ГАНЦААРДЛЫН ГЯНДАНГААС ГАРЧ ЯВААД БАРИГДСАН ӨӨДГҮЙ ОРГОДОЛ ЮМ ГЭЖ ҮҮ?... /ӨГҮҮЛЛЭГ/

-Яасан их ядарч байна аа,чи минь үүрээд явдагсан..Ай,чи минь хол байхад хэрхэн нөмөр болдог нуруунд чинь үүрүүлэн явах вэ дээ..
Нүд минь анилдан,бүх бие минь сульдаж байна...Хөлнөөс минь авхуулаад хүйт даан, би амьсгалж чадахгүй нь...

-Юу вэ,тэр чи мөн үү? Гэрэл цацруулан зүлгэн дунд даллан инээмгэлэх чи минь мөн үү? Эцсийн эцэст,энэ их аймшигтай цаг хугацааны дараа чамтайгаа уулзах нь..
Ингэж бодоод инээд алдан,энэ бүхэн болж байгаад итгэж ядан хар хурдаараа өндөр ургасан өвсөн дундуур гүйлээ.Инээмсгэлэн зогсох хайртынхаа булбарай гаранд хүрэх яг тэрхэн агшинд ямар нэгэн хүчтэй зүйл цээжийг нь дэлсээд авах шиг болоход эмнэлгийн орон дээр хүчтэй унав.Зүрх нь хүчтэй цохилж биеэр нь цус зурсхийн гүйхийг мэдэрлээ,агшсан чигтээ зогссон уушиг нь агаараар дүүрэн тэлж,хайртыгаа ганцхан хормын өмнө харж байсан нүд нь юуг ч үл харах боловч түүнийхээ гарнаас атгаж чадаагүйдээ багтрах шахаж байгаа учир шанааг нь даган бүлээн нулимс аадар борооны дусал цантсан цонхыг гэтлэн бөмбөрөх адил хөрж цайсан арьсыг нь дулаацуулан урслаа..

-Хүсэх тусам хясдаг хорвоо чи ямар хатуу юм бэ? Ингэж их зовсны эцэст ч жаргах эрхгүй би тийм муу хүн юм гэж үү,миний амийг аваад амьдралыг хүссэн өөр хэн нэгэнд өгсөн бол хичнээн хүн жаргах байсныг мэдээгүй дүр эсгэх хэрэггүй ээ,бурхан минь.Олон жил ганцаардал гэх хатуу гянданд цоожлогдчихоод одоо л чөлөөлөгдөж гэж бодсон минь буруу байсан хэрэг үү? Би ердөө л ганцаардлын гяндангаас гарж яваад баригдсан өөдгүй оргодол юм гэж үү? Үүрдийн харанхуй нөмөрсөн аймшигтай амьдралыг би дахин хармааргүй байна,тэнд баймааргүй байна..
Үүнээс цааш түүнд бодох боломж олдсонгүй,эмч нар тайвшруулах тариа хийн унтуулжээ.

...Хэн нэгэн гарыг нь зөөлхөн үнсэх нь мэдрэгдэнэ,мөн ямар нэгэн бүлээн зүйл гарыг нь даган бөнжигнөн урсна..
Нүдээ нээлээ,орны доохни талд хэн нэгэн гарнаас нь атган бөгтийсөн байлаа.Гараа эмээсэн байдалтай зөөлөн хөдөлгөхөд нь тэрхүү "Хэн нэгэн" өндийгөөд нүдэндээ итгэхгүй байгаа байдалтай хэсэг зогтусах нь ажиглагдлаа.Түүний нүдэнд асар их хайр,харуусал харагдах аж.
-Ганцааранг чинь үлдээсэн тэнэг намайгаа өршөө хэмээн зангирсан хоолойгоо шахан байж нулимс дуслуулан хэлсэн хайртынх нь үг эмнэлгийн орон дээр хэвтэх бүсгүйн сэтгэлийг эрхгүй сэмэлж орхив.
Бүсгүйн нүдийг нулимс нэгэнтээ бүрхснээ хаа нэг тийшээ яарах мэт булбарай хацрыг нь зүсэн зүсэн гашуунаар урслаа...
Харин энэ нулимс ганцаардлынх биш,хязгааргүй их аз жаргалын нулимс байсан юм.
Яг энэхэн агшинд цонхоор орж ирэх зөөлөн салхи чи чөлөөлөгдлөө хэмээн чихэнд нь шивнэлээ...

0 Сэтгэгдэлтэй: