. Одоо жаахаан л тэсчихвэл охин нь та хоёрт гэр аваад өгье та архи уухын оронд ажил хий тэгэх үү

Цэвэг үүнийг сонсоод юу .....Чаминсайханы түүний өөдөөс харах харцыг хараад цааш хэлж чадсангүй гарахаар босов.

Сүрэн Цэвэгийг ирэхгүй удаад байгаад нөгөө л архи уухгүй ухаарсан гэсэн бодол нь арчигдан арчигдсаар хариугүй тасрахын даваан дээр тэс өмнөө Цэвэг хүрээд ирэх нь тэр. Сүрэн түүнийг хараад амаа ангайн асуусан харцаар ширтвэл Цэвэг тороо уудлан түүнд авсан хоолоо өгөөд унтахаар хэвтлээ. Үнэндээ тэрээр унтсангүй. Өглөө Сүрэнгийн хэлсэн үг, өдөр охиных нь хэлсэн үгс бодогдон тэр мөртөө өөртэйгээ архитайгаа тэмцэхээр хатуу шийдлээ. Энэ шийдвэрт хүрэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл нь усанд орж хувцасаа солихоос өмнө хүмүүсийн харьцаж байсан харьцаа хэдхэн цагийн дараах хүмүүсийн харьцаж байгаа харьцаа хоёр аж. Нээрээ хангалттай л гуйлгачин амьдралаар амьдарлаа. Одоо больж үзье.

Маргааш нь эртлэн босоод иртэл Бат түүнийг хараад

Хөөх чи чинь банк ухчихаа юу төрөл арилжчихсан байх чинь

Охин авч өгөөд

Хэн билээ Чамиа билүү их мөнгөтэй болчихож тэ баян хүнтэй суугаа юу...ха ха ха. За төрөл арилжсанаа тэмдэглэж ганц юм босгоно биз дээ

Юу гэнээ чи миний охиныг хэн гэж бодоод ингэж ярьж байна чи. Битгий горьд би одоо дахиж архи уухгүй удахгүй энэ гэрээс чинь нүүчих болохоор санаа бүү зов. Сүрэн түүний энэ үгийг дуулаад чихэндээ итгэж ядан сая юу гэчихэвээ үнэн үү хэмээн талархасан харцаар түүнийг шагнан Батыг зад загнан хажуунаас нь холдуулав. Тэр хоёр гаран хаачихаа мэдэхгүй хэсэг азнасанаа Цэвэг гэнэт

Хоёулааа манай хуучин амьдарч байсан хороон дээр очиж уулзая. Тэндээс нэг гэр ч болов гуйгаад үздэг юмуу. Хоёул их л урам зоригтой хороон дээр очсон ч санасанаар болсонгүй. Хоёул аргаа баран юу ч дуугаралгүй дэмий алхан байтал гудамных нь үзүүрт их том хашаа харагдав. Энэ хэзээдээ ийм юм барьчихдаг байнаа. Муусайн баячууд хамаг газарыг аваад мань мэтийн гуйлгачид амьдралаа өөрчилье гэхээр бөөн ярвиг байх юм. Сүрэн өнөөх хэлсэн хашааны хажуугаар гартал үүдэн дээрээ << Та гэртээ тавтай морил >> хэмээн бичсэн харагдав. Тэртээ тэргүй өлсөж байсан хоёрт өнөөх баячуудын гэгдэх хашаа буяны байгууллага байгаа нь нэгэнт ойлгомжтой тул хоёул аяга хоол ч болов идэхээр яван орлоо. Тэднийг үүдээр ортол сайхан ааштай охин өмнөөс нь хүндэтгэн хүрч ирээд

Сайн байцгаана уу. Гэртээ тавтай морил. Энэ хоолны газар эхлээд ороод хоолоо идчих гэх нь тэр. Тэднийг хоол идэхээр яваад ортол заал дүүрэн хүүхэд, хөгшид, бүр үеийнх нь хүмүүс хүртэл сууж байгаа харагдахад өнөөдөр ямар нэгэн баяр юм байхдаа азтай байна шүү хэмээцгээн хоосон ширээнд суутал хоол ирж эхлэв. Цэвэг учирыг үл ойлгон хажуугийн хүнээсээ

Энэ ямар нэртэй буяны байгууллага вэ? өнөөдөр ямар нэгэн баяр болж байгаа юмуу

Энэ бол “ Шинэ – Өглөө сан “ гэдэг буяны байгууллага даа. Баяр бишээ үргэлж л ийм байдаг

Хөөх тиймүү тэгээд та нар өдөр болгон ирж хоол иддэг хэрэг үү?

Яалаа гэж би нар энд амьдардаг

Юу энэ хүмүүс бүгдээрээ юу яаж багтдаг байнаа

Энэ байшин харахад жижигхэн ч дотороо бид бүгдийг багтаачихдаг юм даа. Харин өндөр ээж хүмүүс багтахгүй болж байна өөр байшин барьдаг юмуу гэж байсан

Өндөр ээж гэж хэн юм бэ?

Энэ санг хариуцдаг хүнийг бид өндөр ээж гэж авгайлдаг юмаа

Аан за бид хоёрыг авах болов уу?

Авалгүй яахав уулзаад үз хоолны дараа би хэлээд өгье

Ингээд Цэвэг, Сүрэн хоёр явж явж гэртээ болтол траншейнд биш асрамжийн газар амьдрах болов.

Чаминсайхан аавдаа гэр авч өгөх мөнгөө хураасаар сая нэг бэлэн болов. Нэг орой хооллож суугаад Цэдэнд хандан

Цэдэн ахаа би мөнгөө хураасаар байгаад аавдаа нэг гэр авч өгөх мөнгөтэй болчихсон

Өө тиймүү юун сайн юм бэ? Тэгээд ч аав чинь архи уухаа больсон гээ биз дээ

Харин тийм. Аав нөгөө эгчтэйгээ хоёул асрамжийн газар байх болсон

Аштай юу даа. Тэгээд чи аавдаа гэр аваад өгчихөөр намайг орхиод явах уу

Чаминсайхан шууд хариулж чадсангүй хэсэг түгдчиж байсанаа

Үгүй дээ та миний бас нэг аав шүү дээ. Намайг хүнд нөхцөлөөс аварч ийм сайхан амьдралтай золгуулсан хүнээ би яалаа гэж шууд орхих билээ

За ашгүй дээ. Харин гэрээ яажшуухан авдаг юм билээ

Би харин маргааш аав ээжийг дагуулж яваад нөгөө зарлаад байсан худалдаан дээр очиж үздэг юм билүү

Тэгдээ маргааш амрах юм чинь тэр нь дээр. Чаминсайхан баяртайгаар аавынхаа байрлах асрамжийн газар очин аав Сүрэн эгч хоёрыгоо дагуулан гурвуул гэр авахаар баяртайгаар сугадалцан алхав. Тэднийг үзэсгэлэн сонирхож явтал Чаминсайханыг нэг жаахан охин гараас нь зулгаан өөдөөс нь хараад инээхэд Чаминсайхан ч өхөөрдөн гарыг нь мөн атгах тэр мөчид гэнэт ээж нь хүрч ирэн өнөөх жаахан охиныг өргөн нүүр нь улалзан бушуухан холдлоо. Сайханааг Чаминсайхан ч Цэвэг ч энэ удаа өрөвдөнгүй ажив. Түүний галтай нүдний цог унасан харагдана. Гэтэл нэг өндөр баньд тэр хоёр дээр ирээд ээжээ дүүг надад өгчих гэсээр тэврэн гурвуул цааш явлаа.

Цэвэг Чаминсайхан хоёр өөд өөдөөсөө харан инээмсэглээд мөн л гэрээ сонирхон явсаар нэг гэр бүгдийнх нь санаанд нийцсэн тул авахаар болоход тэр гуравын нүүр хосгүй жаргалаар бялхан гэрэлтэнэ.
 
Чаминсайхан хэдий Цэдэнг асарч хамт байдаг ч яагаад ч юм ааваас нь харамлах сэтгэл өөрийн эрхгүй төрөхөд Цэдэн өөрийгөө буруутган хувь заяандаа гомдолон сууна. Тэрээр дахин хүүгийнхээ сурагийг гаргахаар оролдсон ч нэг л бүтэмж муутай байв. Цагаан сар болох гээд хоёул Цэдэн дээр хүн их ирдэг болохоор хамжилцан бууз баншаа оройд бага багаар чимхэн хөлдөөсөөр овоо хэдийг хийгээдхэв. Битүүний орой Чаминсайхан хамт битүүлчихээд хэлж чадахгүй ч гэгэлзээд байгаа нь ил байсан тул Цэдэн түүнийг аав дээрээ очиж битүүлчихээд маргааш золголтоо хийчихээд ирдээ хэмээгээд явуулав. Дүүгийнх нь охин түүнд туслахаар үлдэн бусад нь маргааш гэртээ золголтоо хийчихээд ирье гэцгээн гарсаны дараа зурагт харан сууж байтал гэнэт хонхыг нь хүчтэй угзруулан дарах нь тэр. Охин гүйж очин хэн бэ? хэмээн хаалга тайлсанаа таг болчихов.

Цэдэн ахаа энэ нэг ах таныг асуугаад байна. Хэн бэ гэсээр яван очвол доошоо бөхийн сөхрөөд суусан залууг хүүгээ мөнийг харанхуй ч гэсэн таньсан тэрээр мөн л сөхрөн суун тусах нь тэрээ.

Ааваа намайг уучлаарай...би эхнэр хүүхдүүдээ аваад тань дээрээ бүр ирлээ...

Тэнэг хүүгээ уучлаарай миний БУРХАН ААВАА...

0 Сэтгэгдэлтэй: